Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхгэрэл: Гадаадад сурч буй оюутнуудыг мэдээллийн нэгдсэн сантай болгоё

Р.Оюун
2016 оны 9 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын оюутан, залуучуудын хорооны дарга, Монгол Тайваний бизнес эрхлэгчдийн хөгжлийн сангийн үусгэн байгуулагч Б.Энхгэрэлтэй ярилцлаа.

-Оюутан , залуучуудын зөвлөл юу хийдэг байгууллага вэ. Байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Хилийн чанад дахь ТББ-ууд нэгдсэн зөвлөл үүсгэн байгуулагдсанаас эхлэн үндсэн дөрвөн салбар хороодтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Оюутан, залуучуудын хороо бөгөөд дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй монгол оюутныг төлөөлсөн оюутны холбоодтой харилцаа холбоотой ажиллах тэдний дуу хоолойг төрд хүргэх зорилготой.

Манайд хилийн чанадад суралцаж буй оюутан залуусын нэгдсэн мэдээлэл судалгаа байдаггүй. Тиймээс оюутан залуусын холбоо байгууллагаар дамжуулж тэдний мэдээллийн санг үүсгэн түүнийгээ төр, засаг, нийгэмд хүргэх боломжтой юм.

Оюутнуудын холбоод үндсэн нэг зарчим зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бол олон талын ач холбогдолтой. Элчин сайдын яам, консул, төлөөлөгчийн газруудтай нягт холбоотой ажиллана.

Оюутны холбоогоор дамжуулаад тухайн оронд суралцаж байгаа иргэд болон оюутнуудын нэгдсэн мэдээллийг үүсгээд түүнийгээ Гадаад харилцааны яаман дээр төвлөрүүлдэг байя гэсэн санааг гаргаж байгаа.

-Мэдээллийн нэгдсэн сантай болсноор ямар ач холбогдолтой юм бэ?

-Мэдээллийн нэгдсэн нь олон талын ач холбогдолтой. Жишээлбэл нарийн мэргэжлээр суралцаж буй хүмүүсээ мэдэж авна. Монголд шаардлагатай ямар мэргэжил байна. Ийм мэргэжлээр суралцсан ирээд ажлын байр нь байна уу гэсэн харилцаа холбоо сайжирна. Төр засгийн бодлого төлөвлөгөөтэй уялдуулах олон боломж нээгдэнэ.

Мөн мэдээллийн сангаас гадна соёлын элч оюутантай болох талаар тусгаж байна. Бид оюутнуудаараа дамжуулан соёл уламжлалаа бага төсөв, бага зардлаар сурталчлан таниулах боломжтой.

Оюутан бүр Монгол-соёлын элч бөгөөд Монгол Улсыг тэднээр төсөөлж байдаг. Бид гаднынханд хэр сайн ойлголт өгнө төдий хэмжээний жуулчдыг бэлдэж байна гэсэн үг юм.

-Гадаадын хэдэн оронд монгол оюутнууд сурч байна вэ. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Нэгдсэн судалгаа одоогоор байхгүй. Ерөнхий мэдээллээр бол Хятад, ОХУ, БНСУ, Япон, АНУ-д харьцангуй олон оюутан суралцаж байна. Бидэнд байгаа мэдээллээр Хятадад 9900, ОХУ-д 5500, Японд 2500, БНСУ-д 3500, Тайваньд 1200 гаруй оюутан суралцаж байна.

Зах зээлд шилжсэнээс хойш хүмүүс чөлөөтэй явдаг болсон хэдий ч ихэнх тохиолдолд янз бүрийн зуучлалын байгууллага их ханддаг. Хүмүүс мэдээлэл муутайгаас болж өндөр үнэ төлж гадны сургуульд очих,,ямар нэгэн байдлаар хохирох тохиолдол их байдаг.

Оюутан, залуучуудын хороо нь мэдээллийг төвлөрүүлж чадвал бүгдэд нь хүртээмжтэй сайн мэдээллийг хүргэх боломжтой. Бүх улс оронд суралцаж байгаа оюутанд ямар нэг асуудал тохиолдоход иргэний шугамаар төлөөлөгч, консул, Элчин сайдын яаманд хандаж арга хэмжээ авдаг.

-Оюутнууд эх орондоо хөрөнгө оруулалт хийх боломж хэр байдаг юм бол?

-Гадаадад дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэгдэж байна. Тодорхой хэмжээгээр өндөр хөгжилтэй оронд бие даан суралцаж, ажилласан хүн Монголдоо ирэхэд олон янзын чадвар суусан байдаг.

Наад зах нь 1-2 гадаад хэлний мэдлэгтэй болдог. Оюутан тухайн суралцаж буй газраа олон жил амьдарсан учраас тэр улсынхаа хэлээр ярьж, орчноо мэдэж тэндээс Монголд юу хэрэгтэй байгааг хамгийн сайн мэдэх боломжтой байдаг.

Тиймээс хоёр улсын дунд хөрөнгө оруулалт татах бизнес хийх боломж илүү өндөр болдог. Ирээдүйд орон оронд суралцаж буй оюутнууд жилдээ нэг удаа уулзалддаг байя. Монголд байгаа оюутнууд ч оролцдог байя.

Чуулахдаа гол нь үр дүнтэй байж тухайн орноос Монгол яг юуг оруулж, сайжруулж болохоор байна. Мөн хоорондоо мэдлэг, туршлага солилцох, Хөдөлмөрийн яамтай хамтарч нарийн мэргэжлийн хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, Монголоос ирсэн албан ёсны төлөөлөгчдийг очиход орчуулагч бэлэн байдаг нэгдсэн загвартай болохыг зорьж байгаа.

Хилийн чанадад байгаа монгол хүн бүр Монголын нүүр царай юм. Тэр дундаа оюутан, залуучууд бие дааж Монголынхоо соёлыг сурталчлах ажлыг зохион байгуулах боломжтой.

-Эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирээд ажиллах боломж хэр байдаг бол. Энэ талаар судалж үзсэн үү?

-Энэ хамгийн чухал асуудлын нэг. Мэдээлэл байхгүйгээс хэрэгтэй газраа, очиж чаддаггүй. Монголд очоод хаана ажиллах вэ гэсэн шаардлагатай мэргэжлийнх нь талаар мэдээлэл байдаггүй. Мөн тодорхой хэмжээгээр цалингийн үнэлэмж ч байгаа.

Үнэхээр нано технологиор төгсөөд Монголд ирлээ гэхэд лабораторийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл манайд байдаггүй. Тиймээс Боловсролын яам, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Гадаад харилцааны яамтай нарийн уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна.

-Гадаадад суралцахаар сонирхож байгаа оюутнууд юуг анхаарах ёстой вэ?

-Манайхан судалгаа сайн хийдэггүй. Бусдын хэлсний дагуу л явдаг. Явахаасаа өмнө интернет, цахим холбоогоор ямар оронд очих гэж байгаа, хууль нь хэр чанга юм, ямар сургууль нь сайн бавдгийг сайн судлах хэрэгтэй. Манайд нэгдсэн мэдээлэл, судалгаа байхгүйгээс оюутнууд мэргэжлээ сонгохдоо нэгийгээ их дагаж шийдвэр гаргадаг.

Өнөөдөр манайх үйлдвэрлэгч орон биш байтал ихэнх оюутан бизнес удирдлагын мэргэжлээр суралцаж байна. Гэтэл яг нарийн мэргэжлүүд Монголд дутагдалтай байдаг. Энэ талаар гадаадад суралцаж байгаа оюутнуудын мэдээллийн санг үүсгэснээр бусдад мэдээлэл хүргэх боломжтой.

Мөн хэлний мэдлэггүйгээс болж хүнд мэхлүүлэх тохиолдол их байна. Манай зарим оюутан ёс суртахуун, хүмүүжлийн доголдлоос сургуулиа дүүргэж чаддаггүй, улс орныхоо нэрийг муугаар гаргах тохиолдол бас их байна.

-Тухайлбал, яаж оюутны мэдээлэл хүргэнэ гэж?

-Би Тайваньд мастераар сурч байгаа. Тэнд судалгааны ажлаа эхлүүлээд гурав дахь жилдээ явж байна. Оюутны холбоогоор дамжуулан 1200 оюутнаас өнгөрсөн жил 650 оюутны судалгааг төлөөлөгчийнхөө газарт өгсөн. Үүний 90 хувь нь бизнес удирдлагаар англи хэлээр сурч байна. Гэтэл өнөөдөр Монголд төрөл бүрийн инженер хэрэгтэй байна.

Тайвань техник, технологи нь хөгжсөн газар. Бид тэднээс техник технологийг нь сурахгүй бизнес удирдлагаар сурч байна. Тиймээс Гадаад харилцааны яаманд тавьж байгаа хүсэлт маань бүх оронд байдаг Элчин сайд, консул, төлөөлөгчийн газар, оюутны холбоотойгоо хамтарч ажиллая.

Тухайн газарт Монголын оюутныг төлөөлсөн байгууллага гэж явж байгаа бол жил бүр оюутнуудын судалгааг гаргаж өгдөг байх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байна.

100 хувь байг гэхэд тодорхой хэмжээгээр судалгаагаа гаргах төлөөлөгчийн газраа, Элчин сайдын яаманд өгдөг, цаашлаад Гадаад харилцааны яаманд мэдээлэл нь төвлөрч Монголд шаардлагатай мэргэжлийн жагсаалт гаргаж уялдаа холбоотой ажиллах боломжтой болно.

Зураг
Зураг
13 | 18 | 18 цаг