Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хадлангаа цаг алдалгүй хангалттай бэлтгэж авахыг малчид, фермерүүддээ уриалж байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Намаржилт одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд хэвийн, 40 гаруй хувьд дунд, Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Иххэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээд ургамалжилт муу үнэлгээтэй байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Есдүгээр сарын цаг агаарын мэдээгээр хур тунадас элбэг, сарын дунд 10 хоногоос сэрүүсч шөнөдөө хасах хэм рүү орох, сарын сүүлээр уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Ойрын хоногуудад ч 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орохоор байгаа тул хадлан, тэжээл бэлтгэлийг цаг алдалгүй хангалттай бэлтгэж авахыг малчид, фермерүүддээ ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш уриалж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр "МАА-н салбарын 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангуулах зорилгоор Засгийн газрын 322 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгаврыг тус тус гарган хүргүүлсэн. 

Энэ жилийн хадланд,  

  • дугуйт трактор 7,101 
  • бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт 5,806
  • хаман боогч 621 
  • морин хадуур 1,000
  • гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур 5,000 ширхэг ашиглаж байна. 
Одоогийн байдлаар малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 100 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284.3 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэж өмнөх 7 хоногоос 200.0 мянган тн-оор нэмэгдсэн.

Харин Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32.0 мянган тн өвс, 13.1 мянган тн тэжээл бэлтгэхээс  3,722  тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгэж эхлээд байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас өвөл, хаврын бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл 60.0 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.0 хувь  нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь даац хэтэрсэн байна. 

Нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой.

Өөрөөр хэлбэл нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 20 гаруй хувь буюу 14 аймгийн 47 сумдын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна" гэсэн мэдээлэл өглөө.

Салбарын яамны зүгээс отор нүүдлийн зохион байгуулалт, худаг уст цэгийг сэргээн засварлах, шинээр гаргах, бэлчээрийн ургамал хамгааллын ажил, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалга, вакцинжуулалт, малын хашаа, хорооны ариутгалын ажлыг чанартай, технологит хугацаанд нь зохион байгуулахыг нийт малчид, иргэд, мал аж ахуйн мэргэжилтнүүдэд анхааруулж байна.