Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖ-ын сайдын тушаалын дагуу самар түүж, бэлтгэх боломжтой боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хуулийн дагуу хушны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түүхийг зөвшөөрдөг байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд самрын болцоос шалтгаалан түүдэг болсон.

Энэ жилийн тухайд самрын болж эрт гүйцсэн учраас холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын 2016 оны есдүгээр сарын 1-ны А/24 тоот тушаал гарч, хэрэгжиж эхэлжээ. 

Тухайн орон нутагт самар түүх зөвшөөрлийг ойн тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно гэж заасан байдаг.

Харин хууль бусаар үйл ажиллагаа явуулбал түүсэн жимс, самраа болон ашигласан тээврийн хэрэгслээ хураалгах юм. Мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгуулдаг. Түүнчлэн ой модонд ноцтой хохирол учруулбал экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоодог байна. 

Ойн тухай хуульд иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самрыг түүж, ашиглах эрхтэй гэж заасан байдаг. Хэрвээ 25 кг-аас дээш гарвал төлбөрөө төлөх ёстой ажээ.