Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Ариунболд: Манай улс давхар харъяаллыг зөвшөөрдөггүй

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаадад төрсөн хүүхдүүдэд давхар иргэншил олгох асуудал өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэлээд гүнзгий яригдах болсон. Энэ талаар өчигдөр ГХЯ-ны “Мэдээллийн цаг”-аар Консулын газрын захирал Я.Ариунболд тодруулан тайлбарлалаа.

Тэрбээр энэ асуудлын талаар ярихдаа “Олон улсын эрх зүйд давхар иргэншил, хоёроос олон иргэншил, иргэншилгүй байх гэсэн ангилалууд байдаг.
Манай улсад Монгол Улсын харъяатын тухай хуулийн 4.1-ээр Монгол Улсын иргэн нэгэн зэрэг хоёр улсын харъяат байхгүй гэж заасан байдаг. Үүгээр манай улс давхар харъяаллыг зөвшөөрдөггүй.

Мөн тэр хуулийн 7.1-д эцэг эх нь хоёулаа Монгол Улсын иргэн байх юм бол хүүхэд хаана төрсөнөөс үл хамааран Монгол Улсын иргэн байна гэж заасан байдаг. Энэ иргэнийг Иргэний бүртэлийн тухай хуулийн 12.14-т зааснаар эцэг эх нь манай Элчин Сайдын Яаман дээр очиж бүртгүүлснээр төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх авах эрх нь нээгдэнэ. 

Монгол Улсын Үндсэн Хуулийн 15.2-т Монгол Улсын иргэнийг харъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Ингэж хуулиар заасан иргэнийг Монгол Улсын иргэнээс хасах боломж байхгүй. 

Гэтэл амьдрал дээр тухайлбал АНУ-д төрсөн хүүхдэд манай хууль үйлчлэхээс гадна тухайн оршин суугаа улсын хууль үйлчлэн, тухайн улсын иргэнээр тооцчихдог. Хоёр улсын зөрүүтэй заалтууд үйлчилж байгаа юм. Тэгэхээр 1998 оноос хойш хилийн чанадад төрсөн 4,800 хүүхдээс 2,181 нь ийм байдалд орчихоод байгаа. Бид өнөөдөр эдгээр 2,181 хүүхдийн асуудлыг ярьж байгаа юм. Энэ хүүхдүүдийг Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар Монгол Улсын иргэнээс хасмааргүй байна. Бодлогын хувьд эдгээр хүүхдүүдийг ямар нэг байдлаар Монгол Улсын иргэнээр хадгалмаар байгаа юм. 

Хүүхэд төрөхдөө хаана төрөхөө сонгох боломжгүй. Монгол Улсын хуулиар Монгол Улсын иргэн болсон эдгээр хүүхдүүдийн асуудлыг маш хязгаарлагдмал нөхцөлд ярьж байгаа.

Энэ хүүхдүүдийн эцэг эх олон жил энэ асуудлыг шийдвэрлэхээр төр засгийн бүхий л байгууллагуудад өөрсдийн хүсэлт, үндэслэлийг гаргаад явж байгаа. Монгол иргэдийн дундаас Монгол Улсын хуулийн дагуу бүртгэлд хамрагдаж төрсөн энэ хүүхдүүдийн асуудлыг зохицуулах, монголдоо авч үлдэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Энэ асуудлыг бид хөндөж байгаа юм. Ерөнхий үг, мэдээний гарчиг товч байх шаардлагаас болоод андуу мэдээллийг түгээсэн учраас олон хүмүүс энэ талаар ярьж байна. Тийм учраас та бүгдийг мөн зөв талаас нь олон нийтэд хүргээсэй гэж хүсч байна” хэмээн тайлбарласан юм.