Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербергийн нууц үг “dadada” байсан нь олныг гайхшруулжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагийн шөнө хакерууд Фэйсбүүкийн үндэслэн байгуулагч Марк Зукербергийн Twitter, Pinterest дансанд нэвтэрч чадсан байна.

OurMine Team нэртэй хакерын бүлэг Маркийн мэдээлэл рүү нэвтэрч чадсан ч тэнд хүнд хэрэгтэй юм байгаагүй тул зүгээр л нэвтэрч чадсан тухайгаа бичиж үлдээжээ.

Учир нь дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний захирал маань өрсөлдөгчдийнхөө үйлчилгээг туршиж үзэх зорилгоор л данс үүсгэсэн бололтой. Түүний хамгийн сүүлийн жиргээ 2012 онд байсан бол нийтдээ дөрөвхөн зүйлийг л пин хийсэн байжээ.

Харин нууц үгээ хэрхэн алдсан нь сонирхол татаж байна. Хакеруудын мэдээлснээр энэ хоёр сүлжээнд нэвтэрдэг Маркийн нууц үг адилхан “dadada” байжээ. 2012 онд хакерын өөр нэг бүлэг Linkedin сүлжээний хэрэглэгчдийн 117 сая нууц үг, мэйл хаягийг олж авч чадсан байдаг. Хэдхэн долоо хоногийн өмнө тэд уг мэдээллээ dark web сайтад нэг бүрийг нь 1,500 паунд орчмоор зарахаар тавьсан юм.

Тэр дотор Марк Зукербергийн Linkedin сүлжээний нууц үг байжээ. Хакерууд эндээс олсон нууц үгээ таамгаар Twitter, Pinterest сүлжээнд оруулахад амжилттай болсон гэнэ.

Маркийн энэхүү хайхрамжгүй нууц үг нь өрсөлдөгч компаниудынхаа бүтээгдэхүүнийг зөвхөн туршиж үзэх зорилгоор ашиглаж байсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Харин Фэйсбүүкийнх нь нууц үг ийм биш байсан бололтой.

 

Эх сурвалж: Telegraph.co.uk