Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхцэцэг: Өдөрт 500 иргэн гадаад паспорт захиалж байна

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 8 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
Гадаад паспорт

Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцээд гадаад паспортын эрэлт, хэрэгцээ ихэсч, гадаад паспорт захиалах хүсэлтэй иргэдэд олширдог. Тиймээс УБЕГ-ын гадаад паспортын газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаад паспортын бэлдэц дууссан гэсэн мэдээлэл байсан. Одоо хэвийн олгогдож эхэлсэн үү? 

-Гадаад паспортын бэлдэц дууссан гэсэн зүйл байхгүй. Манай гадаад паспортын газарт өдөрт 500 хүн шинээр паспорт гаргуулахаар ханддаг.

Бид ирсэн хүн болгонд үйлчилж, захиалга өгсөн иргэдийн паспортыг хугацаанд нь олгож байгаа. Өөрөөр хэлбэл, өдөр бүр шинээр 500 паспортын захиалга авч, олгож байна гэсэн үг. Тэгэхээр гадаад паспортын захиалга хэвийн явагдаж байна. 

-Жил бүрийн өдийд гадаад паспортын захиалга ихэсдэг шүү дээ. Нэмэлт цонх гаргаж ажиллаж байгаа юу? 

-Энэ жил иргэдийн гадаад паспорт авах захиалга харьцангуй ихэслээ. Өмнөх онуудтай харьцуулахад 30 хувиар өссөн байна. Тухайлбал, 2014 онд 13,200 гаруй иргэн, 2015 онд 190,100 иргэн гадаад паспорт шинээр захиалсан байдаг. 

Харин өнгөрсөн долоодугаар сарын байдлаар 120,000 иргэн гадаад паспорт захиалж авсан. Ер нь долоодугаар сараас хойш өдөрт 1,500 гаруй иргэн хүлээж авч байсан.

Ачаалал ихтэй үед бусад нэгжүүдээсээ улсын бүртгэгчдийг нэмэлтээр ажиллууллаа. Учир нь хүмүүс амралтаа тааруулаад аялал зугаалгаар явдаг учраас ийм зохицуулалт хийсэн. 

Гадаад паспорт захиалахаас гадна сунгалт хийх үйлчилгээ бий. 

Гадаад паспорт захиалахаас гадна сунгалт хийх үйлчилгээ бий. Энгийн үед хоногт 200 иргэн сунгалтын үйлчилгээ авдаг байсан бол ачаалалтай үед 600 болж өссөн.

Энэ мэтчилэн зохицуулалтын ажлыг хийлээ. Одоо ачаалал харьцангуй багассан. Гэсэн хэдий ч гадаад паспорт захиалах иргэдийн дугаарлалт дуусаагүй байна.

-Сүүлийн үед манай улсын иргэд гадаад руу аялахдаа хүүхдээ авч явдаг болсон шүү дээ. Сургууль, цэцэрлэг орох дөхөөд ирэхээр хүүхдийнхээ хувцсыг бэлдэж Эрээн гарах хүн олон болдог. Хэрвээ хүүхдээ дагуулж гарах бол ямар материал бүрдүүлэх вэ?

-Тийм. Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцээд гадаадаас хувцас, хичээлийн хэрэгслээ бэлдэх тохиолдол ихэссэн. Гадаад паспорт захиалахдаа 16-аас дээш насны иргэн өөрийн биеэр ирэх ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэх, стандартын шаардлага хангасан гурван хувь цээж зураг авч ирэхэд болно. 

Мөн захиалгын мөнгийг банканд тушаасан байх шаардлагатай. Харин гадаад руу 16-аас доош насны хүүхэд авч явахаар болбол тухайн хүүхдийн эцэг, эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь өөрийн биеэр ирэх ёстой байдаг.

Бүрдүүлэх бичиг баримтын хувьд мөн адил. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, гурван хувь цээж зураг, мөнгөө тушаасан байх хэрэгтэй. Эдгээр зүйлийг бүрдүүлэхэд болно.

-Яаралтай гадаад паспорт захиалгын үйлчилгээг зогсоосон гэсэн? 

-Иргэдийн амралт зугаалгын цаг болсон учраас гадаад улсыг зорих иргэд их байна. Үүний улмаас гадаад паспортын газрын ачаалал ихэссэн. Тиймээс бид яаралтай үйлчилгээгээ түр хугацаагаар хойшлуулсан байгаа. 

Тодруулбал, ажлын гурав хоногт яаралтай үзүүлдэг үйлчилгээ ачааллаас хамаарч, хойшилсон. Одоо энгийн ажлын 10 хоногт үзүүлдэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Гадаад паспортын захиалга хэвийн явагдаж байна. Иргэд паспортаа захиалаад ажлын 10 хоногт багтаж авч байна.

-Гадаад паспортыг ямар тохиолдолд хүчингүй болгодог юм бэ? 

-Гадаад паспортыг хүчингүй болгох хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, эзэмших, ашиглах хугацаа дууссан паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан, тухайн хүний зураг танигдахааргүй өөрчлөгдсөн бол хүчингүй болно. 

Мөн охид, бүсгүйчүүд гоо сайхны мэс ажилбар хийлгэдэг. Энэ тохиолдолд мөн хүчингүй болгоно. Түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг, эхийн нэр, регистрийн дугаар өөрчилсөн, гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, хууль бусаар засвар хийсэн бол хүчингүй болгох заалт бий.

-Сунгалт хийлгэх гэж буй иргэд хаана хандах вэ? 

-Сунгалтын үйлчилгээний нэгдсэн төвд хийгдэж байгаа. Мөн 100 айл дахь салбарт гадаад паспортын сунгалт хийгдэж байна. Сунгалт хийлгэх бол иргэний үнэмлэх хэрэг болно. Мөн гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх ёстой.

Зураг