Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЗВЕРИ: Монголын сонсогчидтойгоо ХӨГЖМИЙН хэлээр ойлголцоно гэж бодож байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ОХУ-ын алдарт Звери хамтлагийнхан өнөөдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд тоглолт хийх гэж байгаа билээ. Хамтлагийнхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө.

Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Газар болон Нийслэлийн Соёл Урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тоглолтод Звери хамтлаг болон Монголын уран бүтээлчид оролцох юм.

Хамтлагийн ахлагч Роман Былик “Би Монголын сонсогчидтойгоо хөгжмийн хэлээр ойлголцоно гэдэгтээ итгэлтэй байгаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Анх 2001 онд байгуулагдсанаасаа хойш Звери хамтлаг 17 клип гаргасан бөгөөд клип тус бүр нь сонсогчдын сэтгэлд хоногшитлоо танигджээ.

Сэтгүүлчид түүнээс байгуулагдаад 15 жил болсон хэрнээ яагаад ийм цөөн клип гаргасныг асуухад “Тоо биш чанар чухал. Цөөн клиптэй ч гэсэн та бүхэн манай дуунуудыг сонсох дуртай, хайртай биз дээ” гэв.

Звери хамтлагийнхан өглөө ирсэн учраас Улаанбаатар хоттой сайтар танилцаж амжаагүй байгаа ч олон сайхан газраар явж үзнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хамтлагийн ахлагч Роман Былик бол энэ хамтлагийг алдрын оргилд хүргэсэн гол хүн. Түүний харц, хоолой, гитараа тоглож буй байдал нь хүртэл бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэж чаддаг билээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Роман Быликээс яагаад дуучин болохыг хүссэн тухай асуухад “Надад багаасаа дуучин болъё гэсэн хүсэл байгаагүй. Ер нь сайн хүн, аз жаргалтай хүн болохыг л хүсдэг байлаа. Гэхдээ одоо хийж байгаа зүйл маань ийм байлгаж чаддаг” гэсэн юм.

Тоглолт зохион байгуулагчдын зүгээс гэрэлтүүлэг, дуугаралт дээр хамгийн их анхаарал хандуулж байгаагаа онцлов. Мөн харуул хамгаалалтыг дээд түвшинд байлгаж, уран бүтээлчид, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах ажээ.

Звери хамтлагийн тоглолт өнөөдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд албан ёсоор 19:00 цагт эхэлнэ.