Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Галт тэрэгний ослын дараах сэргээн босголтын ажилд 7.8 сая төгрөг зарцуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймагт гарсан ачааны галт тэрэгний ослын талаар УБТЗ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. 

Энэхүү галт тэргэнд ОХУ-аас БНХАУ-руу мод, модон бүтээгдэхүүн тээвэрлэж явсан аж. Вагон нь ОХУ-ынх бөгөөд элэгдэл, хорогдлыг тооцон, хохирол барагдуулах асуудлыг хоёр тал хамтарч шийдэх юм байна. Олон улсын транзит тээврийг доголдуулахгүйн тулд осол гарсан шөнөдөө багтаан ачааг өөр вагонд ачуулж БНХАУ-руу явуулжээ. 

УБТЗ-ын хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай “2016 оны долоодугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:58 цагт УБТЗ-ын Дархан өртөөний 14-р замд ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээврээр мод ачиж явсан 2504-р галт тэрэг замаас гарсан осол болсон. 

Уг ослын улмаас галт тэрэгний дундаас зургаан вагон замаас гарсан. Эхний вагон замаас гарсны улмаас тормосны гол хоолой болон вагонууд салгагдаж уг вагонууд араас нь инерцээрээ түрсэнээс зургаан вагон дундаасаа бүлтэрч гарсан байдалтай байсан. Замын удирдлага шуурхай арга хэмжээ авч газар дээр нь комисс ажиллан, сэргээн босгох ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулснаар, төмөр замын тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Ослын улмаас хүн болон байгальд сөрөг нөлөө гараагүй 

Энэ ослоос шалтгаалж иргэд болон галт тэрэг, байгаль орчинд сөрөг нөлөө гараагүй. Өнөөдрийн байдлаар ослын шалтгааныг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дархан-Уул аймагт осол болохын өмнөх хоёр өдөр үргэлжилсэн усархаг бороотой байсан нь осол  гарахад нөлөөлсөн байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа” гэлээ. 

Сэргээн босгон ажлыг тэр дор нь эхлүүлсэн бөгөөд 7.8 сая төгрөг зарцуулсан байна. Ослыг шалтгааныг тогтоох комисс томилогдон ажиллаж байгаа учир урьдчилсан байдлаар тайлбар хэлэх боломжгүй байгааг онцолсон юм.