Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөр хэрэгжиж байна

ikon.mn
2016 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг 2016 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 7-нд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зохион байгуулж байна. 

МУЗ нь Монголын залуу уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих орон зайг бий болгох, урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2008 оноос хойш “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланг дүрслэх урлаг, хөгжмийн урлагийн чиглэлээр жил бүр зохион байгуулж ирсэн.

2016 онд “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урланг Солонгосын Урлагийн Зөвлөлийн санхүүжилт, Номадик Экспедишнс ХХК, Улаанбаатар чуулгын дэмжлэгтэйгээр “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож байна. 

“Салхийг мэдэр” нүүдлийн урланд Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, цагдаагийн “Сүлд” чуулгын нийт 5 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “NuMori” хамтлагийн 5 гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, байгалиас онгод урам авч, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн бүтээлээ туурвина. 

Солонгосын NuMori хамтлаг нь солонгосын ардын ба бөөгийн хөгжмийн хэмнэл, ая данг ашиглан өрнө дорнын хөгжмийн соёлыг хослуулж World music, fusion, blues, funk jazz, rock зэрэг  хөгжмийн урсгалаар бүтээлээ туурвидаг.  

Эдгээр Монгол Солонгос уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ бүтээлийн тоглолтыг нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 2016 оны есдүгээр сарын 7-нд 19 цагаас ганцхан удаа зохион байгуулна.

Тоглолтын хөгжмийн үндсэн бүрэлдэхүүнд морин хуур, лимбэ, ёочин, аман хуур, хөөмий, уртын дуу болон Солонгосын үндэсний цохивор хөгжмүүд, орчин цагийн даралтат хөгжим, цахилгаан гитар, саксафон зэрэг Монгол, Солонгос, европ хөгжмүүд багтах бөгөөд фанк жазз, блюз, уорлд фюжн зэрэг орчин үеийн урсгалын хөгжмийн бүтээлийг үзэгчдэд толилуулна.

МУЗ нь Монголын орчин цагийн хөгжмийн ертөнцийн хүрээнд өөр бусад орны соёлын солилцоог хөхүүлэн дэмжих энэхүү бүтээлч урланг зохион байгуулж, соёлын олон төрөл зүйлсийг багтаасан, оюуныг сэргээсэн, гоозүйн таашаал авчрах шинэ хөгжмийг олны хүртээл болгож байгаадаа баяртай байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015 утсаар авна уу. 
https://www.facebook.com/events/634133256769073/