Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд Улаанбаатар хот орчимд 1,139 удаагийн ГАЗАР ХӨДЛӨЛТ болжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд Монгол орны нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхижилт эрс нэмэгдэн, давтамж ойртож байгаа нь ялангуяа хүн амын төвлөрөл их Улаанбаатар хотын хувьд томоохон эрсдэлийг дагуулж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

2016 оны эхний найман сарын байдлаар Улаанбаатар хот орчимд нийтдээ 1,139 удаагийн газар хөдлөлт болжээ. Энэ нь идэвхижилт хамгийн их ажиглагдсан 2013 онтой харьцуулахад хоёр дахин бага боловч 2015 онд болсон нийт газар хөдлөлтөөс өссөн нь Улаанбатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байгаа юм.

1957-2011 оны хооронд зөвхөн Улаанбаатар хотод 3.5-5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт 13 удаа мэдрэгдсэн байна.

2011 онд Засгийн газрын 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөлийг” байгуулсан.

Тус зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд ахалдаг. Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнтэй анхны хуралдаан маргааш /2016.09.16/ 10:00 цагаас Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болох гэж байна.

Хурлаар Монгол орны 2016 оны газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаарх танилцуулга, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх 2016 оны төлөвлөгөөний биелэлтийн явц, цаашид анхаарах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.