Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Монголын боксчдын ӨРСӨЛДӨГЧИД хэн бэ?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 10
iKon.MN

Боксийн 64 кг – Б.ЧИНЗОРИГ – Т.Тарумалингам /Катар/

 

2014 оны армийн дэлхийн аварга Б.Чинзориг олимпийн наадмын дэвжээнээ анхныхаа тоглолтыг өнөөдөр хийх гэж байна. Манай тамирчин энэ жил Хятадын Циананд болсон азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртснээр Риод ирэх боломжтой болсон юм. 

Түүний өрсөлдөгч Т.Тарумалин 23 настай, Германд төрсөн, одоо ч амьдардаг боксчин.

 

Германы залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, бүр үндсэн шигшээ багт дуудагдан бэлтгэл хийж байсан ч төрөлх нутгийнхаа нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцох болсноо зарлаж олон хүнийг гайхшруулсан нэгэн. AIBA Pro Boxing-д өнгөрсөн жилээс эхэлж харьяалагдах болж, нэг тоглон  нэг ялалт байгуулчихаад байгаа, амжилт нь жилээс жилд өсч байгаа боксчин.

Өнгөрсөн жилийн ДАШТ-д шөвгийн 16-д үлджээ. Тарумалин мэргэжлийн боксчдод эрх олгох тэмцээнд Итали, Аргентин, Армений өөрөөсөө хавьгүй ранк өндөртэй, туршлагатай боксчдыг ялсаар эрхээ авсан юм. Катараас оролцож буй 2 боксчны нэг. 

Чинзоригийн тулаан Улаанбаатарын цагаар 00:15 минутанд эхлэх хуваарьтай.

Боксийн 56 кг: Э.ЦЭНДБААТАР – Б.Нжангиру /Кени/

 

Боксийн шигшээ багийн хамгийн залуу тамирчин, энэ жил 20 настай Э.Цэндбаатар өнөөдрийн манай тамирчдын сүүлийг мушгин тулаанаа хийх болно. Бакуд болсон олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрээр он гарсаар Химийн цом болон Чехийн Гран при тэмцээнүүдэд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан билээ.

Түүний эхний тойргийн өрсөлдөгч нь Кенийн туршлагатай тамирчин Бенсон Гичару Нжангиру байх болно.

 

Энэ жил 31 настай тэрээр 4 жилийн өмнө Лондоны олимпод зодоглож, эхний тойргоос тэмцээнийг орхиж байсан юм байна.

Гэхдээ хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд амжилттай оролцож, 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл медаль хүртэж байсан. Бүх Африкийн тоглолтын аварга. AIBA Pro Boxing-д өнгөрсөн жилээс хүч үзэж байгаа, мэргэжлийнхний дунд болсон эрх олгох тэмцээнд түрүүлсэн нэгэн юм.

Хоёр боксчны тулаан Улаанбаатарын цагаар үүрийн 05:45 цагт явагдана.