Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Дөрөв дэх өдрийн АЛДАЛГҮЙ ҮЗЭХ ЁСТОЙ таван төрөл

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 9
iKon.MN

Тэмцээний 4 дэх өдөр нийт 9 төрөлд 15 багц медалийн эзэд тодрох болно. Бид та бүхэнд энэ өдрийн алдалгүй үзэх ёстой онцлох төрлүүдийн жагсаалтаа хүргэж байна.

БУУДЛАГА

 

Өнөөдөр манай буудагчдын хамгийн өндөр амжилт үзүүлдэг 25 метрийн спорт гар бууны дасгал эхэлнэ. Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон Азийн аварга Ц.Мөнхзул нар энэ дасгалд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Энэ дасгалд 30 улсын 40 тамирчин оролцож байгаа бөгөөд 3 үе шаттайгаар аваргууд тодорно. 

Урьдчилсан шатнаас 8 тамирчин шалгарч хагас шигшээд үлдэх бөгөөд финалд эхний 2 байрт орсон нь алтын төлөө, 3, 4-р байрт орсон нь хүрлийн төлөө өрсөлддөг. Өнгөрсөн олимпийн аварга, олимпийн рекорд эзэмшигч Ким Жан Ми, Хятадын Чен Мин болон Жан Жинжин, олимпийн наадмын алт, хүрэл медальт Украйны Олена Костевич нарын шилдгүүд бий. 

СПОРТЫН ГИМНАСТИК

 

Энэ олимпийн наадмын хамгийн их анхаарал татаж буй төрлүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн спортын гимнастикийн багийн төрлийн медальтнууд өнөөдөр тодорно. Өчигдөр алдарт К.Учимурагийн  тэргүүлсэн Японы баг эрэгтэйчүүдийн төрөлд БНХАУ-ын 8 жилийн ноёрхлыг зогсоож түрүүлсэн. 

Тэгвэл өнөөдөр өнөө цагийн хамгийн шилдэг эмэгтэй гимнастикч хэмээгдэж буй Симоне Байлз Америкийн багийг тэргүүлэн аварга цолоо хамгаалах дайралтаа хийх юм. Урьдчилсан шатанд АНУ-ын баг ардаа орсон БНХАУ-ын багаас бүтэн 10 оноогоор тасарсан нь онооны нарийвчлал тун багатай энэ спортод “хэт” тасарсан үр дүн юм.

Америк ялагдашгүй нь хэмээгдэж буй ч спортод үр дүнг таамаглах үргэлж хэцүү байсаар ирснийг мартаж болохгүй. ОХУ, Хятад, Их Британичууд медалийн төлөө өрсөлдөх болно. 

ХӨЛБӨМБӨГ

 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хэсгийн шатны тоглолтууд дуусч, хасагдах шатанд тоглох багийн нэр тодрох болно. Хүчтэй бүрэлдэхүүнтэй ирсэн эрчүүд нь бүтэлгүйтэж, хожил авч чадаагүй байгаа энэ цаг мөчид Бразилын ард түмэн эмэгтэй багтаа илүү их итгэж байна.

Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин Мартагаар тэргүүлүүлсэн Бразилчууд сүүлийн тоглолтоо ӨАБНУ-ын багтай хийнэ. Тэд Хятад, Шведийг хожиж эрхээ аль хэдийн авчихаад байгаа. Аварга цолыг хамгаалагч АНУ-ын баг аль хэдийн “хасагдчихсан” Колумбын багтай тоглоно. Өмнөх Францтай хийсэн тоглолтонд Америкийн хаалгач Хоуп Соло хөлбөмбөгийн түүхэнд 200 тоглолт шигшээдээ хийсэн анхны тоглогч болсныг энд онцолъё.

Дэлхийн хошой аварга Герман хэсгээ тэргүүлэх эсэх тоглолтоо Канадын багтай мөн хийх юм. 

УСАНД СЭЛЭЛТ

 

Өнөөдөр усанд сэлэлтийн төрөлд 4 багц медалийн эзэд тодорно. Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Америкийн залуу од Кэйти Ледеки болон 100 метрийн эрвээхий сэлэлтийн аварга Шведийн Сара Сьёстром нарын хооронд өрнөнө. Эрэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд дэлхийн аварга цолыг эзэмшигч Австралийн Мич Ларкинтай Америкийн сэлэгчид болох Д.Плюммер, Р.Мерфи нар ширүүн өрсөлдөөн үзүүлэх боломжтой. 

Харин эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах төрөлд урьдчилсан шатнаас Америкийн залуу тамирчин Кэйтлин Бэйкэр хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Гэсэн ч 2015 оны дэлхийн аварга Австралийн Эмили Сибомд мэргэжилтнүүд илүү итгэж байгаа. Энэ өдрийн гол онцлох од нь өнөөх л Майкл Фелпс байх болно. Фелпс 200 метрийн эрвээхий сэлэлтийн төрлийн уралдаанаа эхлүүлэх бөгөөд 3 дахь алтаа хүртэх магадлал өндөртэйд тоцоогдож байна. 

МОРИН СПОРТ

 

Нэрээр нь хөөвөл манайханд ихээхэн ойр баймаар, гэхдээ агуулгаараа бол нэлээд хөндий энэ спортыг сонгож онцолж байгаа нь учиртай. Хожмын олон үеийн тамирчид, олимпизмын хөдөлгөөнд үлгэр дууриал болох замналыг туулж буй нэгэн өнөөдөр медалийн төлөө өрсөлдөх гэж байгаа юм. 

2015 оны 10-р сард Британы тамирчин Уильям Фокс Питт Францад болж байсан тэмцээний үеэр мориноосоо унан, улмаар толгойдоо хүнд гэмтэл авч, сэхээн амьдруулах эмчилгээнд орсон юм. 2 долоо хоногийн турш ухаан ороогүй түүнд зарим эмч нар найдваргүй гэсэн онош тавьж байсан ч тэр ухаан орж, улмаар өвчинтэйгөө тэмцэлдсээр хөл дээрээ босч чадсан. Түүгээр ч зогсохгүй тэр их спортдоо эргэн ирэхээр шийдэж 4 дэх олимпдоо оролцох зорилго тавин, өөрийн хүрч чадаагүй олимпийн аваргын төлөө дайралт хийх болсноо зарлахад олон хүн эргэлзэж байсан нь гарцаагүй.

Тэгвэл 47 настай Фокс-Питт олимпийн эрхээ авч, Риод ирээд байна. Сүүлийн 3 олимпоос 2 мөнгө, 1 хүрлийг багийн төрлөөс хүртсэн түүний баг одоогоор 7-р байрт бичигдэж байгаа. Тийм ч учир алт хүртэх мөрөөдөл нь биелэхгүй байх магадлалтай ч түүний түүх олон залууст өөр өөрсдийнхөө мөрөөдлийг бодит болгох хүсэл зориг өгөх нь гарцаагүй.