Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос, Япон улсууд дайны үеийн секс боолуудад нөхөн олговор өгөхөөр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы армид секс боол болон хүчээр ажиллаж байсан Солонгос эмэгтэйчүүдэд нөхөн олговор олгох болсноо Өмнөд Солонгос, Японы талууд өчигдөр мэдээллээ.

Ингэхдээ амьд байгаа хохирогч бүрт 100 сая вон ($89,600), нас барсан хохирогчдын гэр бүлд 20 сая вон ($17,900) тус тус олгохоор болсныг Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Японы засгийн газар өнгөрсөн оны сүүлээр “зугаацуулагч эмэгтэй” (comfort woman) гэж нэрлэгддэг, дайны үеэр хохирсон эдгээр эмэгтэйчүүдэд нийтдээ нэг тэрбум иен ($9.97 сая) төлөх амлалт өгснөө ийнхүү хэрэгжүүлж байгаа юм.

Уг мөнгийг нарийвчилсан судалгаан дээр үндэслэн тараана гэж албаныхан мэдээлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд Өмнөд Солонгос, Японы засгийн газар түүхэн тохиролцоонд хүрч, дайны үед хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн хохирлыг барагдуулах сан байгуулж, Токиогоос нэг тэрбум иенээр санхүүжүүлэхээр болсон юм.

Гэвч хэлмэгдэгсдийн зарим нь үүнийг эсэргүүцэж, үлдсэн сэтгэлийн шархыг мөнгө илааршуулахгүй тул заавал хуулийн хариуцлага тооцох, албан ёсоор уучлал гуйх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн Лхагва гарагт Өмнөд Солонгос, Япон, Хятадын гадаад хэргийн сайд нар Токиод уулзах үеэр энэ мөнгөний асуудлыг эцэслэн шийдсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times