Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс дэлхийн тавцанд дахин нэг удаа

Б.Даваатогтох, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 19
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Дэлхий нийтээр даяарчлагдаж, олон улсын тавцанд улс орнуудын нөхцөл байдал, харилцаа холбоо хувьсан өөрчлөгдсөөр байна. Харин ийм цаг дор хатуу шийдэлд хүрэхгүй ч асуудлаа ярилцаж, ойлголцдог “чөлөөт” индэр байх нь ихээхэн чухал.

Тэгвэл Ази, Европын улс орнуудад тулгарч буй асуудлуудын зангилааг тайлах АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс өнгөрсөн өдрүүдэд анх удаа амжилттай зохион байгууллаа.

Анх Ази, Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт хийх санаачилгыг Сингапур, Францын удирдагчид 1994 онд гаргаж, анхны дээд хэмжээний уулзалт 1996 онд Тайландын нийслэл Бангкок хотноо болсноор уг хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй байдаг.

Тэгвэл энэ удаагийн дээд түвшний уулзалт АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн үгэндээ дурдсан юм.

Ази, Европын улс орнуудын удирдагчид уулзаж, асуудлаа ярьдаг энэхүү институцийн хамрах хүрээг дэлхийн хэмжээнд газар нутаг, хүн амынх нь тоогоор аваад үзвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы дараа эрэмбэлэгдэх хамгийн чухал цугларалт хэмээн тодорхойлж болно.

АСЕМ-ийн уулзалт албан бус, энгийн болдгоороо давуу талтай. 

Учир нь АСЕМ-ийн гишүүн орнуудад дэлхийн нийт хүн амын 63 хувь нь амьдарч, тэд дэлхийн ДНБ-ий 50 орчим хувийг бүтээж, дэлхийн худалдааны эргэлтийн 60 хувийг бүрдүүлж байгаа юм.

АСЕМ-ийн уулзалт албан бус, энгийн болдгоороо давуу талтай. Нөгөөтэйгөөр, дэлхийн геополитикийн гол тоглогчид АСЕМ-ийн бүрэлдэхүүнд бий. Тэр ч утгаараа АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нь нэр төрийн хэрэгт тооцогддог билээ.

Хамаарах нутаг дэвсгэрийн хувьд ч, харьяалагдаж буй хүн ам, улс орнуудын тоогоороо ч Ази, Европынхны уулзалтад хэлэлцэх асуудал их. Тухайлбал, бүс нутгийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, цагаачлал, терроризм. 

Тэгвэл энэ удаагийн уулзалтаар “АСЕМ-ийн 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн хүрээнд албан бус хэлэлцүүлэг өрнүүлж, “Хурлын даргын мэдэгдэл” болон “Улаанбаатарын тунхаглал” гэсэн хоёр ч баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичгүүд нь АСЕМ-ийн үйл явцыг урагшлуулахын зэрэгцээ хоёр тивийн харилцаа холбоог өргөн хүрээнд бэхжүүлэх хөтөч зураг хэмээн өн дөр дээд түвшний төлөөлөгчид тодорхойлж байна.

Монгол Улс АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг тун амжилттай зохион байгууллаа гэж оролцогчид дүгнэж байгаа юм. Тухайлбал, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер АСЕМ-ийн дээд түвшний 10 уулзалтад өмнө нь оролцсон боловч энэ удаагийнх хамгийн үр дүнтэй, өндөр түвшний зохион байгуулалттай байлаа хэмээн тодотгосон. 

“АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулснаар улс орныхоо нэр хүндийг дэлхийн түвшинд өргөөд зогсохгүй энэ бүх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хүний нөөц, мэдлэг туршлага зөвхөн Монгол Улсад үлдэнэ. Ингэснээр дараа дараагийн олон улсын арга хэмжээг зохион байгуулах хөрс суурь бүрдэж буй нь мөнгөн дүнгээр илэрхийлж боломгүй ач холбогдолтой” хэмээн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уулзалтын төгсгөлд хэвлэлийнхэнд хандан онцолсон.

Нөгөөтэйгөөр, Монгол Улс ийм өргөн цар хүрээтэй олон улсын арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ анх удаагаа нэгэн зэрэг олон улсын төрийн болон албан ёсны айлчлалуудыг хүлээн авсан нь дипломат албаны төдийгүй Монголын түүхэнд томоохон үйл явдлын нэг болсон. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцохын сацуу Япон, Сингапур, БНХАУ, БНСВУ-ын Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Эдгээр айлчлалын үр дүнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, хүлээлт үүсгээд байсан зарим асуудал шийдэгдсэн хэмээн тодорхойлж болно.

Тухайлбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян айлчлалынхаа үеэр Монгол Улсын хугацаа хэтэрсэн өрийг тэглэснийг дуулгав. 

Хятад Улсын Засгийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтөд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улс БНХАУ-д төлөх ёстой ч хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл болон 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээрийг байгууллаа.

Мөн Хятад Улсын Засгийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтөд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.

БНХАУ-ын бэлгийн цуваа үүгээр дууссангүй. Тодруулбал, 30 сая ам.доллараар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв" барьж өгөхийн зэрэгцээ Баянхонгор-Байдрагийн гүүрний 129 км, Тосонцэнгэл-Улиастайн 114 км, авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав.

Үүнээс гадна АСЕМ-ийн хүрээнд шийдэгдсэн асуудлуудын нэг нь Сингапур улсын визийн хөнгөлөлтийн хэлэлцээр байлаа.

Тодруулбал, хоёр орны иргэд 30 хоногийн турш харилцан визгүй зорчих асуудлаар тохиролцож чадлаа. Түүнчлэн дипломат болон албан паспорт эзэмшигчид Мальта улс руу харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулсан юм. Энэ мэтчилэн АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулсны эерэг үр дүнгүүд гарсаар байна. 

Дашрамд дурдахад, Монгол Улсад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулсан өдрүүдэд Монгол Улс болоод АСЕМ-ийн талаарх мэдээллийг дэлхийн 1.5 тэрбум хүн хүлээн авсан гэх мэдээлэл бий.

Найман зууны өмнө Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн элчүүд уулздаг байсан тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг нээхдээ онцолсон. Тэгвэл XXI зуунд Монгол Улс дэлхийн тавцанд дахин нэрээ тунхаглалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд Италийн Милан хотноо АСЕМ буюу улс төрийн “олимп”-ийг зохион байгуулах эрхийг авлаа хэмээн дуулгахад амжилттай зохион байгуулж чадах, эсэхэд хүн бүхэн эргэлзэж байсан. 

Тэгвэл Монгол Улс АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг үнэмлэхүй түвшинд, амжилттай зохион байгуулснаар тэрхүү эргэлзээ, үл ойлголцолд цэг тавив. Мөн АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулсны гол ач холбогдол нь хэдэн төгрөгт бус Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин сайжирч, дэлхийд үнэлэгдэх үнэлэмж нэмэгдсэн байгаа юм. Үүнийг мөнгөөр хэмжих боломжгүй.


ЭШЛЭЛ 

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск:

 -АСЕМ-ийн зохион байгуулалт өндөр түвшинд байлаа. Энэ удаагийн уулзалт хэзээ ч мартагдахааргүй дурсамж бидэнд үлдээлээ.

Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер: 

-Монголд болсон АСЕМ-ийн уулзалт өмнөх бүх уулзалтаас хамгийн үр дүнтэй нь байлаа. Энэ арга хэмжээ Ази-Европ хоёр тивийг ойртуулж өгдөг. Энэ удаагийнх хамгийн онцлог нь байлаа.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч У Тин Чяу:

-Монгол Улсад баярлалаа. Үнэхээр мэргэжлийн түвшинд зохион байгууллаа гэж үзэж байна.

Бүгд Найрамдах Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо:

-Энэхүү уулзалт бидэнд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцах боломжийг олгосон. Бид ирэх 10 жилдээ АСЕМ-ийг улам урагшлуулахад бэлэн байна.

 

Зураг