Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын хоёр иргэн дипломат дугаартай машин ашиглан тамхины наймаа хийх гэж оролдсон"

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Долоо хоног бүрийн Мягмар гарагт болдог Гадаад Хэргийн Яамны "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал боллоо.

Хуралд Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн оролцож өнгөрсөн долоо хоногт болсон гадаад харилцааны онцлох асуудлуудаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Юуны өмнө АСЕМ-ын талаар мэдээлэл өгье. Дээд хэмжээний уулзалт долоодугаар сарын 15, 16-нд болохоос өмнө дагалдах есөн уулзалт болох ёстой. Үүний дөрөв нь амжилттай зохион байгуулагдаад байна. Дараагийн таван хурлын бэлтгэл ажил хэвийн явж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон нэг онцлох үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал байлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Нэйпидо хотноо зохион байгуулсан  “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон Монгол, Мьянмарын бизнес уулзалтад тус тус оролцсон. Бизнес уулзлалт нь хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, монголын компаниудад шинэ зах зээл нээх зэрэг чухал ач холбогдолтой байлаа.

Айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон. Мөн Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзалт хийсэн.

Ерөнхийлөгчийн хувьд ардчилалын замаар явсан 26 жилийнхээ туршлагаасаа хуваалцаж, 1,800 гаруй төрийн албан хаагчид лекц уншин, төв телевизэд нь ярилцлага өгсөн байгаа.

Хоёрдугаарт, Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д Монгол, Орос, Хятад гурван талын гадаад хэргийн дэд сайд нарын уулзалт болсон. Уг уулзалтад ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг оролцоод ирлээ. Энэ удаагийн уулзалтаар зургаадугаар сарын 23-нд Ташкентад болох гурав дахь удаагийн Монгол, Орос, Хятадын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцсан. Тус дээд хэмжээний уулзалтад оролцохоор МУ-ын Ерөнхийлөгч маргааш өглөө Ташкентыг зорино.

Зургаадугаар сарын 23, 24-нд зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр гурван тал дээд хэмжээний гурав дахь уулзалтаа хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ үеэр гурван баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцоод байгаа. 

Мөн Ерөнхийлөгч Орос, Хятадын талтай хоёр талын уулзалт хийхээр  төлөвлөөд байна.

Дараагийн асуудал бол та бүхний их анхаарлыг татаж байгаа асуудал. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хоёр иргэн Москва дахь ЭСЯ-ны дипломат дугаартай машин ашиглан тамхины наймаа хийх гэж оролдсон талаар мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Бид энэ талаар холбогдох байгууллагуудаар дамжуулан тодруулж байна.

Украин Улсын Дьяково боомтын хилийн шалганы албанаас Монгол улсын хоёр иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцагтай нийт 29,145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл гарсныг нягтлан үзэхэд энэ асуудалд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр холбогдсон тухай мэдээлэл хүлээн аваад байна.

Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа “Техникимпорт", “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд анх томилогдон ажиллаж байсан бөгөөд 2011-2015 онд тус улсад дахин томилогдон ажиллаж байгаад 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан юм билээ.

Одоогоор хүлээн аваад байгаа мэдээллээр түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад Хэргийн Яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн байна.

Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоосон.

Сүүлийн 2-3 жилд бидний зүгээс энэ төрлийн гэмт хэргийн эсрэг олон арга хэмжээ авсны үр дүнд иймэрхүү хэрэг гараагүй байсан. Энд нэг зүйлийг тодотгоод хэлэхэд манай яамны үндсэн дипломатууд ийм хэрэгт төдийлөн холбогдоод байдаггүй. "Хилээр хийн буу гаргалаа, визний наймаа хийлээ" гэх тохиолдлуудад ихэнх нь үндсэн дипломатууд биш байдаг. Гадаад улсад суугаа ЭСЯ, Конулын газруудад зөвхөн манай яамнаас хүмүүс ажилладаггүй. Бусад яам, газруудаас томилогдон очсон хүмүүс хэрэгт холбогдох нь их байдаг. Ингээд муу нэрийг нь ГХЯ-ны үндсэн дипломатууд үүрдэг.

Одоогийн байдлаар дипломат паспорт эзэмшдэг 2,000, албан паспорт эзэмшдэг 8,000 орчим иргэн байдаг бөгөөд эдгээр паспортуудыг аль алиныг нь ГХЯ-наас олгодог" гэлээ.