Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Үл анзаарагдах дайсан

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 31
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл өргөжин хөгжихийн хэрээр хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор хог хаягдлын хэмжээ гурав дахин өсчээ.

Гэр хорооллын хог хаягдлын 70 орчим хувийг үнс, ахуйн хог хаягдал 20, үндсэн 10 хувийг бусад хог эзэлдэг байна. Зуны урин дулаан цагт гэр хорооллын гудамжны хог хаягдал, тэр дундаа ил задгай асгасан үнс нь хөрсний бохирдол үүсгэж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн холбогдох мэргэжилтэн хэлж байлаа.

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд ангилан ялгалт хийлгэх, ландфиллийн аргаар булж дарах ажлуудыг хийж буй ч энэ нь төдийлэн хангалтгүй байдаг хэмээн судлаачид үзэж байгаа аж.

Монгол Улс жилд дунджаар зургаан сая тонн нүүрс хэрэглэдэг бол нийслэлийн 190 мянга орчим өрх жилдээ 1.1-1.3 сая орчим тонн түүхий нүүрс шатааж, 500-230 мянган тонн үнс хаядаг байна.

Гэр хорооллын айлууд халтиргаа гулгаанаас болж өгсүүр газартаа бага хэмжээгээр үнс асгаж ашигладаг. Хавар болоход нарийн ширхэгтэй үнсэн тоосонцор салхинд хийсч агаар бохирдуулдаг. Үнснээс ялгарсан нарийн ширхэглэлт тоосонцор нь дотоод агаарын бохирдол үүсгэж, бронхит, багтраа зэрэг амьсгалын замын өвчтэй болгодог хэмээн ДЭМБ үзэж буй юм. Түүнээс гадна нэг том аюул нь нүүрсний үнсэн дэх химийн найрлага аж. Энэ талаар судлаачид цөөнгүй судалгаа хийсэн байна.

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаач Б.Даваабал, Б.Батцэцэг, Ц.Золзаяа, Ж.Тэмүүжин нар Багануур болон Налайхын нүүрсний шаталтын талаар судалгаа хийжээ.

Тэд ердийн зуух болон сайжруулсан зууханд дээрх хоёр ордын нүүрсийг шатааж, туршсан байна. Судалгаагаар үнсний цацраг идэвхжлийн байдал нь дэлхийн дундажтай ижил байжээ. Үнсэнд агуулагдах цацраг идэвхт бодисын хэмжээ нь шатаагаагүй нүүрсэнд агуулагдах хэмжээнээсээ шууд хамааралтай. Шаталт явагдсан үед цацраг идэвхт бодисын хэмжээ 10 дахин их болдог аж.

Судлаачид “Налайх, Багануурын ордын хоёр төрлийн нүүрсийг ердийн болон төслийн гэсэн хоёр зууханд шатаасан ба үнсний шатаалтын хорогдол нь 8.90- 14.07 хувь байв.Төслийн зуухны шаталт ердийн зуухтай харьцуулахад бага зэрэг илүү явагджээ.

Налайхын нүүрс Багануурынхаас илүү сайн шаталттай байна. Ердийн зууханд шатаасан болон төслийн зууханд шатаасан нүүрсний үнсэнд агуулагдах хүнд, хортой элементүүдийн агууламж нь бусад орны нүүрсний үнстэй харьцуулахад дундаж хэмжээтэй байгаа нь харагдлаа. Хаягдал үнсэн дэх калий, торийн изотопын идэвхжлийн хэмжээ дэлхийн дунджаас бага байсан ч радийн изотопын идэвхжлийн хэмжээ өндөр гарсан” гэж тэмдэглэжээ.

Мөн МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш нарын баг дутуу шатсан нүүрсний үнснээс тодорхой хэмжээгээр цацраг идэвхт бодис ялгарч байдаг тул халтиргаа гулгаанаас хамгаалж, гудамжинд ил задгай асгах нь зохимжгүй гэж үзсэн байна.

Үнснээс ялгарах цацраг идэвхт бодис хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг тэд судалжээ.

Зураг
Зураг
13 | 11 | 11 цаг