Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТОЙМ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ - 2016

ikon.mn
2016 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. 

Энэ жилийн наадмын нээлт Монгол Улсын түүхийг үечлэн үзүүлсэн үзүүштэй сайхан ёслол болсон юм. 

Наадмын нээлтийг Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан бөгөөд түүний найруулгад наадамчин олон сэтгэл хангалуун байв. Нээлтийн ёслолын ажиллагаанд 3,000 гаруй уран бүтээлч оролцсон байна. 

Мөн энэ жил ноён Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн индрээс наадмыг нээх сүүлийн үгээ хэлэх мөч байснаараа онцлогтой. Тиймээс ч тэрбээр "Монгол түмнийхээ цэнгэлийн манлай – үндэснийхээ их баяр наадмыг би энэ жил найм дахь удаагаа нээж байна. Найман хүү төрүүлж өсгөсөн малчин ээж аавын эгэл хүүгийн хувьд би энэ их билигшээл хүндэтгэлд сүслэж, Монгол түмнийхээ их буян заяа, босоо хийморьт үеийн үедээ залбирч явах болно" гэж наадмыг нээж хэлсэн үгэндээ онцлон, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн дэвсэн юм. 

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морь, сур харваа, шагайн харвааны дүн мэдээг iKon.mn нэгтгэн хүргэж байна. 

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН:

Дөрвөн тэгш ой тохиосон энэ жилийн наадмаар 1024 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх Ч.Санжаадамба Улсын наадамд түрүүллээ. 

 

Харин Архангай аймгийн харьяат Р.Пүрэвдагва үзүүрлэсэн юм. 

Энэ жилийн наадмаар шинээр:

  • Начин 14
  • Харцага 6
  • Заан 2
  • Арслан 1 төрлөө. 

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН:

Хурдан морины нийт зургаан нас тус бүрийн айргийн тавын дүн мэдээг танилцуулж байна. 

АЗАРГА

 
Түрүү магнай: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын хурдан халиун, Гэрэл зургийг mpa.mn
  • Түрүү магнай: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын хурдан халиун,
  • Аман хүзүүнд: Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын наран хонгор,
  • Айргийн гуравт: Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн Шөвгөр зээрд,
  • Айргийн дөрөвт: Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Д. Дагвадоржийн буган халтар,
  • Айргийн тавд: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Энхтөрийн хул хурдалж, наадамчин олноо баясгалаа.

ИХ НАС

 
Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор, Гэрэл зургийг mpa.mn
  • Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор,
  • Аман хүзүүнд: Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Д.Баяраагийн хурдан хүрэн, 
  • Айргийн гуравт: Төв аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Хакухо М.Даваажаргалын хүрэн зээрд,
  • Айргийн дөрөвт: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ц.Хэнмэдэхийн дэлтэй хонгор,
  • Айргийн тавд: Завхан аймгийн Идэр сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

СОЁОЛОН

 
Түрүү магнай: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн хурдан бор үрээ, Гэрэл зургийг mpa.mn
  • Түрүү магнай: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн хурдан бор үрээ,
  • Аман хүзүүнд: Архангай аймгийн харьяат Ө.Пүрэвбаатарын хурдан загал үрээ, 
  • Айргийн гуравт: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хурдан хээр үрээ,
  • Айргийн дөрөвт: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хонгор халзан үрээ,
  • Айргийн тавд: Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Л.Батмөнхийн үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

ХЯЗААЛАН

 
Түрүү магнай: Дундговь аймгийн Хулд сумын Б.Лхагва-Очирын хүрэн үрээ, Гэрэл зургийг mpa.mn
  • Түрүү магнай: Дундговь аймгийн Хулд сумын Б.Лхагва-Очирын хүрэн үрээ,
  • Аман хүзүүнд: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Т.Галбадрахын бор үрээ,
  • Айргийн гуравт: Дорноговь аймгийн Хулд сумын Н.Батжаргалын шарга үрээ,
  • Айргийн дөрөвт: Ц.Энхтайваны хонгор үрээ,
  • Айргийн тавд: Ж.Мөнхсүрэнгийн бор үрээ давхилаа.

ШҮДЛЭН

 
Түрүү магнай: Архангай аймаг Их тамир сум Ж.Уясахын бор үрээ, Гэрэл зургийг mpa.mn
  • Түрүү магнай: Архангай аймаг Их тамир сум Ж.Уясахын бор үрээ,
  • Аман хүзүүнд: Увс аймгийн Малчин сумын уяач Ц.Нүүдлийн хонгор үрээ,
  • Айргийн гуравт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Х.Түмэнбаярын хурдан буурал,
  • Айргийн дөрөвт: Ховд аймгийн Алтай сумын Ц.Гантөмөрийн хонгор үрээ,
  • Айргийн тавд: Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хар үрээ хурдаллаа.

ДААГА

 
Түрүү магнай: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аюулхүүгийн хурдан халиун даага, Гэрэл зургийг MPA.mn
  • Түрүү магнай:  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аюулхүүгийн хурдан халиун даага,
  • Аман хүзүүнд:  Ховд аймгийн цэцэг сумын харьяат Н.Баасанжавын хээр даага,
  • Айргийн гуравт:  Төв аймгийн Архуст сумын уяач Н.Лхагвадоржийн зээрд даага,
  • Айргийн дөрөвт:  Дундговь аймгийн Адаацаг сумын Н.Цэндийн зээрд халзан даага,
  • Айргийн тавд:  Сод манлай уяач н.Бат-Эрдэнийн бор халзан даага давхилаа.

СУР ХАРВАА: 

Монгол Улсын спортын мастер Д.Дэмбэрэлсайхан төрийн их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангав.

 
Монгол Улсын спортын мастер Д.Дэмбэрэлсайхан төрийн их баяр наадамд түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол хангав.

Эрэгтэй харваа:

Завхан аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний цехийн засварчин, Хангарьд спортын хорооны тамирчин Монгол Улсын спортын мастер Д.Дэмбэрэлсайхан Үндэсний их баяр наадмын сур харваанд түрүүлж, Монгол Улсын Мэргэн цолны болзол ханган үнэмлэх тэмдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардлаа.

Эмэгтэй харваа:

Эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож, түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач Монгол Улсын спортын мастер Б.Пунсалдулам Монгол Улсын Мэргэн цолны болзол хангаж, Ерөнхийлөгчөөс Мэргэн цолны тэмдэг үнэмлэх, Үндэсний их баяр наадмын түрүү харваачийн медалиа гардаж авсан юм. 

Хүүхдийн харваа:

Хөвгүүдээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны харваач, Өсөх идэр мэргэн Н.Алтантулга, харин охидоос Дорноговь аймгийн Хантанбулаг сумын уугаал ерөнхий боловсролын V сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Цэцэг-Өлзий төрийнхөө их баяр наадамд түрүүлж, Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авлаа.

ШАГАЙН ХАРВАА:

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 72 багийн 720 харваач цэц мэргэнээ сорин оролцож, МУ-ын үлэмж дархан мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай баг түрүүллээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Шагайн харвааны удаах гурван байрыг танилцуулъя:

Хоёрдугаар байрт Аймгийн гоц мэргэн н.Одбаяр ахлагчтай "Автолиг" компанийн баг

Гуравдугаар байрт  МУ-ын үлэмж дархан мэргэн Г.Эрдэнэбаатар ахлагчтай "Баатарномун" компанийн баг

Дөрөвдүгээр байрт  МУ-ын үлэмж дархан мэргэн Б.Батбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн баг тус тус орлоо. /Б.Батбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн баг 2014, 2015 оны Үндэсний их баяр наадмын шагайн харваанд хоёр жил дараалан түрүүлж байсан юм./

Тэмцээнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Төв, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон УБ хотын багууд оролцож цэц мэргэнээ сорьсон юм.

ХААЛТ:

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. 

 

Наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч "Эртний түүхтэй Монгол түмний их баяр наадам маань ёслол төгөдөр сайхан болж, бахархлыг бадраан, золбоо хийморийг өргөлөө. 

Эр бяр тэгширсэн хүчтэн, ур ухаан бүрдсэн харваач, эрдэм билгүүн жагссан олон уяач шинээр тодрон гарлаа. Цэнгэл баярын тэргүүнд заларсан та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол наадмаас Монгол соёл хэчнээн утга төгөлдөр, агуулга гүнзгий байдгийг баясан харлаа. Эрдэм ухаан, эв нэгдэл, эр чадлын чуулган болсон Монгол наадам, Монгол соёлыг бүтээсэн үндэстэн агуу түүхтэй шигээ агуу ирээдүйтэй билээ.

Ирээдүйн сайн сайхныг цогцлоохын төлөө шударга ёс, эвийн хүчийг эрхэмлэн, эрх чөлөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.

Монгол түмний түүх соёл, цэнгэл жаргалын манлай Үндэсний их баяр наадам маань  үеийн үед улам өргөн дэлгэр болж байхын өлзийтэй ерөөлийг өргөн, энэ жилийн наадам өндөрлөж байгааг уламжилъя. 

Төр улс минь түвшин гэгээн, түмэн олон минь амгалан жаргалтай байг ээ" гэлээ.  Ийнхүү есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол эхэлж, Монгол наадам өндөрлөлөө. 

Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарт УЛСЫН АРСЛАН цол олголоо