Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлуулахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна”

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар таван хуулийг хууль санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаалаа. 

Энэ талаар Хуул зүйн сайд С.Бямбацогт “УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй” хэмээн танилцуулсан. 

Сөрөг хүчин болон олон нийтийн шүүмжлэх болсон шалтгаан нь өмнөх парламентын хамгийн ололттой ажил гэгдэж байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаасанд оршиж байв. Үнэхээр ч Монголын нийгэм дэх тулгамдсан асуудлын нэг гэр бүлийн хүчирхийллийг хуулиар зохицуулж, хариуцлага оногдуулдаг болсон нь томоохон ололт байв. Тиймээс ч энэ хуулийн хэрэгжилтийг битүүхэн хүлээж суусан хүчирхийллийн хохирогчид цөөнгүй байсан биз

Гэтэл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг амилуулах гол таван хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг өмнөх парламент ёсчлоогүй, маргааш буюу есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхэд бэлэн биш байгаа нь бодит үнэн. 

Энэ асуудлаар өнөөдөр Хууль зүйн сайд С.Бямбацогт, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Хуулт зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ. 

Тэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаралтай батлуулахын тулд одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцолж байв.   

ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд “Өчигдөр таван хуулийг Засгийн газарт буцаасантай холбоотойгоор олон нийтийн дунд буруу зөрүү ойлголт яваад байгаа. Тиймээс зөв мэдээлэл өгөх үүднээс энэхүү мэдээллийг хийж байна. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан. Энэ хоёр хуультай хамт байж нэг цул болдог процесын хуулиудыг өчигдөр буцаасан.  

Дээрх таван хуулийг буцаасантай холбоотой Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас татгалзаж байгаа юм байна гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд бий болоод байна. Гэтэл бид уг хуулийг хэрэглэхээс татгалзаагүй. Харин ч ээлжит бус чуулганаар оруулж ирээд хэлэлцэх төлөвлөгөөтэй байна” гэлээ. 

Харин Хууль зүйн сайд С.Бямбацогт2010-2016 оны байдлаар 5,100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж гэмтэл бэртэл авсан байдаг. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан байдаг юм байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн байгаа юм. 

Иймд хүчирхийллийг зохицуулдаг сул зохицуулалтыг чангатгах шаардлага байна. Энэ хуулийг Ерөнхийлөгч санаачилсан. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрынхантай санал солилцсон. 

Өнөөдөр Засгийн газрын хурлаар энэ хуулийг хэрхэн яаралтай батлуулах талаар танилцуулга хийнэ. Хэрэв амжвал ээлжит бус чуулганаар хэлэлцэж батална, амжихгүй бол дараагийн чуулганаар оруулж хэлэлцээд яаралтай хэрэгжүүлэх талаас нь ажиллах болно” гэлээ.