Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

2,400-гаад айл аюултай бүсэд амьдарч байна

Б.Бямбасүрэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 24
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр 2015 онд албан ёсоор хөдөө орон нутгаас 30 гаруй мянган иргэн Улаанбаатар хотод шилжин ирсэн байна. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ийн нэмэгдэхийн хэрээр гэр хорооллын үерийн аман дээр буух айлуудын тоо ч мөн ихэссээр. 

Үерийн аман дээр буусан айлууд жилийн жилд орон гэрээ урсгаж, үерт автах нь бүр сүүлдээ энгийн үзэгдэл мэт болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр эрсдэлтэй айл өрхүүдэд үерийн амыг чөлөөлж, нүүхийг шаарддаг.

Гэвч үгэнд ордог нь ховор байдаг талаар албаныхан өгүүлж байна. Энэ жилийн хувьд ч долоо хоногийн эхний өдрөөс хоёр хоногийн турш үргэлжлэн орсон борооноор гэр хорооллын зарим айл усанд автжээ. 

Үерийн аман дээр буусан айлууд жилийн жилд орон гэрээ урсгаж, үерт автах нь бүр сүүлдээ энгийн үзэгдэл мэт болжээ. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах Хилчин хотхоны ойролцоох 20 орчим айл тэр чигтээ үерт өртөж, хэцүүхэн нөхцөлд амьдарч байна. 

Гэрийнх нь хашаан дотор борооны ус цэлэлзэж, орох гарах хаалгыг бүхэлд нь хааж орхисон харагдав. Хоёр өдөр орсон борооноор 60 см хэртэй гүнзгий ус тогтсоныг онцгой байдлынхан бүтэн өдрийн турш соруулж, арай бага болгосон нь энэ аж.

Албаны хүний хэлснээр тус дүүргийн хэмжээнд 940 айл үерийн аманд буусан, эрсдэлтэй нөхцөлд амьдардаг юм байна. Тэр хавьд үерийн ус зайлуулах шугам, хоолой байдаг ч хэтэрхий жижиг нүхтэй. Гэтэл жилийн жилд ордог борооноор хог, лаг шавар тунаж, ус зайлуулах хоолойны бараг талыг нь бөглөчихнө. 

Үүнээс үүдэн борооны ус олигтой урсахгүй айл, өрхүүдэд хүндрэл учруулж буй аж. Уг нь хэдэн жилийн өмнө хур буухад тэр хавьд ус тогтдоггүй, ус зайлуулах хоолойгоор урсаад явчихдаг байсан гэнэ. Гэтэл замын эсрэг талд ШТС барих зорилгоор ус зайлуулах хоолойн амыг хэт нарийхан болгочихсон юм байна.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Эрдэнэцацрал “Манайд жил бүрийн борооноор асуудал тулгардаг. Хашаанд орж ирсэн борооны ус, хуримтлагдсан шаврыг хусаж цэвэрлэхэд 200 мянган төгрөгийн зардал гаргадаг. Өнгөрсөн жилийн борооноор хашаа, амбаар нэлэнхүйдээ усанд автсан.

Саяны орсон борооноор автобус усанд автаж, ах маань засуулах гээд явлаа. Гэртээ орж, гарч чадахгүй хүндхэн байна. Хашаагаа даваад, цонхоороо орж байгаа. Өчигдөр онцгой байдлын албан хаагчид ирж тал усыг нь соруулж өгсөн. Одоо шаврыг цэвэрлэнэ. Жаахан хатахыг нь хүлээж байна. 

Байшингийн суурь өндөр тулдаа гэр рүү ус нэвтрээгүй. Энэ асуудлыг хотын удирдлагууд шийдэж өгөөсэй. Ус зайлуулах шугам сүлжээг шийдвэл асуудал үүсэхгүй болов уу. Манайх үерийн аман дээр буусан айл биш шүү дээ. Зөвшөөрөлтэй газар. Эндээс нүүе гэж бодохоор нэгэнт хашаа, байшин барьчихсан болохоор хэцүү байна” гэв.

Биднийг очиход тэнд нэлээд хэдэн айлын хашаан дотор ус тогтсон байсан бөгөөд гудамжаар борооны ус горхи мэт урсаж байв. Зарим гудамжны шавар шалбааг хүн явахын эцэсгүй болжээ. Үнэндээ явган хүн байтугай машин ч явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.

Үерт автсан айлуудын жорлон хальж, ариун цэврийн цааснаас эхлээд хог шороо тэр хавийг дүүргэсэн харагдана. Өнгөрсөн жил тус дүүргийн дөрвөн хороог хамарсан үер болсон юм билээ.

Дараа нь том оврын 80-аад машинаар лаг шаврыг нь цэвэрлэжээ. Лаг шаврыг хатсаны дараа хөрсийг нь цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Үерийн улмаас хальсан хог шороо, жорлонгийн бохиртой нийлж, гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл үүсгэдэг болохоор тэр.

Уг нь айлуудыг дахин үерт автуулахгүйн тулд дүүргээс хэдэн машин шороо авчирч асгасан ч тусыг эс олов. Энэ жил дахиад л усанд автаад байгаа нь энэ. Уг нь тухайн үед энэ асуудлыг Засаг даргын хурлаар авч хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй аж.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхцэлмүүн “Уржигдар орсон борооноор манай Онцгой байдлын хэлтэст 12 дуудлага ирсэн. Бид айлуудын усыг соруулсан хэдий ч маш их хэмжээний лаг шавартай байсан. Иймд бүгдийг нь соруулах боломжгүй. 

Ойролцоогоор 150 тонн орчим ус соруулсан. Дүүргийн хэмжээнд ус соруулдаг 20 мотопомп байдаг. Нэг ус соруулагчид таван литр бензин ордог. Таван литр шатахуунаар ганцхан цаг л ажиллана. Заримдаа шатахуун хүрэлцдэггүй. Энэ мэт олон бэрхшээл бий. Гэтэл иргэд үерийн аманд буучихаад биднийг соруулж өгсөнгүй гэж уурладаг” хэмээн учирлав.

Түүнчлэн тус дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Монгол керамик” тоосгоны үйлдвэрийн орчимд өвөл, зунгүй булгийн ус ундарч, тэр хавийн айл өрхийн хөрс мөнхийн чийгтэй байдаг аж. Хөрсний чийгшил, үргэлжлэн орсон бороо нийлээд тэр хавийн 30-аад айл шавар шалбааг дунд амьдарч байна. Бид айлуудын дундах замаар арай хийн туучиж явсаар хэзээ мөдгүй унах гэж байгаа трансформаторыг олж харав. 

Айлын хашаан дээр тогтож байгаа энэ трансформатор унавал ойр орчмын 30-аад гэр бүлд аюул нүүрлэхээр байна. Мөн цаад талд нь өндөр хүчдэлийн шугам харагдав. Үргэлжийн чийгтэй байдаг энэ газарт цахилгааны хүчдэл унавал яах вэ? Наад зах нь гудамжинд тоглодог хүүхдүүд цахилгаанд цохиулна гээд төсөөлөхөд ч бэрх асуудал үүсэж болохоор байгаа биз.

Үерийн аманд буусан айлууд ийн жилийн жилд аюул, эрсдэлтэй газарт амьдарч байна. Ердөө хоёр өдөр орсон борооны улмаас энд тэндгүй ус тогтож, шавар шалбааг хотыг “нөмрөв”. Урсац нь тасраад байсан Туул, Сэлбэ голын түвшин илт нэмэгдэж, хог, шавхайтай нийлэн урсаж харагдана. Хотын зам харгуй тэр чигтээ усаар хучигдаж, орон сууц, хорооллын орох, гарах гарц бүхэлдээ хаагдаад байна.

Манай улсад цаг агаарын аюултай үзэгдэл сүүлийн 10 жилийн хугацаанд 36 мянга орчим удаа тохиож, 2,200 орчим хүн амь насаа алджээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдэл дэлхий дахинд ч бас тохиолдсоор байна. Урд хөршид саяхан их хэмжээний үер буужээ. 

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын өмнөд мужуудад их хэмжээний үер болж, 22 хүн амь үрэгдэж, 20 хүн сураггүй алга болов. Дараагийн гурав хоногт мөн л бороо үргэлжлэн орж, Сычуань, Хубэй, Чунцин зэрэг муж үерт автан 200 орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Хүчтэй бороо гол мөрний усны түвшинг нэмэгдүүлж, 10,500 байшин үерт автсаныг Синьхуа агентлаг мэдээлэв.

Үерийн улмаас 7.32 тэрбум юанийн хохирол учирчээ.

Тэрчлэн энэ жил Элнино цаг агаарын үзэгдлийн улмаас Номхон далайн гадаргуу халж, улмаар дэлхийн уур амьсгалд нөлөөлж, ургац алдах, түймэр гарах, үер, ган гачиг болох эрсдэлтэй байгааг цаг уурчид анхааруулж буй. Энэ үзэгдэл зөвхөн Азид гэлтгүй Европт гарах боллоо.

Энэ оны тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр Европт, голдуу Герман, Францын нутгаар ихээхэн устай бороо орж, үерт автсан. Мөн үерийн ус Австри, Бельги, Румын, Молдав, Британийн нутгийг ч хамрав. Дунай, Рейн, Сена мөрнүүдийн ус дээшилж, эрэг хавийн нутаг руу хальжээ. Сүүлийн мэдээгээр 20 хүн үерт амь насаа алдаад байна.

Тиймээс байгалийн гамшгийн тоо давтамж нэмэгдэж байгаа энэ үед ард иргэд сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэх хэрэгтэйг албаныхан сануулж байна. Хамгийн гол нь, эрсдэлээс эхлээд бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэйг ухамсарлах нь чухал юм. 

Усны сувгийг дур мэдэн хааж, 30 сая төгрөгийн хохирол учруулжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн Ц.Хүрэлбаатараас үерийн дуудлагын талаар тодрууллаа.

-Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас хэдэн айл үер автсан бэ?

-Энэ долоо хоногт усархаг бороо баруунаас төвийн нутгаар дайран зүүн тийш чиглэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллага мэдээлсэн. Нийслэлд энэ сарын 20-ноос хоёр өдрийн турш усархаг бороо үргэлжлэн орлоо. 

Үерийн аюултай бүсэд буусан 2,400 гаруй өрх байдаг. 

Энэ удаагийн цаг агаарын нөхцөл байдал үерийн гамшгийн хэмжээнд арай хүрээгүй байна. Өнгөрсөн Мягмар гарагт орсон борооны улмаас үерийн 50 гаруй дуудлага ирсэн. Бид дуудлагын дагуу ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авсан.

-Нийслэлд хэдэн айл үерийн аюултай бүсэд буусан байдаг вэ. Эдгээр айлыг нүүлгэх арга хэмжээ авдаг уу?

-Үерийн аюултай бүсэд буусан 2,400 гаруй өрх байдаг. Дийлэнх нь хүн ам ихтэй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт бий. Зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй буусан айлууд ч байна. Гэвч аюултай бүсээс нүүлгээд өөр газарт шилжүүлэх боломж, нөхцөл одоогоор алга. 

Онцгой байдлын албаны эрх үүрэгт ч айл өрхийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн заалт байхгүй. Үерийн аманд буусан айлууд зундаа ганц, хоёр удаагийн борооноор үүсдэг асуудлыг тоодоггүй учир нүүе гэсэн бодолгүй байдаг.

Тиймээс үерийн аюултай бүсэд буусан айл өөрсдийн аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Борооны усыг аль болох нэвтрүүлэхгүйн тулд ядаж л орон гэр, хашаа орчмоо тойруулан суваг, шуудуу татах хэрэгтэй.

-Зам дээр их хэмжээний ус тогтдог. Танайхаас усыг соруулах арга хэмжээ авдаг уу?

-Зуслангийн чиглэлд шинээр тавьсан замд их хэмжээний ус тогтож, эвдрэл үүссэн тухай мэдээлэл манай албанд ирсэн. Газар дээр нь дуудлагын дагуу очиход шинээр тавьсан замын борооны ус зайлуулах шугам хоолойг хааж, тагласан байна лээ.

Учир нь уг хоолойны аман дээр нэг айл буусан байсан. Тэр айл руу ус нэвчээд байхаар нь тагласан гэж хэлсэн. Үүний улмаас замын ус суваг руу урсах нөхцөл хаагдаж, зам дээгүүр давж урссан. Ингэснээр шинэ тавьсан замд 30 сая төгрөгийн хохирол учирсан гэдгийн НАЗГ-аас мэдээлсэн.

-Голуудын түвшин нэлээд нэмэгдсэн байна. Гол усанд амь насаа алдсан хэрэг гарсан уу?

-Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Бороо намжиж, нар гарсны дараа иргэд голын эрэг дагуу амарч, зугаалдаг. Мөн сургууль, цэцэрлэг амарсан энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай. Одоогийн байдлаар гол усанд осолдож, амь насаа алдсан тохиолдол гараагүй байна.

Зураг