Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Монгол Улсыг гадаадад сурталчлах ажилд онцгойлон анхаарах даалгавар авсан

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны Яамнаас олон нийтэд мэдээлэл хүргэх үүднээс зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-т Гадаад харилцааны Сайд Ц.Мөнх-Оргил болон холбогдох газрын захирлууд оролцож нээлттэй мэдээлэл хийлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Гадаад харилцааны чиглэлээр нийт 13 асуудал тусгагдсан талаар тайлбарласан юм.

Энэ тухай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-ОргилМонгол Улс дэлхийн 186 улстай дипломат харилцаатай байгаа. Улс төр, Соёл, Хүмүүнлэгийн сайн харилцаагаар бид эдийн засгийн хамтын ажиллагаа худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөсөн. 

Нэг ч гэсэн Монголын ААН, нэг ч гэсэн Монголын бизнес эрхлэгчдэд худалдааны гэрээ байгуулж өгөх, худалдааны түнш олж өгөх зэрэг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоотой ямар арга зам байна, үүнийг харж ажиллахыг үүрэг болгон ажиллаж байгаа. Үүгээр ажлыг дүгнэх болно. 

Хоёрдугаар үүрэг даалгавар бол Монгол Улсыг гадаадад сурталчлах юм. Юун түрүүнд Монголын давтагдашгүй соёлын өвийг соёлын элч төлөөлөгчдөөр дамжуулж, Монгол Улсыг сурталчлах ажилд онцгойлон анхаарах даалгаврыг УИХ, ЗГ-аас авсан. 

Гуравдугаарт, гадаадад ажиллаж амьдарч байгаа 130 гаруй мянган иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол хүн бүр Монгол төрийн хайр ивээлийг хүртэж байх боломж, бололцоог бүрдүүлэхийг үүрэг болгосон байгаа. 

 
Гэрэл зураг mpa.mn

Эдгээр асуудлыг тусгасан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулна. Бид юуны өмнө хоёр их хөрштэйгөө иж бүрэн стратеги, иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, найрсаг харилцаагаа бүх салбарын хүрээнд өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын харилцаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллана. 

Монгол Улсад гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, итгэлийг сэргээх асуудал дээр онцгой анхаарч, энэ чиглэлээр нэлээдгүй ажил зохион байгуулагдаж, удахгүй бид үр дүнг нь ЗГ-т танилцуулах болно. 

Та бүхнийг манай ГХЯ-тай байнгын хамтын ажиллагаатай байхыг уриалж байна. Бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг вэб сайт болон сошиал ертөнцөөр дамжуулан иргэдэд хүргэх болно. Өнөөдрөөс эхлэн ажил төрлийн холбоотой ажиллах болно. Сард нэг удаа зохиох Мэдээллийн цагаас гадна манай яамтай өдөр тутмын, ажил төрлийн ойр дотно холбоотой  байхыг уриалж байна" гэв.