Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ээлжит бусаар хэлэлцэх "нууц" асуудал

Өглөөний сонин
2016 оны 8 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргав. Захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж хорь гаруй хуулийн төсөл хэлэлцэж, шийдвэрлэхээр байна.

Сангийн сайдын өргөн барьсан улсын төсөв, мөнгөтэй холбоотой хуулийн төслүүдийн нэмэлт, өөрчлөлтөд олон нийтийн анхаарал хандчихаад байна.

Ээлжит бус чуулган тэдгээрийг шийдвэрлэхээс гадна аравдугаар сард болох орон нутгийн сонгуультай холбоотой хуулийн төсөл болон Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт зэргийг хэлэлцэхийн дунд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нэгэн чухал асуудал нуугдаж байна.  

Юу вэ гэвэл ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалт дунд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа юм. Энэ хуулийн төсөл шинээр баталсан Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх хугацааг ирэх оны долоодугаар сарын 01-н болгож хойшлуулах ажээ.

Сонгуульд ялсан намын даргад зүй ёсоор ирдэг Гүйцэтгэх засаглалын тэргүүний албан тушаалыг хойш тавьж, Ерөнхийлөгчийн суудал руу зүтгэх нь нэгэнт тодорхой болсон МАН-ын дарга М.Энхболд эртнээс өрсөлдөгчийнхөө асуудалд санаа тавьж эхэлсэн нь энэ.

УИХ-ын сонгуулийн үр дүнд МАХН парламентад нэг суудал авснаар улс төрийн энэ хүчин ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжтой болсон. Энэ боломж гарт нь орж ирэхийг МАХН-ын дарга Н.Энхбаяр удаан хүлээж байгаа.

Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацаа ердөө долоохон хоногийн дараа эхлэх бөгөөд нэг ёсондоо МАХН-аас Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвших боломж нээлттэй болно. 

Магадгүй түүний идэвх чармайлтаар 2015 оны дүн өвлөөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, улмаар 2016 оны тавдугаар сарын 13-нд дагаж мөрдөх хугацааг нь 2016 оны есдүгээр сарын 01 хэмээн тогтоосон аж. Энэ хууль үйлчлээд эхэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тавдугаар бүлгийн 24.2, 24.3 дахь заалтыг хүчингүй болгох юм. Ингэснээр ял шийтгүүлж улмаар ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх боломжтой болно. 

Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацаа ердөө долоохон хоногийн дараа эхлэх бөгөөд нэг ёсондоо МАХН-аас Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвших боломж нээлттэй болно.

Үүнийг хаахын тулд л дээрх хуулийн төслийг энэ сарын 15-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг энэ удаагийн ээлжит бус чуулган авч хэлэлцэх гэж байна. Эрүүгийн хуулийг ирэх оны долдугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөөр болгож өөрчлөх хуулийн төслийг та бүхэн харж байна. 

 

Энэ нь яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна гэсний дараа болж байгаа юм. 

Харин Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шалтгааныг нь “...Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долоодугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр...” хэмээн тусгажээ.

Мэдээж парламентад МАН-ын гишүүд үнэмлэхүй олонх тул энэ хуулийн төсөл батлагдах нь гарцаагүй. Тэгвэл Н.Энхбаярын нэгэн цагт эрх ямбыг нь эдэлж асан суудал руу өрсөлдөх боломж бүр ч хаагдах юм. МАН-ын даргын хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуульд санал хуваах хүчтэй өрсөлдөгч байхгүй болно.

Зураг