Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид нас барсан хүүхдийн тоо 470,000 хүрлээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Таван жилийн өмнө Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын дарангуйллын эсрэг гудамжны тайван жагсаал цуглаан болсныг цэргийн хүч ашиглан дарсан нь иргэний дайн болон хувирахад хүргэсэн юм. 

Хүүхдийн цалгих инээд, аз жаргалтай, баяр хөөртэй алхах гэр бүл, орчин үеийн хөгжил цэцэглэлттэй мөр зэрэгцэн хөгжих гудамж талбай, жуулчдын сонирхлыг татсан эртний уран хийцтэй барилга байгууламж бүхий энх тайван, амар амгалан улс орон өнөөдөр тоос шороонд дарагдсан, дарь үнэртсэн "там" гэлтэй балгас болон үлджээ. 

 

Дайнд хамгийн их хохирч байгаа нь гэрэл гэгээтэй, аз жаргалтайгаар өсч хөгжих бяцхан хүүхдүүд. Тэд гэгээхэн цаг хугацаагаа  хар будгаар цацуулж, дахин ирээдүйг өнгөлөгөөр харах тэнхэлгүй болж байна.

Ирээдүйг зүглэх хараа нь цуцсан төр засаг, ард түмний хоорондын мөргөлдөөний гол хохирогч нь хүүхдүүд гэдгийг бидэнд цаг үргэлж зүрх зүсэгдэм дүр зургууд харуулсаар...

 

Хэдэн сарын өмнөөс Сирийн иргэд дайны хор уршгаас зугтан дүрвэх болсон. Энэ үеэр Алан Курди хэмээх гуравхан настай хүү Турк улс руу дүрвэх замдаа усанд живж нас барсан бөгөөд түүний элэг эмтрэм зураг бүх нийтийг цочирдуулсан.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө Сирийн Алеппо хотод болсон Оросын армийн бөмбөгдөлтөд өртсөн хүүгийн цочролоосоо ч гарч амжаагүй байх үеийг харуулсан сэтгүүлч Махмоуд Расланы хийсэн бичлэг болон Мустафа Ал-Сарутын авсан гэрэл зураг дэлхий нийтийг дахин сэрт хийлгэсэн юм. 

 

Омран хүү азаар эсэн мэнд аврагдсан бөгөөд түүний хамт нэг, зургаа, 10 настай ах, дүү болон түүний эцэг эх байв. Харин 10 настай ах Али нь 2016 оны наймдугаар сарын 20-ны өдөр бөмбөгдөлтийн улмаас авсан шархаа даалгүй нас барсан. Дэлхий нийт энэ хоёр хүүгийн зүрх зүсэгдэм дүр төрхийг үзээд өрөвдөж, гашуудаж байна. 

Энэ хоёр хүүгийн цаана хэдэн мянган хүүхэд хэцүү бэрхийг үзэж туулж байгаа бол?

Сири улсын хүн амын тоо 2010 оны байдлаар өсөлтийн дээд хэмжээндээ буюу 20,720,602 байсан бол энэ оноос хойш хүн амын тоо хоёр саяар буурч одоогийн байдлаар 18,563,595 болоод байна. 

Сирийн нийт хүн амын 57.7 хувийг хүүхдүүд эзэлдэг бөгөөд 2010 оноос хойш одоог хүртэл  470,000 гаруй хүүхэд нас барж, нэг сая гаруй хүүхэд шархадсан, 11.3 сая гаруй хүүхэд орон гэрээсээ зугтсан тоон мэдээ байна.  

Нийт хүүхдийн 80 гаруй хувь буюу 8.4 сая хүүхэд мөргөлдөөнөөс болж ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн үзүүлэлттэй байгаа бол 6.5 иргэн орон гэргүй болсоноос 2.8 нь хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд өдөр тутмын идэх хоол хүнс, эрүүл саруул байх нөхцөл дутмаг, наад захын амьдралын хэрэгцээний тулгамдсан асуудалтай байгаа. Мөн улаан бурхан, мененгит зэрэг үхлийн аюултай өвчинд нэрвэгдэж, 1995 оны үед таслан зогсоосон полиомнелитоор гэх өвчин эргэн идэвхжиж 80,000 гаруй хүүхэд энэ өвчний улмаас шаналж байна.

Бусад тоон мэдээлэл:

  • 4.8 сая дүрвэгчийн тал хувь нь хүүхдүүд байсан
  • 10 хүүхэд тутмын наймд нь хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна
  • 10 хүүхэд тутмын дөрөв нь орон гэргүй болсон
  • Таваас доош насны 10 хүүхэд тутмын гурав нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаж чадаагүй
  • Дөрвөн сургууль тутмын нэг нь эвдэрч сүйдсэн
  • 10 хүүхэд тутмын тав нь сургуулиас гарсан
  • Турк улсын дүрвэгчдэд зориулсан түр буудалд байгаа 10 хүүхэд тутмын дөрөв нь бэртэл гэмтлээс болж стресстэх өвчтэй болсон
  • Түр буудалд байгаа 8,360 Сирийн дүрвэгч хүүхдийн 79 хувь нь гэр бүлээ алдсан
  • 20 дүрвэгч хүүхдийн зөвхөн нэг нь л Европын холбооны тусламжаар хорогдох байранд орж байна
  • 10 дүрвэгч тутмын зургаагаас илүү нь ядуу буурай амьдралтай байна.
 

Хүүхдүүд! Тэд л ирээдүйн сайн сайхны төлөө, зөв зүйтэй хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэх эх дэлхийн үргэлжлэл. 

Хаан ч бай, харц ард ч бай үр хүүхдийнхээ төлөө махран зүтгэдэг нь амьдралын жам ёс байтал өөрийн хүсэл шунал, эрх мэдлийн төлөө сохорсон хүмүүсээс болж олон мянган хүүхэд зовж зүдэрч, инээж баясан, тоглож наадан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөх ёстой алт шиг насандаа хэзээ ч гэмтэж, бэртэж магадгүй, хэзээ ч үхэж, үрэгдэж мэдэх айдас хүйдсээр дүүрэн харанхуйд сууж байна.