Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Галзуу зугаалга” УСК трэйлерээ дэлгэлээ

ikon.mn
2016 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“Хас урлан” студи, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл “Галзуу зугаалга” УСК албан ёсны трэйлерээ дэлгэлээ. "Галзуу зугаалга" киноны зохиолыг Ц.Хүсэлбаатар бичиж, продюсерээр Б.Шүүдэрцэцэг, зургийн даргаар С.Өлзийхүү нар ажиллажээ.

Киноны хөгжмийг "Nisvanis''-ын Амгаа бичиж, зураачаар ОХУ-ын Бүх холбоотын киноны дээд сургууль буюу ВГИК-ийг төгсч ирсэн мэргэжлийн кино зураач Э.Батхүлэг, ерөнхий зураглаачаар Крис Мартин хэмээх америк зураглаач ажиллажээ. Крис Мартин зураг авалтаа 4к форматаар олон улсын чанарын стандартын дагуу хийснээрээ онцлог аж.

Амьдралын гэнэтийн сорилт тулгарахад андын нөхөрлөл, хүн чанар, үнэнч хайрын үнэ цэнийг ухаарч буй залуусын тухай онц сонирхолтой үйл явдалтай энэ киноны гол дүрүүдэд “Тусгай салаа”-ны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг, жүжигчин Х.Баярмаа, “ жүжигчин Х.Хүрэлхүүгийн охин Х.Намуун , “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа, “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч, загвар өмсөгч Э.Энхболд, С.Сарнай нар болон МУСТА Г.Золбоот тоглож, Ц.Хүсэлбаатар найруулжээ. Киноны хамгийн залуу жүжигчин нь Төрийн соёрхолт Ц. Төмөрбаатарын ач охин, туслах найруулагч Т.Анарын охин 7 настай А.Ялгуун ажээ.


Киноны үйл явдлаас товч өгүүлбэл: Их сургуулийн нэг ангийн 7 найз ангийнхаа Мишээлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд гарна. Гэтэл Мишээлийн найз залуу үл мэдэгдэх шалтгаанаар Билгүүн зугаалганд явсангүй.

Хүн бүхний төлөө санаа тавьж явдаг, ажилсаг, халамжтай ч охидын анхаарлыг татаж чаддаггүй Тайванаа найзуудаа хотоос зайдуу орхигдсон байшинд дагуулан иртэл тэнд залуусыг санаандгүй аюул хүлээж байжээ.

Жүжигчин Х.Баярмаа гаднаа хөнгөмсөг мэт харагддаг ч хүнлэг нинжин сэтгэлтэй, эрэмгий бүсгүй Хуланд, ажилсаг, халамжтай, гарын дүйтэй ч хайртай бүсгүйнхээ сэтгэлийг булааж чадаагүй Тайваны дүрд жүжигчин А.Алтанхуяг, сургуулийнхаа охидын харцыг булаасан царайлаг, сурлага сайтай, манлайлагч атал, аюул тулгарахад мөн чанар нь илэрдэг Билгүүний дүрд Э.Энхболд, ангийнхаа хамгийн хөөрхөн гэгддэг ялдамхан Мишээлд С.Сарнай, ном их уншдаг, бодлогошронгуй, өвөрмөц зантай Нарангаравт Х.Намуун нар тогложээ.

“Галзуу аялал” кино групп Богд хан уулын Хүрхрээгийн аманд байрлаж зургаа авахдаа, томоохон түүхэн киноноос дутахгүй натур байгуулсан нь залуу жүжигчдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлснээ нүүр номдоо бичиж байсан билээ.

Цахим ертөнцөд олон мянган дагагчтай, олны анхаарал татсан залуусыг нэг дор цуглуулж тоглуулснаараа дүр сонголтын хувьд онцлог, салхинд гарч найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гараад санаандгүй амьдралын сорилтод тулгарч буй үйл явдал зэргээрээ сонирхол татахуйц сэдэвтэй уг киноны албан ёсны пэйж нээгдсэнээсээ хойш үзэгчдэд нэлээд хүлээлт үүсгээд байгаа билээ.

Уг киног Мон фреш, Wycon cosmetics, Abigail jeans дэлгүүр, ST design компаниуд ивээн тэтгэж, Зэвсэгт хүчний жанжин штаб, 310,065 дугаар анги дэмжиж ажиллажээ.

Үзэгчдэд хүлээлт үүсгээд буй залуусын сэдэвт галзуу бүтээл “Галзуу зугаалга”-ын нээлт есдүгээр сарын 23-нд болох ажээ.