Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Британий хатан хаанд давж заалдсаны эцэст Жанна Д’Аркийн бөгж Францад үлдлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Англичуудаас салгаж авсныхаа дараа Францчууд өөрийн түүхийн баатар Жанна Д’Аркийн бөгжийг иргэддээ нээлттэй үзүүлэх боломжтой болжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард 15 дугаар зууны алтаар бүрж, мөнгөөр бүтээсэн уг бөгжийг Лондон хотын дуудлага худалдаанаас Францын түүхийн музей Le Puy du Fou 300 мянган паундаар худалдаж авч зургаан зууны турш түүхэн өрсөлдөгч Англид хадгалагдаж байсан эх оронч баатрынхаа дурсгалыг эргүүлж авсан юм.

Гэвч Англичууд дараа нь бөгжийг буцаахаар хөөцөлдөж, түүхийн үнэт дурсгалыг хилээр гаргах зөвшөөрөлгүй гэж заргалдсан байна.

Английн Урлагийн Зөвлөл бөгжийг Британид буцах ёстой гэж үзсэн юм.

Гэвч Францчууд үүнийг эсэргүүцэж Британий хатан хаанд захидал бичин, давж заалджээ.

Энэ нь амжилттай болж Букингэмийн ордноос эх оронч бүсгүйн бөгж Францад үлдэх эрхтэй болохыг баталсан байна.

Музейн ерөнхийлөгч Николас де Виллиер бөгжний тухай “энэ бол Англид 600 жил хоригдсон манай үндэсний билэгдэл, шүтээн юм. Хэдийгээр үнэ цэнэ багатай, жижигхэн бөгж ч гэсэн Францчуудын хувьд түүхийн чухал баримт, бидэнд байх ёстой зүйл” гэжээ.

“Өнөөдөр алдагдаад байгаа Франц хүний бахархал, итгэлийг сэргээхэд энэ нь туслах болно гэж найдаж байна” гэж тэр хэлсэн байна.

Бөгж нь гурван загалмай болон Есүс, Мария нарын нэрийг илэрхийлсэн үсгээр чимэглэгдсэн байдаг аж. Жанна Д’Аркийг 1431 онд 19 настай байхад нь хойд Францын Роуэнд түүдэг гал дээр шатаасан байдаг. Жанна Английн дарлалаас Францыг чөлөөлөх үйл хэргийг манлайлахыг дээд бурхан түүнд зарлигдсан гэж өөрөө хэлдэг байжээ.

Цаазлагдахаас нь өмнө Жаннаг шүүсэн Английн кардинал Хенри Боуфортоос энэ бөгж дамжин Портландын гүнгийн гэр бүлд өвлөгдөн өнөөг хүрсэн гэдэг.

Анх 10,000 паундаар үнэлэгдэж байсан бөгжинд Францчууд ач холбогдол өгөн, олон дахин өндөр үнээр худалдаж авсан нь энэ.

Францын музейнхэн бөгжинд зориулж тусгай сүм байгуулан олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх гэнэ.

Бөгжийг худалдаж авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн хүсэлтээр үзмэрийг мөнгө олох хэрэгсэл болголгүй, Франц хүмүүсийн үндэсний бахархлыг сэргээхэд зориулахаар тохиролцсон юм байна.

 

Эх сурвалж: Independent