Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Галшар адуу, Алтайн улаан ямааг үүлдрээр баталлаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаанаар /06.02/ Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй Галшар угшлын адуу, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж буй Алтайн улаан ямаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж буй Бөмбөгөрийн улаан ямааг үүлдрээр баталлаа. 

Эдгээр шинэ үүлдрүүд нь олон жилийн хугацааны судалгаа, шинжилгээ, үржил селекцийн ажлын дүнд ашиг шим өндөртэй, бусад нутгийн малаас ялгарах онцлог давуу шинжүүдтэй нь тогтоогдсон юм. 

Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй Галшар омгийн адууны үржил селекцийн ажилд хянан магадлагаа хийсэн ажлын дүнгийн талаар  Галшар сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга Р.Ачтай хэлэхдээ, “Одоогоос 120 гаруй жилийн өмнөөс Галшар үүлдрийн хурдан адууг  Сэцэн хан аймгийн  Хардал жанжин бэйсийн хошуунд үржүүлж байсан. Энэхүү 100 гаруй  жилийн өмнөөс үе залгасан үүлдрийг  баталгаажуулж манай дээр Галшар адууг  Монгол адууны дотроос  хурд, тэсвэрээрээ гайхамшигтай нь олон наадмын амжилтаар баталгаажсан байдаг.  

Галшар үүлдрийн адуу одоогийн байдлаар Хэнтий аймгийн  Галшар суманд нутагшсан бөгөөд нийтдээ 19 мянга орчим бий.  Тархалтын хувьд 15 аймгийн 128 суманд тархсан хурдны голомт. Монгол адууг үндсэндээ сайжруулсан адуу байгаа гэлээ.

Галшар удмын адуу улс, бүсэд олон жил хурдалж байгаа.

Харин Хэнтий аймгийн Галшар сумын  сайн малчин  Ц.Батболд “Би арав гаруй жил мал маллаж байна. Манай нутгийнхан эрт дээр үеэс удам угсаа, зүсийг нь сайжруулсаар ирсэн. Галшар удмын адуу улс, бүсэд олон жил хурдалж байгаа. Манай нутагт буган саарлын угшил, буган хулын угшил, Жамбын халтар, шилбэ хар гэхчилэн нутгийн хурдан адуунуудын угшил байдаг гэсэн юм.

 

ХААИС-ийн Мал аж ахуйн биотехнологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Т.Сайполдагийн танилцуулснаар Галшар адууг  2011-2016 оны хооронд нарийвчлан судалжээ. Жил болгон ангилал хийж хавар намрын улиралд судалгаа хийдэг ажээ.

Энэ судалгаагаар Галшар адууны галбир бие, цогцос, физиологийн онцлог, генетикийг голчлон судалж, энүүгээрээ хурдлах чадвараараа бусад нутгийн адуунаас илүү байгааг тогтоосон байна. 

Мөн шинэ үүлдрээр батлагдсан Алтайн улаан ямааны онцлогийг Шинжлэх ухааны доктор, профессор Д.Алтангэрэл ийн тодорхойлсон юм.

Алтайн улаан ямааны гол цөм сүрэг нь Ховд аймгийн Алтай суманд байдаг. Үржил селекцийн ажил 1976 оноос хийгдэж эхэлсэн. Дотроо үндсэн гурван удамтай. 2003 онд тухайн үеийн ХХАА-н сайдын тушаалаар үүлдрийн хэсэг гэж батлагдаж байсан. Өнөөдрийн байдлаар нийт 12 аймаг 80 суманд тархсан, шилмэл хээлтэгч хээлтүүлэгчийг өсгөж, 3.5 сая ямааг тус үүлдрээр сайжруулсан байна. Үүний дүнд нэг ямаанаас гарах ноолуурын хэмжээ ойролцоогоор 80 орчим граммаар нэмэгдсэн байгаа. Үүнээс үзэхэд нэг ямаанаас орж ирэх ашиг нь 27 орчим мянган төгрөг болж байгаа юм. 

Алтайн улаан ямааны үүлдрээр сүргээ сайжруулж буй малчид, аймаг, сумд нэмэгдэх хандлагатай байна. Тус ямааг өсгөн үржүүлж буй 80 гаруй сум, аж ахуй нэгжээс, дэвшил бүхий 3 үүлдэр шинээр гарсан байгаа.

Говь-Алтай аймгийн Дэлгэр, Ховд аймгийн Чандмань суманд Бумбатын улаан ямаа нэртэй шинэ дэвшлүүд гарч ирсэн байгаа. Эдгээр нь Алтайн улаан ямааг сайжруулсан, ашиг шимийн гарц өндөртэй сүрэг юм” хэмээн онцолсон юм. 

Эх сурвалж: ХХААЯ

 

Зураг
13 | 18 | 18 цаг