Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Рио де Жанейро: Тамд тавтай морил!

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN

Бразилийн Рио де Жанейро хотод Олимпийн наадам эхлэхэд арав хүрэхгүй хоног үлджээ.

Гэвч энэ удаагийн Олимпийг түүхэнд байгаагүй бэлтгэл муутай, зохион байгуулалтгүй болж байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлсээр байна.

Сүүлийн хэд хоног Риогоос тааруу мэдээ тасралтгүй ирсээр байгаа нь үүнийг харуулж байгаа юм.

 

Тамд тавтай морил!

 

Риогийн цагдаа, гал сөнөөгчид цалингаа авч чадахгүй байгаа тул тус хотод ирж буй гадаадын зочдыг ийм мэдэгдэлтэй угтаж байгаа юм. Тэд энэ хотод ирж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй болсноо дуулгаж, өөрийн хотыг гадныхны хувьд там байх болно гэж сануулж байна.

 

Түүхэнд байгаагүй үнэтэй барьцаалалт

 

Формула Нэг авто уралдааны эзэн Берни Эклстоун бол 85 настай Англи эр бөгөөд $3 тэрбумын хөрөнгөтэй Бразилийн тэргүүн баячуудын нэг. Тэр өөрөөсөө 38 насаар дүү Бразилийн модель Фабиана Флосиг эхнэрээ болгосон юм. Харин саяхан дээрэмчид модель бүсгүйн ээж буюу Эклстоуны хадам эхийг хулгайлан барьцаалж $36.5 саяыг нэхээд байна. Энэ бол Бразилийн гэмт хэргийн түүхэнд байгаагүй том хэмжээ юм.

Энэ явдал Сан Пауло хотод болсон ч Риогоос тийм ч холгүйг санах хэрэгтэй.

 

Цагдаа нарын дээрэм

 

Шинэ Зеландын багийн тамирчин Жэсон Ли саяхан Риогийн цагдаад дээрэмдүүлснээ мэдээлжээ. Түүнийг машинтай явж байхад нь хоёр цагдаа зогсоож буу тулган нэгжсэн гэнэ.

Тэд Жэсоныг жолоо барихдаа паспортоо биедээ авч явсангүй гээд $600 орчмоор торгожээ. Бэлэн мөнгөгүй байсан тул тамирчныг цагдаа нар машиндаа суулган авч яваад ойролцоох ATM-ээс мөнгө авхуулсан гэнэ. Гэвч тэд энэ тухай хэнд ч хэлэхгүй байхыг сануулаад явсан байна.

 

Олимпийн билэгдэлтэй кокайн

Өчигдөр Блүүмбергийн мэдээлснээр хар тамхины наймаачид Олимпийн наадмын сүр дуулианыг өөрсдийн бизнестээ ашиглаж эхэлжээ. Хурааж авсан кокайны жижиг уутан дээр Олимпийн билэгдэл таван цагиргийг дүрсэлсэн байгааг илрүүлсэн байна.

 

Бэлэн болоогүй Олимпийн хотхон

 

Өчигдөр гарсан бас нэг мэдээлэл бол тамирчид байрлах Олимпийн хотхоны 31 барилгын 19 нь аюулгүй байдлын стандартыг хангаагүй тухай байлаа.

10,000 орчим тамирчин наадамд оролцохоор ирж эхэлсэн ч тэдний байрлах хотхон ус алдсан, барилгын дараах цэвэрлэгээ хийгдээгүй, гэрэл цахилгаангүй, хий алдагдсан байдалтай байгааг хэвлэлүүд мэдээлж байна. 17 давхар эдгээр байрнуудын дээд давхарт бүрэн ачаалалтай үед ус хүрэлцэхгүй байгааг шалгаж үзсэн тамирчид мэдээлжээ.

 

Дээр дурдаагүй өөр нэг эрсдэл бол Зика вирус. Юутай ч ийм олон асуудал дунд Зуны Олимпийн наадам эхлэх гэж байна. Цаашид юу тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй.

 

Эх сурвалж: The Guardian, Bloomberg, BBC