Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Орос-Монгол-Хятадыг дамжсан олон улсын транзит тээвэрлэлтийг амжилттай туршлаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Орос-Монгол-Хятад гурван улсыг дамнасан олон улсын ачаа тээвэрлэлтийг турших багийнхан өчигдөр буюу Пүрэв гарагт Тяньжин хотод хүрчээ.

Хятадын тээврийн яамны дэд сайд Лю Шаоминь энэхүү арга хэмжээнд зориулан үг хэлэхдээ “туршилтын тээвэрлэлт нь манай улсын зам тээврийн чухал стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхлэл, Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх алхам боллоо” гэжээ.

Энэхүү транзит тээврийн хэлэлцээрт Орос, Монгол улсууд өнгөрсөн нэгдүгээр сард нэгдсэн бол Хятад улс долдугаар сард нэгдэн орсон юм.

Хэлэлцээр ёсоор гишүүн улсуудын хилээр зөвшөөрөгдсөн бараа бүтээгдэхүүнийг гаалийн шалгалтгүйгээр нэвтрүүлэх ёстой.

Туршилтын тээвэрлэлтээр 2,152 км замыг долоо хоногт туулж 11 хотод түр зогсолт хийсний дотор Оросын Улаан Үд, Монголын Улаанбаатар, Хятадын Эрээн хотууд багтжээ.

Гурван улс тус бүрээс гурав гурван ачааны машин буюу нийт есөн машин туршилтад оролцсон юм.

Туршилтад оролцсон Нанжин Шиньжинхан Ложистик компанийн ерөнхий менежэр Гуо Шинь “Шинэ зам Орос, Монголын зах зээлийг бидэнд нээж өгч байна. Ийм замтай болсноор өндөр өртөгтэй бараанууд, тухайлбал электроник бүтээгдэхүүнүүд, дулаан орны жимс зэргийг өмнөд Хятадаас, цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнуудаас Монгол, Оросын зах зээлд хүргэх боломж нээгдэж байна” гэж ярьж байна.

Гуогийн хэлж байгаагаар агаарын карго тээвэр өндөр өртөгтэй тул шинэ замаар хямд бараа хүргэх боломжтой болж байна гэлээ. Шинэ замын тээвэр нь агаарын тээврээс 10 дахин бага өртөгтэйг тэр бас хэллээ.

“20 тонн ачааг Өмнөд Хятадын Гуаньши автономит тойргоос Орос хүртэл тээвэрлэхэд зардал нь $4,000 болж байна. Харин агаараар бол өртөг нь килограм тутмаар үнэлэгддэг тул өндөр гарна” гэж Гуо тайлбарлаж байна.

Хятад улс нь газраар ачаа тээвэрлэх гэрээг 1991 онд Монгол улстай, 1992 онд ОХУ-тай байгуулсан байдаг.

Өнгөрсөн онд Хятад болон эдгээр хоёр орны дунд нийтдээ 3.7 сая зорчигч, 24.6 их наяд кг ачаа тээвэрлэгдэж байсан юм. Тэгвэл энэхүү транзит тээвэр нээгдсэнээр дээрх тоо ихээр нэмэгдэнэ гэж үзэж байна.

 

Эх сурвалж: China Daily