Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Задрал, нэгдлийн завсар

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 19
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

“Монгол дэлхийн худалдааны төв байсан”. Цэнхрээр эмжиж, шараар хосолсон Евразийн газрын зураг найман зууны тэртээх түүхийг өгүүлэн Төрийн ордны А танхимын хоймор эзлэн, зурайна. Чингис хааны нэрэмжит энэ танхимын индэрт нэгэн эрхэм дэлхийн худалдааны түүхийг сөхөж, Монголын оролцоог үнэлэхдээ нийтлэлийн эхэнд эш татсан дээрх өгүүлбэрийг хэлсэн юм.

Энэ эрхэм бол дэгжин гэгчийн хослолтой, Дэлхийн банкны БНХАУ, Монгол, БНСУ, Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан суурин төлөөлөгч Берт Хофман байлаа. Тэрбээр тун итгэл төгс хэлсэн нь олон хүний таалалд нийцэв. Түүхийн шарласан хуудсыг сөхвөл, Монгол Улс өрнө, дорнын зангилаа, жуулчин, худалдаачдын төв цэг болж байсан үе бий.

Тэгвэл түүхийн ээдрээт эргүүлэгт бүдгэрсэн энэ үүргээ одоо ч үргэлжлүүлэх боломжтой. “Монгол бол нээлттэй, аюулгүй коридор” гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг, өгүүлэх гэсэн санаа ч ийм байв.

Монголчууд Ази, Европыг холбосон их гүрэн байгуулж явсан аугаа түүхтэй. Олон зууны өмнө Монголын нийслэлд Ази, Европын бизнес, худалдааны олон элч, төлөөлөгч чуулж байсан” гэж Төрийн тэргүүн мэдэгдсэн.

Харин энэ үүргээ дахин гүйцэтгэх хүсэл нь эдүгээ улам бадарч буйг Ази, Европын бизнесийн 15 дугаар уулзалтад хэлсэн төрийн өндөрлөгүүдийн үгнээс түвэггүй уншиж болохоор байна. Ази, Европын дээд түвшний уулзалтыг угтсан бизнесийн чуулган энэ сарын 13, 14-нд Улаанбаатар хотод болсон нь энэ.

Ахин нэг түүх сөхье. Сурвалж бичигт дурдсанаар олон зууны өмнө өрнө, дорнын төлөөлөгчид Монголд чуулж, хэлхээ холбоог хэлэлцэж байжээ.

Бүр хоёр тивийн иргэд хооронд чөлөөтэй зорчих талаар хүүрнэж байсан гэдэг. Тэгвэл өдгөө Монгол нутагт чуулж буй худалдаа, хөрөнгө оруулагчид мөн хэлхээ холбоог хэлэлцэв. Хэлхээ холбоог зөвхөн дэд бүтэц бус, төрөл тус бүрээр нь ангилж байна. Ингээд хэлхээ холбоо бүртэй танилцана уу.


ГУРВАН БААВГАЙ НЭГ ЗҮГТ

Мазаалай, панда, цагаан баавгай гурав нэг зүгт алхаж явна. Монгол мазаалай, Оросын цагаан баавгай, Хятадын хулсны баавгай ижил чигт алхаж буйн учир юусан билээ. Гадаад хэргийн яамны газрын дарга Ё.Манлайбаярын тайлбарлаж буйгаар энэ гурван улсын төлөөлөл Эдийн засгийн коридорын бэлгэдэл аж. Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн cap гаруйн өмнө Узбекистаны Ташкент хотноо уулзаж, улс дамнасан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр баталсан.

Хоёр гүрэн, цаашлаад хос тивийг холбох энэ коридор хэдийн цаасан дээр буусан. 32 төслөөс бүрдэх энэ коридорын хөтөлбөр урагшлахад бэлэн, санхүүжилтээ хүлээн буй. Тиймээс Монгол Улс эл төслийг хөрөнгө оруулагчдын өмнө дэлгэж байна.

Харин хөрөнгө оруулагчид төслийг шимтэн судалж, нааштай хариу хэлнэ гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсаас хариуцлага, бизнесийн соёлыг нэхэж байна. 

Ер нь Ази, Европын бизнесийн чуулганд хүрэлцэн ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид үр өгөөжтэй төслийн эрэлд хатаж буйгаа, ашигтай л бол хэдийг ч олгоход бэлэн болохоо хэлэв.

Хариуд нь Монгол Улсаас хариуцлага, бизнесийн соёлыг нэхэж байна. Чухам яагаад хөрөнгө оруулагчдын сонирхол ийм өндөр байгааг дараа тайлбарлана.

Эдийн засгийн коридор нь эх газраас түгжигдсэн Монгол Улсад далайд хүрэх гарц гэдгийг оролцогчид онцолж байв. “Далайгаар хүрээлүүлсэн орнууд хамгийн хямд тээврийг шилж, худалдаа хийдэг. Харин далайд гарцгүй орнууд сонголтгүй.

Зөвхөн боломжит тээврээ ашиглахаас өөр аргагүй” гэж Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн тээврийн хэлтсийн дарга Роберт Гийлд ярилаа. Тэр дундаа далайд гарцгүй орнууд голлодог Төв Азийн хэлхээ холбоог тэлэхэд найман их наяд ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Иймд дэд бүтцийн хэлхээ холбоог тэлэх санаачилгыг улс орнууд эхлүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын санаачилсан 60 улсыг хамрах “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд нийт 900 төсөл хэрэгжүүлнэ гэсэн тооцоо гарчээ. Хоёр тивийн бизнесийн чуулганы эхний сэдэв нь энэ. Төлөөлөгчид дэд бүтцийн хэлхээг хэлэлцэв.

МӨНГӨ ХАЛЬСАН ДЭЛХИЙ

Харин одоо дээр хэлэлгүй орхисон хөрөнгө оруулагчдын сонирхол яагаад өндөр байгааг тайлбарлая. Санхүүгийн салхи уламжлалт жанжин шугамаасаа хазайсныг та анзаарсан уу? Дэлхий даяар санхүүгийн зардал сүүлийн 500 жилийн доод цэгт хүрчээ. Наад зах нь зарим улсын Төв банк бодлогын хүүгээ хасах хувьд шилжүүлж байна.

Товчхондоо, бид банкнаас зээл авсныхаа төлөө заавал хүү төлдөг. Харин одоо зээл авсны чинь төлөө банк танд мөнгө төлдөг зарчим үйлчилж эхэллээ.

Хөрөнгө оруулагчдын халаасыг тэмтрэхгүйгээр түвэггүй ойлгочихож болохоор байна. 

Хүү яагаад буурав. Ер нь юмны үнэ яагаад буурдаг вэ? Олширч, илүүдэл үүссэнээс үнэ урууддаг зах зээлийн бичигдээгүй хууль бий. Тэгэхээр санхүүгийн зардал буурсан нь мөнгөний илүүдэл дэлхийд үүссэнийг илтгэж байна.

Хөрөнгө оруулагчдын халаасыг тэмтрэхгүйгээр түвэггүй ойлгочихож болохоор байна. Иймд өгөөжтэй төслийн эрэлд гарч, дэлхийгээр нэгтгэж буй хэрэг. Гагцхүү ашиг л чухал. Гэвч энэ дэврүүн хүсэлтэй зэрэгцээд санаанд нь нийцэх, ахиухан ашиг өгчих “алимны мод” даанч ховор. Хэдийгээр дэлхийн эдийн засаг сайнгүй байгаа ч ашгийн төлөө халаасаа хоослоход бэлэн хөрөнгө оруулагчид дүүрэн ажээ.

Үүнээс гадна хөрөнгө оруулалтын таатай орчны талаар хөндлөө. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин нь мөнгө ашиглахгүй, сайжруулж болдог арга хэрэгсэл. Иймд улам тогтвортой болгох, бизнесийн ижил хэл, зарчмаар тив ялгалгүй ярих нь чухал хэвээр байгааг хөрөнгө оруулагчид сануулав. Ийнхүү дэд бүтцээр эхэлсэн бизнесийн чуулган санхүүгийн хэлхээ холбоогоор өрнөсөн юм.

НОГООН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ ХҮСЭЛ

“Монголын говиос ногоон эрчим хүч гаргаж, Зүүн өмнөд Азийг хангана”. Одоогоос хэдхэн жилийн өмнө энэ өгүүлбэрийг тоть шиг давтаад хөрөнгө оруулагчдын хаалгыг татдаг байлаа. Харин үүнийг сонссон зарим хөрөнгө оруулагч өөдөөс минь тэсэлгүй инээж, “Та тун тоглоомтой хүн юм” гэх, эсвэл зарим нь шууд л тэнэглэл хэмээн хэлчихдэг байсан”.

ASEAN-ийн Эдийн засгийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Хидетоши Нишимура хэдэн жилийн өмнөх дурсамжаасаа ийн хуваалцав. Тэгвэл одоо түүний оролцсон энэ санаачилга биеллээ олох цонх нээгдээд байна. Бас хөрөнгө оруулагчид итгэж, мөнгөө өгч эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, ногоон эдийн засагт хөрөнгө оруулах нь сонирхол бус, шаардлага болоод буйг хөрөнгө оруулагчид ухаарч эхэлсэн нь энэ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалт их наяд ам.доллараар хэмжигдэх болов.

Гэхдээ дэлхий даяар ногоон эдийн засгийн бодит хүчин чадлыг дутуу ашигласан хэвээр. Байгальд ээлтэй эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь сайшаалтай. Гэвч тунхаглал төдий хэвээр байна. Энэ салбарт их үсрэлт хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн асан С.Оюун хэлсэн.

BREXIT-ИЙН ДАРАА...

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн шинэ Ерөнхий сайд Тераза Мэй үүрэгт ажлаа хүлээн авч, Засгийн газраа эмхэлж эхэллээ. Түүний шинэ Засгийн газарт Brexit-ийг дэмжигчид олонх болох төлөвтэй. Өөрөөр хэлбэл, хатагтай Мэй ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж, Европын Холбооноос тусгаарлах ажлыг яаравчлах нь гэж судлаачид таамаглаж байна. Ингэснээр манай гарагийн хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн нягт, хамгийн амжилттай интеграци эхнээсээ задрах эрсдэл улам нэмэгдэв. Дэлхийн нэг хэсэгт задрал явагдаж байхад энд бид нэгдэл, хэлхээ холбоог бэхжүүлэхээр хэлэлцэж байна.

Иймд бэхжүүлэхээр зорьж буй хэлхээ холбоогоо сайтар судлах, шинжлэх шаардлага байгааг Brexit баталлаа гэж ASEAN-ийн Эдийн засгийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Хидетоши Нишимура хэлсэн. Түүний тайлбарласнаар нэгдэл, интеграцичлал нь угаас сорилт, саад агуулдаг. Үүнийг цаг алдалгүй засаж, сайжруулах нь чухал. Бас хэлхээ холбоонд оролцогчид нь хоорондоо адилгүй, хөгжлийн ялгаатай байж болно.

Гол нь үүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн эрх ашигт суурилсан бус, хүн төвтэй нэгдэл бэх бат бөгөөд урт удаан хугацаанд оршин тогтдог гэж судлаачид үзэж байна.

Энэ үеэр Европын комиссын ерөнхийлөгч Жан Клауд Юнкер чуулганд оролцож, үг хэлсэн. Тэрбээр “Их Британи Европын холбоог орхилоо гээд бид бие бие рүүгээ ар нуруугаа харуулахгүй. Бидний харилцаа шинэ шатанд гарна” гэж чуулганы индрээс мэдэгдэв.

Ази, Европын дээд түвшний уулзалтаар эдийн засаг, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүрэн хэлэлцэж чаддаггүй гэж зарим төлөөлөл шүүмжиллээ. Иймд хоёр тивийн худалдаа, эдийн засгийн харилцааг улам тэлэхийн тулд зогсоод байгаа Ази, Европын Эдийн засгийн сайд нарын уулзалтыг дахин эхлүүлэх санаачилгыг Монгол Улс гаргасан.

Ертөнцийн нөгөө захад өрнөж буй задрах үйл явцыг талын Монголд хэрхэх талаар ийн хэлэлцэв. Ийнхүү гурван баавгайтай, Brexit-тэй, дэврүүн хүсэлтэй хөрөнгө оруулагчидтай Бизнесийн чуулган Монгол Улсад болж өндөрлөлөө.


Онцлох эшлэл

Дэлхийн банкны БНХАУ, Монгол, БНСУ, Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан суурин төлөөлөгч Берт Хофман:

-Шинэ өсөлтийг өдөөж байсан БНХАУ-ын эдийн засаг удааширч, дэлхийн эдийн засгийн өсөлт саарлаа. Гэвч үүнтэй зэрэгцэн бүтээмжийн өсөлт эрчимжиж, инновацийн хөгжил хурдасч байна.

Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирал Ёоланда Фернандиз: 

-Далайд гарцгүй орнууд хямд бус, боломжит тээврээ сонгох шаардлага гардаг. Тиймээс энэ орнууд тээврээс бага хамааралтай салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, үйлчилгээний салбар. Мөн инновацийг хөгжүүлэх нь зүйтэй.

Японы бизнесийн холбооны Ази, Номхон далайн хорооны дарга Масатоши Ито: 

-Түншлэлийн үр шимийг улс орон бүр тэгш хүртэх хэрэгтэй. Зөвхөн хүчирхэг гүрнүүд хүртдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Мөн түншлэл, нэгдэл нь зөвхөн бизнес эрхлэгчид бус, хэрэглэгчид, иргэдэд үр өгөөжөө өгөх ёстой.

FAO-ийн дэд ерөнхийлөгч Кэвин Дэ Вэйн: 

-Худалдааг хөнгөвчлөх, хэлхээ холбоог тэлэх талаар ярьж байгаа ч хил дамнасан халдварт өвчин, эрсдэлийг мартаж болохгүй. Интеграцийн талаар идэвхтэй ярьж буй энэ үед үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг одооноос эхлүүлэх нь чухал.

Зураг