Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэргийн дийлэнх хувийг авто машины хулгай эзэлж байна

Б.Бат, Өглөөний сонин
2016 оны 6 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлд 8,429 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 67.5 хувийг эзэлж байгаа аж. Үүнээс 3,045 буюу 36.1 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.

Бүр нарийвчилж үзвэл хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг авто машины хулгайн хэрэг эзэлж байгаа аж. Энэ талаар өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд, тус албаны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа О.Нямгэрэл нар мэдээлэл хийв.

Энэ үеэр хурандаа Ж.Эрдэнэболд "Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс 106 тээврийн хэрэгслийг олж тогтоон, холбогдох гэмт хэрэгтнийг илрүүллээ. 

Авто машин хулгайлах гэмт хэргийг шалгах явцад эд ангийг зарахаас гадна унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлж байна. Хулгайд алдагдаж буй тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл Япон улсад үйлдвэрлэсэн 76, Солонгос үйлдвэрлэсэн 41, Герман улсад үйлдвэрлэсэн хоёр авто машин хулгайлагдсан байна” гэлээ.

Тэдний ярьж буйгаар авто машины хулгайн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалжээ. Гэтэл дийлэнх нь буюу 55.5 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хулгайлсан байхад 29.1 хувь нь хулгайлсан авто машинаа тонож эд ангийг борлуулах сэдэлтэй байсан нь тогтоогдоод байгаа аж. 

Харин 17.1 хувийг гэр бүлийн гишүүд нь эзэмшигчид мэдэгдэхгүйгээр аваад явсан, эсвэл эзэмшигч өөрөө согтуугаар авто машинаа унаж яваад хаана тавьснаа мэдэхгүй байх зэрэг шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандсан байна.

Эндээс харахад яг хулгайн сэдэлтэй биш байхад цагдаагийн байгууллагад хулгайд алдсан мэдүүлэг өгч байгаа нь их анхаарал татаж байгааг онцлов.

Хурандаа Ж.Эрдэнэболд “Гэмт этгээдүүд хуучны автомашинд түлхүүр тааруулах замаар, мөн дохиоллын системгүйг далимдуулах, харуул хамгаалалтгүй гэрэлтүүлэггүй газар автомашинаа удаан хугацаагаар байрлуулсныг ашиглан хулгайлж байгааг байцаалтын явцад хэлж байна. Тиймээс цагдаагийн байгууллага сүүлийн хагас жилийн турш автомашины хулгайн гэмт хэрэг хүндэрч байна хэмээн үзэж байгаа” хэмээн онцлов.

Одоогоор хотын цагдаагийн байгууллагаас Ажлын хэсэг байгуулан шалгагдаж байгаа бүх хулгайн гэмт хэрэг дээр нөхөн илрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ арга хэмжээний хүрээнд хэв журмын албад, Замын цагдаагийн албад бүгд дайчлагдаж, үр дүнтэй ажиллаж байгаа аж.

Тухайлбал, 41 удаагийн үйлдлээр авто машин хулгайлсан хэргийг шалгаж байгаа бөгөөд холбогдох бүлэг хулгайн гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг санаачлан ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албан хаагчид иргэдийн авто машины толь дээр дугаар тэмдэгжүүлэх ажил хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна.

Иймд иргэд хулгайд алдагдах боломжтой автомашины эд анги дээрээ дугаараа тэмдэглэх ажил идэвхтэй оролцохыг уриаллаа. Гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэд эрсдэлийн даатгалаа төлөх шаардлагатай байгааг ч анхааруулав.

Зураг