Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

open.parliament.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
/Зураг дээр баруун гар талаас эхнийх нь Б.Лхагвасүрэн/

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы пүрэв гарагийн буюу өчигдрийн нэгдсэн хуралдаан 17 цаг 30 минутад 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж дараах асуудлыг хэлэлцэн шийдлээ. 

Улсын Их Хурлыг чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөх саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гаргаснаа чуулганы хуралдаанд танилцуулсан.

Үүний дараа Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.

Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжлээ.

Харин Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжив.