Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөө орон нутаг руу явахдаа ДААТГАЛТАЙ АВТОБУСАНД суухыг зөвлөлөө

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг

Автотээврийн үндэсний төв болон ЗЦГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Д.Батбаатар хэлэхдээ "Улс хот хоорондын тээврийн дэд бүтэц сайжирсантай холбоотойгоор сүүлийн үед осол аваар их гарч, хүний амь нас их эрстэж байгаатай холбогдуулан бид ЗЦГ-тай хамтарч ажиллаж байгаа ч гэсэн тодорхой үр дүнд хүрэхгүй байна.

Иргэд маань албан ёсны унаагаар хөдөө орон нутаг руу явахад УДААН байна гэцгээдэг. Ингээд иргэд хурдан явахын тулд бидний нэрлэдгээр ХУЛГАЙН ТЭЭВЭР буюу хууль бус тээвэрлэлт хийж байгаа хүмүүсийн машин болон автобусанд сууж, хөдөө явах нь ихэссэн. Үүнээс болж олон хүн амь насаа алдсан. 

Бидний хувьд олон улсын жишиг, дэлхийн авто тээвэрчдийн холбооноос баталсан дүрэм журмын дагуу хөдөө орон нутагт 70-80 км/цаг хурдтай явдаг. Манай албан ёсны тээвэрлэлтийн хувьд 2015, 2016 онд ямар нэгэн осол гараагүй.

Эцэст нь хулгайн тээвэр буюу хууль бус тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийн жагсаалтыг өнөөдөр олон нийтэд дэлгэх болно.

Иймд хөдөө орон нутаг руу явахдаа албан ёсоор хурдыг нь хянадаг, даатгалтай автобусанд суухыг АНХААРУУЛЖ байна" гэв.

ЗЦГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат хэлэхдээ "2016 оны эхний зургаадугаар сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 193 хүн нас барсаны 138 нь орон нутгийн замд, зөвхөн зургаадугаар сард гэхэд орон нутгийн замд 43 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохироод байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд таван хүн хөдөө орон нутагт явж байгаад амь насаа алдсан.

2015 оны долоодугаар сарын эхний 20 хоногт Улсын хэмжээнд 42 хүн нас барж, 44 хүн бэртэж гэмтсэн зам тээврийн 80 гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд зөвхөн Үндэсний их баяр наадмын үеэр Нийслэлийн хэмжээнд /2015 оны долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд/ зам тээврийн ослын 1,275 дуудлага хүлээн авч, хүнд гэмтсэн осол 59 гарч, 3 хүний амь нас хохирч 94 хүн гэмтэж байсан бол орон нутгийн замд 11 ослоор 19 хүний амь нас хохирсон.

Энэ жилийн хувьд AСEM-ийн чуулга уулзалт, ой, тахилга, баяр наадмуудтай холбоотойгоор орон нутгийг зорих иргэдийн тоо ихсэх байх. Тиймээс орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хор хохирлыг хүн бүр ухамсарлаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна" гэлээ.