Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Олимпийн дөрөв дэх өдрийн ҮР ДҮН

ikon.mn
2016 оны 8 сарын 10
iKon.MN

Риогийн олимпийн 4 дэх өдөр манай хоёр жүдоч зодоглосон ч тэмцээнээ өндөрлүүллээ

 

Эрэгтэй - 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар Египетийн Мохамед Абделаалтай эхний шатанд таарч дийлдсэнээр анхны олимпоо өндөрлүүллээ. 26 настай Африкийн хошой аварга манай тамирчныг иппон үнэлгээгээр цаг дуусахын өмнө өвдөг шороодуулсан. 

Эмэгтэй - 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа барилдаж эхний шатанд Мароккогийн бөхийг цэвэр ялж тэмцээнээ эрч эхлүүлсэн. Гэвч дараагийн тойрогт ОУХМ Ц.Мөнхзаяа Хятадын Ян Жун Шиад харамсалтай байдлаар дийлдсэнээр мөн хасагдсан юм. 

 

Хоёр дахь олимпдоо оролцож буй манай бөх барилдааны эхэнд юүко үнэлгээ аван тэргүүлж байсан ч удалгүй хөл алдан даралтанд орсноор 2:55 минутанд иппон үнэлгээ алдсан. 

Өнөөдөр манай жүдочдоос эрэгтэй 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэй 70 кг-д Ц.Наранжаргал нар Риогийн татамид гарна. 

МЭРГЭН БУУЧИД ФИНАЛДАЖ ЧАДСАНГҮЙ

 

Деодорогийн "Үндэсний буудлагын төв"-д энэ өдөр эмэгтэй 25 метрийн спорт гар бууны дасгалын урьдчилсан шат явагдлаа. Тогтоол болон түргэн гэсэн хоёр шаттай явагддаг тус буудлагад нийт 40 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний 8 байр хагас шигшээн эрхтэй байлаа. 

ОУХМ Ц.Мөнхзул тогтоолд 289, түргэнд 291 оноо цуглуулж нийт 580 оноотой 11-р байр эзэлсэн бол О.Гүндэгмаа 579 (Тогтоол 284, 295) оноотой удаах байранд бичигдсэн юм. 

 

Ийнхүү 6 дахь түүхэн олимпийн наадамдаа тоосоо өргөж буй О.Гүндэгмаа гавьяат болон Ц.Мөнхзулын хувьд тэмцээн өндөрлөж байна. Тэд 10 метрийн хийн гар бууны дасгалд мөн финалдаж чадаагүй юм. 

Одоо манай буудлагын тамирчдаас Г.Нандинзаяа 8 сарын 11-нд 50 метрийн урт бууны гурван байрлалт дасгалд цэц мэргэнээ сорино. 

Д.ОТГОНДАЛАЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

 

Энэ өдрийн манай тамирчдын сүүлийг мушгиж боксын 60 кг-ийн жинд Д.Отгондалай Риогийн рингэн дээр гарч тулалдлаа. Эхний тойрогтоо чансааны эрэмбээр хийлсэн тэрээр шөвгийн наймд үлдэхийн төлөөх тулаанаа Нидерландын Энрико Лакрузтай хийсэн юм. Гурван үе үргэлжилсэн эн тэнцүү тулааны эцэст манай тамирчин Д.Отгондалай 2:1-ээр ялалт байгуулж дараагийн шатны эрхээ халаасаллаа. 

Д.Отгондалай Улаанбаатарын цагаар 8 сарын 13-ны өдрийн 06:00 цагаас шөвгийн дөрөвт үлдэхийн тулд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдана.

Наймдугаар сарын 10-ны өдөр боксын тулаанууд явагдаж буй "Рицентро"-гийн 6-р павилионд манайхан олуулаа цуглана. Өнөөдөр 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг Э.Цэндбаатар нар Риогийн рингэнд гарч тулалдах юм. 

 

Эх сурвалж: МҮОХ