Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Сайнбилэг: Хэдхэн төгрөгийн төлөө хүүхдийн ирээдүй, багш нарын хөдөлмөрийг баллаж болохгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улс орон даяар 37,200 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчээ.

Гэтэл элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлийн тестийн материал задарсан гэсэн мэдээлэл тараад байгаа. Энэ талаар “Шинэ зуун” дунд сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг болон Монголын сурагчдын холбоо, эцэг эх сурагчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. 

“Шинэ зуун” сургуулийн багш Х.Сайнбилэг “Бид 10 дугаар ангиас нь хүүхдүүдээ математикийн шалгалтад бэлтгэдэг. Эцэг, эхчүүд ч гэсэн маш их ач холбогдол өгч, цаг заваа зарцуулдаг. 

Элсэлтийн ерөнхий шалгалт болж байх явцад тест задарсан, хариу нь гарсан гэсэн явдал өмнөх жилүүдэд гардаг байсан. Гэхдээ би багш хүнийхээ хувьд тэдгээрийг худлаа мэдээлэл гэж боддог байлаа. Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалыг өндөр нууцлалтай зохион байгуулдаг учраас задрах ямар ч боломжгүй гэдгийг хүүхдүүддээ байнга хэлдэг байсан. Энэ сарын 15-ны өдөр ч гэсэн тест задарсан байна гэсэн шуум гадуур маш их явж эхэлсэн. Би “Наадах чинь худлаа мэдээлэл. Та нар ийм юманд итгэж байхаар нэг ч гэсэн бодлого бодоод суу. Ийм зүйлд анхаарал хандуулах хэрэггүй” гэж хэлж байсан. 

Гэтэл математикийн шалгалтын дараа нэг шавь маань над руу уйлаад явсан. “Багш аа хариу нь задарсан байна. Бид өөрсдийн хүч хөдөлмөрөөр бэлдсэний хэрэг гарсангүй. Зарим хүүхэд шалгалтын дараа гарч ирээд ийм амархан байсан юм уу гэж ярилцаж байсан” гэсэн. Тэгэхэд нь би “Наадах чинь худлаа. Чамд ямар нотлох баримт байгаа юм бэ” гэхэд тестийн хариу энэ байна гээд фэйсбүүкийн мессэнжирээр бар код ирүүлсэн. Над руу В хувилбарыг явуулсан. Түүнийг нь бодоод үзэхэд тэр бар кодтой яг таарч байсан. 

Боловсролын үнэлгээний төв бол Монгол Улсын хэмжээнд хамгийн том шалгалтыг зохион байгуулдаг газар. Энэ байгууллага бүтэн жилийн турш энэ шалгалтыг зохион байгуулах гэж асар их хөдөлмөр зарцуулдаг. Одоо хүртэл ажиллаж байгаа. Гэтэл ганцхан хүн хэдхэн төгрөгийн төлөө тэр их хөдөлмөрийг үгүй хийж байна. Үүний цаана хүүхдийн итгэл, багш нарын хөдөлмөр байгаа. 

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор маш олон эцэг эхээс мэдээлэл ирж байгаа. Тухайлбал,  тестийн хариуг тэдэн төгрөг, эдэн төгрөг гээд харилцаж байсан чатуудыг нар руу ирүүлсэн. Үүн дотор ноцтой мэдээлэл ч бий.

Жишээ нь, надтай нэг математикийн багш холбогдсон. Тэр багш нэр, сургуулиа нууцлахыг хүссэн учраас би хэлэхгүй. Юу гэсэн бэ гэхээр тэр багшаас давтлага авч байсан хүүхэд нь математикийн шалгалтын өмнөхөн түүн рүү фэйсбүүкээр бодлогын зураг явуулаад, яаралтай бодоод явуулж өгөөч гэж. Сурагчаа бодоод ирүүлсэн бодлогуудыг нь бодож, хариуг нь явуулж. Дараа нь шалгалтын хариуг харахад яг таарч байсан гэсэн. Хүүхдийнх нь нэрийг дараад тэр багш, сурагч хоёрын харилцсан чатыг хэвлээд авчихсан байгаа. 

 

Тийм учраас Боловсролын үнэлгээний төвийнхөн яг хаанаас тестийн хариу задарсныг олж тогтоогоод, тайлбар хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ бар код дээр байгаа тоонууд тестийн хариутай яагаад таараад байгааг тайлбарлаад өгөөч. Бид хүүхдийн ирээдүйгээр ингэж тоглож болохгүй шүү дээ” гэсэн юм. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу энэ сарын 30-н гэхэд урьдчилсан байдлаар гарна. Тэр үед математикийн шалгалтад хэдэн хүүхэд тэнцсэн, хэд нь өндөр оноо авсныг харахад л тестийн хариу задарсан үгүй нь тодорхой болно хэмээн зарим эцэг, эх өгүүлж байв.   

Энэхүү асуудалтай холбоотойгоор Монголын сурагчдын холбоо, Боловсролын үнэлгээний төв болон багш нарын төлөөлөл өнөөдөр орой уулзаж үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцахаар болоод байгаа ажээ.