Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: Тэтгэвэр тэтгэмжийг зохион байгуулалттайгаар авч ашигласан ямар ч үйлдэл байхгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өндөр насны тэтгэвэр авагч иргэний нас барсны болон дараа сарын тэтгэвэр, оршуулгын тэтгэмж олголтод хийсэн ЦЕГ, МХЕГ, Үндэсний Аудитын Газрын хяналт, шалгалтын талаар ХАХНХ-ын сайд, НДЕГ-ын дара болон бусад холбогдох албаныхан танилцууллаа.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Д.Мэндбаяр "Зарим хэвлэлд нийгмийн даатгалын байгууллагыг гүтгэсэн ташаа мэдээлэл нийтлэгдсэн.

Нийтлэлд “Их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Одоогоор тэтгэвэр авч байгаад бурхан болсон арван мянга гаруй хүнийг амьд мэтээр хуурамч баримт бүрдүүлж, батлан даагчийн нэрийг сольж, өөр хүмүүс бичиг баримт бүрдүүлэн авсан нь тогтоогдоод байгаа” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмж олголт, оршуулгын тэтгэмж олголтын чиглэлээр 21 аймаг, есөн дүүрэгт хийсэн шат шатны хяналт шалгалтаар нотлогдоогүй байна.
 
Мөн “Нас барсан арав гаруй мянган иргэний тэтгэврийг хууль бусаар авч байсан хэрэг шалгагдаж байна” гэсэн дэд гарчигтай хэсэгт “Их хэмжээний хохирол улсад учруулсан болох нь тогтоогдсон” гэсэн нь ажил хэргийн нэр хүндийг гүтгэж онц ноцтой хэрэгт гүтгэсэн үйлдэл төдийгүй өнөөг хүртэл Нийгмийн даатгалын байгууллагын ажилчдыг гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байгаа" хэмээн ярилаа.

Тиймээс Нийгмийн даатгалын байгууллагын хамт олноос зарим хэвлэлийг нийгмийн даатгалын байгууллагын ажилчдын ажил хэргийн нэр хүндийг сэргээх, уучлал гуйх, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учирсан хохирол арилгахыг шаардаж шүүхэд ханджээ.

Мөн гүтгэлгээс болж байгууллагаас явуулсан нэвтрүүлэг, хэвлэлийн хурал, хяналт шалгалт хийхэд гарсан зардал болон цаашид сэвтээсэн нэр төрийг сэргээх, ард иргэд, даатгуулагчид зөв ойлголт өгөх ажил зохион байгуулахад гарах зардлыг төлүүлэхээ нэхэмжлэлдээ дурдсан байна.

 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ "Урт хугацааны туршид биднийг гүтгэсээр байсан ч бид маш тэвчээртэй хүлээцтэй байж ирлээ. Болохоосоо болохгүйгээ хүртэл бүх зүйл дээр ойлголцох, эв зүйгээ олохыг хичээсэн. 

Өнөөдрийг хүртэл ямар ч тодорхой тоо байхгүй, нэг ч хүний нэр байхгүй баримтгүй мэдээллээр хар Пи-Ар хийлээ. Эрдэнээ гэдэг хүнийг хүнийх нь хувьд гутааж доромжлох гэсэн гол зорилго байгаам шиг надад санагддаг. Тэрийг тойроод мөрөөрөө ажлаа хийж байгаа хэдэн зуун мянган хүний ажил хөдөлмөр, нэр хүндийг доромжилсон гүтгэлэг дөрвөн жил үргэлжиллээ. 

Энэ хугацаанд Монголд хяналт шалгалт хийж болдог бүхий л байгууллагаар нийгмийн даатгалын салбарын үйл ажиллагааг шалгуулсан. Цагдаа, Мэргэжлийн хяналт, Үндэсний аудитын байгууллага гээд бүх байгууллагын хяналт шалгалтын дүн гарлаа. Үнэхээр биднийг гүтгээд байгаа шиг тийм зүйл байсан бол бид хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ялангуяа хувь хүний хувьд хариуцлага хүлээхэд би бэлэн. 

Бидэнд төрийн мөнгийг идсэн, тэтгэвэр тэтгэмжийг зохион байгуулалттайгаар авч ашигласан ямар ч үйлдэл байхгүй гэдгийг хэлмээр байна" гэлээ.