Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэчимэг: Монгол уран нугаралт дэлхийн ЦИРКИЙН БРЭНД болж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголчуудын бахархал болсон уран нугаралтын төрлийг Гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилготой 350 уран нугараачийн үзүүлбэр маргааш 21:00 цагт Чингисийн талбайд болох гэж байна.

Тус үзүүлбэрийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийнхөн санаачлан зохион байгуулж байгаа юм. Уг түүхэн үйл явдалд оролцохоор уран нугаралтын ахмад багш, дасгалжуулагч Ж.Эрдэнэчимэг Монголдоо ирээд байна.

Тэрбээр дэлхийд алдартай Нарны Цирк /Cirque du Soleil/-ийн “O” шоунд ажилладаг бөгөөд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо амьдардаг.

Уран нугаралтын салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа түүнтэй бид уулзаж сонирхолтой яриа өрнүүллээ.


-Монгол уран нугаралтыг Гиннесийн амжилтад бүртгүүлэх үйл ажиллагааны урилга авахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Манай Монголын уран нугаралтын нэр хүнд дэлхийд алдартай учраас 350 хүнийг цуглуулсан ийм том арга хэмжээ зохион байгуулж байгаа юм билээ.

Арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас хамгийн шилдэг уран нугараачдыг авчирсан. Мөн гадаадад ажиллаж буй уран нугараачиддаа энэ мэдээллийг дамжуулж, ирж оролцох урилга өгсөн.

АНУ-аас гурван ахмад уран бүтээлч, Туркээс нэг Монгол уран бүтээлч ирсэн байгаа. Урилга авахад их сайхан байсан. Учир нь би 50 гаруй жил энэ мэргэжилдээ үнэнч явж байгаагийн хувьд энэ арга хэмжээнд оролцъё гэж зориод ирлээ.

-Монголд ирэхэд Монгол уран нугараачдын түвшин ямар санагдаж байна?

-Манай уран нугаралтын түвшин өнөөдрийг хүртэл дэлхийд өндөр түвшинд үнэлэгдэж байгаа хэвээрээ. Уран нугаралт маань дэлхийн циркийн брэнд болох түвшинд явж байгаа.

-Та “Нарны цирк”-т ажилладаг. Дэлхийд алдартай энэ циркд ажиллах болсон түүхээсээ хуваалцана уу?

-Би 1990 он хүртэл Монгол Улсын Циркд 23 жил ажилласан. Ардчилал манай улсын бүхий л салбарт нөлөөлсний нэг нь урлагийн салбар. Тухайн үед манай уран уран нугаралтын жүжигчид дэлхийн олон улсын циркүүдээр явж аялан тоглолт хийж эхэллээ.

Миний хувьд тэр үеэс хойш долоон жил аялж, уран бүтээлээ толилуулсан. “Нарны цирк” дэлхийн хамгийн том цирк учраас үүнд оролцон тоглох хүсэл энэ хугацаанд үргэлж миний сэтгэлд байлаа.

Тийм болохоор өөрийнхөө тодорхойлолтыг байнга явуулж байв. Ингээд 1998 онд Лас Вегас хотын Беллажиод “Нарны цирк”-ийн “О” шоуны уран нугаралтын багшаар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас  хойш 18 жил өнгөрөөд байна.

-“Нарны цирк”-ийн “О” шоуны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар онцлогтой вэ?

-“Нарны цирк”-ийн “О” шоу бол усан дээрх хамгийн анхны шоу юм. Беллажио зочид буудлыг энэ шоунд зориулж тоног төхөөрөмж, техникээр хангаж, тайзыг зассан байдаг.

“О” шоунд дэлхийн 23 орноос жүжигчид, тамирчид оролцдог. Олимпийн аваргууд, усанд шумбагчид гэх мэт 70-80 хувь нь тамирчид байдаг бол 20-30 хувийг нь мэргэжлийн циркчид эзэлдэг онцлогтой.

-“О” шоунд хэдэн Монгол уран бүтээлчид оролцдог вэ?

-“О” шоунд дэлхийн 23 орны жүжигчид оролцдог. Уран нугаралтаа төлөөлж дөрвөн Монгол охин бий.

"O" шоу

-Багш хүний тань хувьд асууя. Нэг сайн уран нугараачийг бэлдэхэд хэр их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг вэ?

-Дасгалжуулагч багш гэдэг бол бэлдсэн жүжигчид дээр ажилладаг. Тухайн жүжигчдийн бэлтгэлийг нэг түвшинд байлгаж, улмаар сайжруулах нь дасгалжуулагч, багшийн үүрэг зорилго юм. Багш хүн гэдэг бол уран нугараач болох хүсэлтэй хүүхдүүдэд зааж, мэргэжлийн уран нугараач болгодог.

Уран нугаралтын багш хүн нэг хүүхэдтэй хамтран ажиллахад 4-5 жилийн уйгагүй их хөдөлмөр шаардагддаг. Үүнд 7 хоногийн 6 өдөр 3-4 цагт тогтмол сургууль хийж байж мэргэжлийн уран нугараач болох шаардлагыг хангадаг.

-Монголын уран нугаралт дэлхийд өндрөөр үнэлэгддэг гэж та хэллээ. Өндрөөр үнэлэгдэж буй учир шалтгаан юу вэ?

-Монголын уран нугаралт өндрөөр үнэлэгддэг гол шалтгаан нь сургалтандаа байдаг. Дэлхийд уян хатан чанартай, уран нугардаг хүмүүс бий. Гэхдээ тэнд сургалт явагддаггүй. Ихэвчлэн сайн дураараа нугарах хүсэлтэй хүмүүс байдаг. Сургалт явагддаггүй учраас нарийн сургалт явуулсан Монголын уран нугаралтын түвшинг гүйцдэггүй.

Сургалтын энэ онцлог Монголын уран нугаралтыг дэлхийн брэнд болоход нөлөө үзүүлсэн. Хоёрдугаарт Ази хүний биеийн онцлог нь уян налархай бөгөөд тэр нь удаан хадгалагддаг. ​Европ, Америкийн уран нугараачид залуудаа нугараад зогсох нь хурдаг байдаг.

Харин Монголын уран нугараачид дасгал сургуулилтаа хийгээд байхад олон жил нугарах боломжтой.

-Манай уран бүтээлчдийн авъяас чадвар, биеийн онцлог дэлхийд өндөр түвшинд үнэлэгддэг хэдий ч Монголдоо шоу үзүүлбэр бараг хийдэггүй. Бидэнд яг юу дутагдалтай байгаа вэ. Таны ажиллаж буй газар, Монголыэн нөхцөл байдал хоорондын гол ялгаа?

-Хөрөнгө, мөнгөний асуудал их байна. Социализмын үед соёлын бүх байгууллагууд төсвөөс санхүүждэг байсан. 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар бүх байгууллагуудад нөлөөлсөн л дөө.

Улсаас цалинжаад явж байсан багш нар цалингүй, нугараачид байргүй болчихсон. Сайн уран бүтээл, шоу гаргана гэдэг бол санхүүгийн их хэмжээний тусламжаар бүтдэг. Манайд ийм нөхцөл нь байхгүй. Ялгаа нь үүнд байгаа гэж бий боддог.

-Ихэнх чадварлаг уран бүтээлчид гадагш гараад явчихсан гэж ойлгож болох уу?

-Энэ бол тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалсан зүйл л дээ. Бид тоглолт хийж байж цалин мөнгөтэйгээ золгох учир хаана тоглолт хийх боломжтой байна тэр газар руу явсан.

Үнэхээр муу байсан бол биднийг авахгүй шүү дээ. Үргэлжлүүлээд гэрээ байгуулан ажиллаад байна гэдэг бол манай уран нугаралтын чанарыг харуулна.

Нөгөө талаас нь харвал гадаадад явснаараа бид Монгол улсынхээ нэрийг гаргаж, энэ урлагаа өнөөдрийг хүртэл сурталчилж байгаа гэж боддог.

 

-Уран нугаралтаар хичээллэснээр хувь хүний хувьд ямар давуу талуудыг бий болгодог вэ?

- Уран нугараач маш сайхан мэргэжил. Нэг талаасаа тамирчин, нөгөө талаасаа урлагийн хүн гэсэн үг. Уран нугаралт хүнд тэвчээр, хатуужил, сахилга бат, тууштай байх чанаруудыг бий болгодог. Үүнээс гадна хүний бие махбодийг их сайхан болгож, уян хатан чанарыг хадгална.

Мөн уран нугаралтаар хичээллэсэн хүүхдүүд хэрхэн зөв хооллох талаар мэдлэгтэй болж, эрүүл мэнд, гоо сайхнаараа ялгарч, урт удаан наслах боломжтой байдаг.

-Мэргэжилтэйгээ холбоотой таны цаашдын зорьж буй зүйл тань юу вэ?

-Би уран нугаралтаар 50 гаруй жил ажилласны хувьд хэлэхэд манай уран нугаралт дэлхийд брэнд болсон ч дутагдалтай зүйл бас бий. 1970-1980 оны үеийн сайхан сургалт маань унах тийшээгээ хандаж байгаа юм болов уу гэж боддог. Үүнээс болоод мэргэжлийнхэн цөөрч, мэргэжлийн бус хүмүүс их болжээ.

Мэргэжлийн бус хүмүүс зааснаараа техникийн буруу эзэмшүүлж, нурууны эд эрхтэнд өвчин үүсгэх эрсдэлтэй. Тийм хүмүүс бидний үеийнхэн шиг удаан нугарч чадахгүй халширдаг, өвддөг.

Тиймээс сэтгэл санаа их зовж явдаг юм. Сургалтын тал дээр өөрийн бодож явдаг зүйл, туршлагаа хуваалцаж, нугараачиддаа гарын авлага болгоё гэж бодож байгаа.

-Баярлалаа, таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа. 

 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn