Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Минимализмыг Монголын хөрсөнд

Г.Сайнзаяа, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 24
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг татаж байгаа минималист засал чимэглэлийн талаар "Макс Индиго" компанийн захирал Б.Төгөлдөртэй ярилцлаа.

-Минимализм хаанаас гаралтай вэ. Минималист байдалд юу юуг багтаан ойлгодог вэ?

-Монгол залуучууд гаднын соёл урлагийг хурдан нэвтрүүлж, хүлээн авч байна. Минимализм ч мөн адил манайд хүчээ авч байгаа. Эл ойлголт Европоос гаралтай. Мөн чанар нь их, том зүйлээс биш, хэзээ ч, хаана ч байсан жижиг зүйлээс сэтгэл ханахыг хэлж буй юм.

Минимализм хоолтой их холбогддог. Бага хэрнээ үнэхээр амттай, чамин хийцтэй, сайхан тавагласан хоол идээд сэтгэл ханамж авдаг шүү дээ.

Минимализм ч мөн адил манайд хүчээ авч байгаа

Их хоол идсэн ч сэтгэл цадахгүй байна гэж ярих үе байдаг. Тэгвэл минимализм эсрэгээрээ. Интерьерээр авч үзвэл орчин тойрон дахь хог, илүү дутуу замбараагүй зүйлсээс салснаар сэтгэл доторх хэрэггүй хог новшноосоо ангижирна гэж минималистууд үздэг.

-Давуу тал нь юу вэ?

-Минималист өрөө гэхэд тавилга болон тоотой хэдэн гоёл чимэглэлийн зүйлээс өөр юу ч ил байх ёсгүй. Тэндээс та зөөврийн компьютерээ ч юм уу эсвэл өөр зүйлсийг хайх шаардлагагүй. Хаана байх нь тодорхой гэх үү, бүх зүйл эмх цэгцтэй байдаг.

-Минималист байхын тулд сэтгэлээсээ ч, гэр орноосоо ч хэрэггүй юмсыг авч хаях ёстой юм байна. Ингэхийн тулд их зориг шаардах нь ээ?

-Тийм. Минимализмыг бүрэн утгаар нь гүйцэтгэж чадсан хүмүүс бол итали болон францчууд. Тэд нарийн, жижиг зүйлээс ч таашаал авахыг эрмэлздэг.

Бидний хувьд эхлээд хэцүү байж болох юм. Гэвч боломжгүй гэсэн үг биш. Хэрэв үүнийг нийгмийн сэтгэхүй хүлээж авбал бусдын жишгээр биш, өөрт таалагдсанаараа байж, түүнээсээ таашаал авах үзэл дэлгэрнэ. 


Б.Төгөлдөр захирал минималист хэв маяг сонирхож байгаа хүмүүст зориулан дараах зөвлөгөөг өгч байна.

ХАНА

Монголын орон сууцнууд орос жишгээр баригдаж, хэв загвар нь одоо ч нөлөөтэй хэвээр байдаг. Хамгийн энгийн жишээ бол ханын цаас.
Интерьер дизайн хөгжсөн орнуудад ханыг мод, металл будаг, эсгий гээд маш олон сонголттойгоор чимэглэдэг.

Ханын цаас өртөг өндөр, яваандаа хуучирч урагдан, өнгөө алддаг гээд олон бэрхшээлтэй. Түүнчлэн тавилгаа заавал ханын цаастайгаа зохицуулах хэрэг гардаг. Харин минималист хана цулгуй өнгөтэй байх нь элбэг.

Монголын нөхцөлд үнэтэй материалаар ханаа бүрэхэд хэцүү. Тиймээс цулгуй, тэр дундаа цагаан өнгийн эмульсээр будвал тохиромжтой.

Энэ тохиолдолд ямар ч өнгийн тавилга зохицно. Угааж, арчиж болдог, бүр дээр нь зураад буцаагаад арилгаж болдог сүүлийн үеийн эмульс Монголд худалдаалж эхэлсэн. Эмульс мөнгөнд ч хэмнэлттэйг дурдах нь зүйтэй.

ӨНГӨ

Минимализмын гол гурван өнгө бол цэнхэр, улаан, шар. Анх гарч ирэхдээ тас хар буйдан дээр нэг ширхэг улаан дэр тавьдаг ч юм уу, шийдэмгий байсан.

Гэхдээ цагаан, саарал, шаргал өнгө бол сүүлийн үеийн трэнд. Тиймээс өнгөний зохицлоо бодох хэрэгтэй.

Минималист өрөөг цэнхэр, улаан, шар гэх мэт тод өнгийн ганцхан зүйл чимж өгдөг. 

Цагаан хана, хар шал байлаа гэхэд буйдан нь саарал өнгөтэй, хажууд нь ганц ширхэг улаан тавиур байдаг ч юм уу.

Минималист өрөөг цэнхэр, улаан, шар гэх мэт тод өнгийн ганцхан зүйл чимж өгдөг. Гэхдээ ийм өнгийн нэгээс дээш зүйл байрлуулбал анхаарлыг хэт татаж, бусад тавилгаа бүдгэрүүлэх магадлалтай.

ХИВС

Хүн хөдөлгөөнгүй удаан суухад цусны эргэлт удааширч, хөл даардаг. Тиймээс хөвсгөр, зузаан, цулгуй өнгийн, ганц хоёр хээтэй, хэт том биш хивсийг зөвхөн буйдангийн урд тавивал минималист загварт хамгийн тохиромжтой.

Бидний мэддэг шиг улаан, ногоон, цэнхэр хээтэй хивсээ унтлагын өрөөндөө тавьж болно шүү дээ.

ГЭРЭЛ

Яг нийтлэг стандарт байхгүй. Гэхдээ минималист өрөө тохижуулах гэж буй бол нэг том биш, олон ширхэг нарийн, жижиг гэрлийн бүрхүүл байвал тохиромжтой. Олон чимэглэлтэй, болор гэрлийн бүрхүүл бол сонгодог дизайных. Сүүлийн үеийн трэнд дагавал энгийн бөгөөд хар, эсвэл цагаан өнгийн бүрхүүл зүгээр.

ШАЛ

Шалны сонголт олон бий. Хулдаас, мод, паркет гэхчлэн. Хамгийн зөв сонголт бол чулуун шал.

Гэвч өртөг өндөр учир Монголын нөхцөлд паркетан шал тохиромжтой. Минималист интерьертэй өрөөнд цагаан цайвар, эсвэл бараан өнгийн шал төгс зохицдог.

ТАВИЛГА

Том өрөөнд хүмүүс ихэвчлэн амарч, алжаалаа тайлдаг. Минимализмын гол давуу тал нь ч мөн адил тайвшруулах. Тиймээс бүх өрөө минималист загвартай бол ажлын бүтээмж буурах магадлалтай. Үүнтэй холбоотойгоор, том өрөөний зурагтын тавиур элдэв шүүгээгүй байвал зохино. 

Шургуулга сав байх тусам сурсан зангаараа бүх юмаа чихэх гээд байдаг. Тиймээс намхан хөлтэй тавиур, зурагтын харалдаа хэд хэдэн зураасан тавиур байхад л хангалттай. Буйдан бэлхүүснээс доош өндөртэй байх хэрэгтэй. Эс бөгөөс мэлгэр харагдаж, өрөөний бүтцийг алдагдуулдаг. 

Минималист байхын тулд буйдангийнхаа урд жижиг, шилэн, дугуй хэлбэртэй ширээ тавьж, нимгэн хөшиг өлгөхөд л болно.

Дээр үеийнх шиг зурагтаа тойруулан шилэн стенк тавьж, элдэв хундага, аяга тавгаа өрөх бүр ч хэрэггүй. Тиймэрхүү зүйлсээ гал тогоонд, шилэн стенкээ унтлагын өрөөндөө тавьж, хувийн цуглуулга, цаг, үнэртэй ус зэргээ хийвэл тохиромжтой.

ХАНЫН ЧИМЭГЛЭЛ

Монгол айлуудын ханан дахь зургийн жааз ихэвчлэн бүдүүн шар, хээ хуартай байдаг. Харин минималист байхын тулд нарийн, цулгуй өнгөтэй, элдэв хээгүй жааз сонгоорой. Зураг, жааз хоёрын дунд цагаан цаас байвал агаартай, хээнцэр харагдана. 

Зураг