Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Кристи Тогучигийн илбийн үзүүлбэр “Хар Сувд” хөлөг онгоцонд болно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 18
iKon.MN
 

АНУ-ын илбэчин, дэлхий нийтэд хэдийнэ танил болсон Кристи Тогучи Монголд иржээ. Тэрбээр энэ сарын 20-н буюу Лхагва гарагт "MAGIC SHOW" нэртэй арга хэмжээ зохион байгуулах бөгөөд илбийн гайхамшгийг мэдрүүлэх аж.

Илбийн үзүүлбэр хүүхдийн паркт байрлах “Хар Сувд” хөлөг онгоцонд болно

Илбэчин Кристигийн гайхамшигт үзүүлбэр, тоглолтыг Монголын үзэгчдэд толилуулахад "Их эзэн хааны Театр”-ын захирал, балетмейстер Д.Дашлхагва, АНУ-д Монголын уран нугаралтын урлагийг анхлан танилцуулж, хөгжүүлсэн "Уян биеийн урлаг" компанийн захирал, уран нугараач, хатагтай А.Отгонцэцэг нар үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Лхагва гарагт болох энэхүү илбийн үзүүлбэр хүүхдийн паркт байрлах “Хар Сувд” хөлөг онгоцонд 20:00 цагт болно. “Magic Show”-ны тайзнаа илбэчин Кристи Монголын залуу илбэчдийн хамтаар илбийн гайхалтай шоу толилуулахаас гадна модерн бүжгийн үзүүлбэр, уран нугаралтын үзүүлбэр мөн дуучин Э.Урангоо, Х.Соёмбо, Б.Ган-Эрдэнэ, Жожо, Ариу, Б.Билгүүн, "House Party" хамтлаг, хөтлөгч Зэндмэнэ, DJ NEX та бүхэнтэй хамт байх болно. Тасалбарын тухайд, 5,000 төгрөг аж.
Илбэчин Криста Тогучигийн тухайд

Хавай гаралтай илбэчин Криста нь Гурван үе дамжсан илбэчин, акробатчин, бүжигчин, уран нугараач мөн Тайко хэмээх өвөрмөц төрлийн бөмбөр тоглодог, Лас Вегасын алдартай "The Femmes" дуэтын гишүүн юм. Авьяаслаг энэ уран бүтээлч урлагийн олон төрлийн үзүүлбэрийг хооронд нь хослуулж тоглодогоороо илбийн урлагт онцгой, өвөрмөц стилийг гаргаж ирсэн гэж үздэг.

 

Дунд сургуулиас илбэчний гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Олон улсын шинж чанартай тэмцээн уралдаанууд, телевизийн нэвтрүүлгүүд, хандивын арга хэмжээ, маш олон төрлийн компанит ажилд амжилттай оролцжээ. Түүний авьяас чадвар АНУ-ын Илбийн холбооны ОУ-ын хэмжээний тэмцээний үеэр олон нийтэд анх танигдаж байсан ба Хонг Конг, Япон зэрэг улсаас энэ зууны "Шилдэг илбэчин" хэмээх шагналыг хүртэж байжээ. 

Одоо тэрбээр Лас Вегас дахь "Aerial Fitness School"-ийн үйл ажиллагааг удирдан явуулдаг бөгөөд энд өөрийн Илбийн мэдлэгээ бусадтай хуваалцаж байгаа илбийн өндөр туршлагатай, дасгалжуулагч багш юм. Түүний шавь, оюутан, сурагчид өдгөө дэлхийн хэмжээний алдартай илбэчид болсон байгааг Олимпийн наадам, телевизийн нэр хүндтэй нэвтрүүлгүүд болон "Motley Crue" хэмээх аялан тоглолтонд олон удаа оролцож ирсэн зэрэг жишээнүүдээс харж болно.