Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батхуяг: "60 тэрбум"-ын асуудлаар АН-аас дахин гомдол гаргаж байгаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын Онцгой Комиссоос мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж Онцгой Комиссийг байгуулжээ. Тус комиссоос УИХ-ын болон орон нутгийн аймгийн иргэдийн хурлын сонгуулийг хууль бус болсон талаар шүүхийн шийдвэр гарсан байдлыг танилцууллаа. Ингэхдээ сонгуулийн үеэр гарсан "60 тэрбум"-ын талаарх маргааныг онцолсон юм.

"2016 оны сонгуулийн үеэр МАН-ын дарга, Нийслэлийн МАНамын дарга, Нийслэлийн МАНамын даргын зөвлөх гурвын ярилцсан бичлэг олон нийтэд цацагдсан. Энэ асуудал ил гарсан даруй АН-аас Улсын Ерөнхий Прокурор, Авилгатай Тэмцэх Газарт хандаж гомдол гаргасан бөгөөд үүний дагуу 2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Хяналтын Прокурорын газар шийдвэр гаргаж уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү татгалзсан шийдвэрт АН-ын зүгээс дахин гомдол гаргаж байгаа"-г Хяналтын Ерөнхий Хорооны Нарийн Бичгийн дарга Д.Батхуяг хэллээ.

Мөн 2016 оны УИХ-ын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль будлиантай болсон талаар гомдлууд гарсаар байгаа бөгөөд Дээд, Хяналтын шатны шүүхээс энэ тухай шийдвэрүүд гарсан байна.

Тухайлбал,

  • Орхон аймагт Хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийг дахин сонгуульд өрсөлдүүлэхээр болж, Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг Сонгуулийн хороо бүртгээгүйн улмаас дахин сонгууль явуулах,
     
  • Сүхбаатар аймгийн маргааны тухайд сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад аймгийн иргэдийн хурал хуралдаж засаг даргыг томилсон нь хууль зөрчсөн гэж үзэх шийдвэр гаргасан зэрэг зургаан тогтоолыг хүчингүй болгох анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. 

СЕХ-ны удирдлагуудтай холбоотой эдгээр гомдлыг нэгтгэх ажиллагаа үргэлжлээд явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтан Тагнуулын Ерөнхий Газар болон Авилгатай Тэмцэх Газар хандах болно гэж АН-ын Хяналтын Ерөнхий Хорооны Нарийн Бичгийн дарга Д.Батхуяг мэдэгдсэн юм.