Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүтээн зураг" үзэсгэлэн гарна

ikon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинаа “Танка” хэмээн алдаршсан урлахуйн ухааны нэгэн төрлийг монголчууд “Шүтээн  зураг” гэж нэрлэдэг. Монголд  шүтээн зургийн  урлал нь XVIII зууны сүүл үеэс түлхүү хөгжиж эхэлсэн бөгөөд XX зууны эхэн үе гэхэд дүрслэл, илэрхийлэл, гүйцэтгэлийн өндөр хөгжилд хүрчээ.

Монголын  урлахуйн  ухааны мэргэд бурхан дүрслэлийн сонгодог харьцааг анх боловсруулж, дэлгэрүүлсэн эртний Энэтхэгийн “Гандхарын сургууль”­ийн дэг, урлахуйн  онолыг  баримтлан бүтээлээ туурвидаг байсан төдийгүй өнгө зохицол, дагнаасыг төгөлдөржүүлэн өөрийн орны онцлогт нийцүүлэн домгийн сэтгэлгээ, Монгол зургийн ёс уламжлалд тулгуурлан өөрийн гэсэн дэг сургууль, өнгө төрхийг бий болгон хөгжүүлж ирсэн түүхтэй.

Монголын  алдар  цуутай  урчууд  гол  төлөв  Хүрээний  30  аймагт  төвлөрч, бурханы  шашны  урлахуйн  ухааныг  хөгжүүлэн  Арван хангал, дара эх, бурхад бодисатва, цогшин, хот мандал, хангагч эрдэнэ зэрэг шүтээн зургийг нагтан, мартан, гартан, сэртэн болон дүрслэл, илэрхийлэлийн бусад олон аргаар том, бага хэмжээтэй бүтээн туурвисан нь нэн олон.

Эдгээр бүтээлүүд нь эдүгээ бидний үед уламжлагдан монголчуудын урлахуйн ухааны охь болж, харсан бүхний мэлмийг баясган бахархлыг төрүүлсээр байгаа бөгөөд он цаг улирах тусам үнэ цэнэ нь өссөөр байгаа билээ.

Шүтээн  зурагт  бурхадын хөрөг, шүтээнээс гадна монголчуудын ахуй, ёс заншил, уламжлал, хүмүүжлийн дэг ёсыг ч бас дүрслэн толилуулдаг тул урлагийн цогц бүтээлд тооцогддог юм.

Чойжин ламын сүм музей нь уул анхнаас Монгол улсын төрийн сахиусны орд өргөө байсан тул урьдын хийгээд тухайн ахуй үесийн шилдэг мастеруудын билиг оюун хийгээд урлалын шим болсон шүтээн зургийн чуулганы орон юм. 

Эдгээр нь анханд урлахуйн ухааны дээд эрдмээр амилж, хуврагийн ихэс сүншиг аравнай  өргөсөн,  завсарт  төрийн  сахиусны  гүдэн, Эрдэнэ  билигт,  тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдав сайн цогтыг сахиус буулгах бүрд адистидын хүч нь улам бүр бадарсан, түүний хойно бидний өвөг дээдсүүд оройлон шүтсээр асар их оюуны хүчийг шингээсэн урлаг соёл, шашин түүх, оюун санааны хосгүй нандин өв мөн. 

Дашрамд  айлтгахуйяа, бид өвөг дээдсийнхээ бүтээн цогцлоосон монголын урлагийн  эх  өвийг  дэлхий  дахинд  сурталчлан  таниулах, түгээн  дэлгэрүүлэх зорилгоор  музейн  сан  хөмрөгт  хадгалагдаж  буй  үе  үеийн  урлагийн  сургуулийн цутгамал,  модон  сийлбэр, хөөмөл, цаасан  шуумал,  шүтээн  зураг,  зээгт  наамал, уран хатгамал зэрэг монголын урлагийн хосгүй үнэт бүтээлүүдийн шилдэг дээжээс бүрдсэн нийт 7 бүлэг бүхий “Монголын урлаг” цомгийг англи хэл дээр хэвлүүлэн үзэгч олны гэгээн мэлмийд өргөн барьж байна.

Эрхэм  та  бүхэндээ ирэх  наймдугаар сарын  26­ны  өдрийн  11:30  цагаас  тус музейн “Шүтээн  зураг”  үзэсгэлэн,  “Монголын  урлаг” цомгийн нээлтийн  ёслолд хүрэлцэн ирж мэлмий хийгээд сэтгэлээ баясгахын заллагыг айлтгаж байна.

Монгол төрийн сахиусны өргөөний шүтээн зураг эдгээрийг үзэж баяссан, энэ тухай өгүүлэн ярилцсан, бусдад түгээсэн, тэр бүү хэл, шүүмжлэн муушаасан хэн бээр ялгалгүй бүгдийн буян хийгээд билгүүний чуулган далай лугаа арвидаж,сэтгэлийн үндсэнд нь гэгээн гэрлийн наран мандах болтугай!

Дэлгэрэнгүйг 99026081, 88983838 утсаар лавлана уу