Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Норовбанзадын нэрэмжит уртын дууны уралдаанд оролцогчдын хамгийн бага нь 8, ахмад нь 86 настай

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын уралдаан энэ сарын 07-09-ний өдрүүдэд Соёл урлагийн их сургуулийн “Оюутан театр” болон Улсын Филармоны тайзнаа болж байна.

Тус наадмыг Монголчууд бидний арвин баялаг өв сангийн нэг болох уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийн дуучдын дуулах арга техник, хэв намба, дэг сургалтыг судлах, сурталчлах, ахмад-дунд-залуу үеийн дуучдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.

Наадмыг  Соёл урлагийн их сургууль, Норовбанзад сан, Дундговь аймгийн ЗДТГ, Дэрэн сум, Монголын уртын дууны холбоо хамтран БСШУСЯ-ны ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд ХААН БАНК, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль дэмжин ажиллаж байна.

Уралдаанд гадаад дотоодын мэргэжлийн болон ардын авьяастан 201 уртын дуучид А,Б ангилалд бүртгүүлснээс хамгийн бага нь 8 настай, ахмад нь 86 настай байна.

Маргааш АСЕМ ВИЛЛА хотхоны хүндэтгэлийн гэрт “Уртын дууны баяр” болох ба тус Уртын дууны баяраар Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын 85 насны ойд зориулсан “Уртын дууны хатан хаан” номын нээлт, хүндэтгэлийн тоглолт, уралдааны шагнал гардуулах ёслол болох бөгөөд гадна дотны үе үеийн уртын дуучид, их дуучны гэр бүл, шавь нар, найз нөхөд нь нэг дор хуран цугларч гурав хоногийг уртын дууны шуранхайн дунд өнгөрүүлэх болно.

Уралдааны шүүгчээр:

  • Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, профессор Н.Жанцанноров,
  • Ардын жүжигчин А.Нэргүй,
  • Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан,
  • Доктор, профессор, Төрийн соёрхолт С.Соронзонболд,
  • Өвөрмонголын нэрт хөгжмийн зохиолч С.Энхбаяр,
  • МУГЖ доктор Ц.Чулуунцэцэг,
  • МУГЖ Д.Түвшинжаргал, Д.Баттөмөр, Л.Идэрбат,
  • Урлаг судлаач, доктор Д.Энхцэцэг, Б.Оюунбадрах,
  • СТА уртын дуучин Б.Батмэнд нар ажиллаж байна.