Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гарцаар холбогдсон бодлого

Ц.Цэвээнхэрлэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 31
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хүн төрөлхтөн хөгжиж, баяжиж, улс гүрэн томрохын хэрээр байгаль орчин бүхэлдээ доройтож, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байдаг жамтай.

Энэ ч утгаараа Монгол Улсын эдийн засаг, нийгэм, уул уурхайн салбарын хөгжил бидэнд сайн сайхныг авчирдаг ч онгон байгалийг хэрхэн доройтуулж буйг дэнсэлж тооцохын аргагүй юм. Өнөөдөр цэнхэр гаригийн маш олон төрөл зүйлийн амьтан, ургамал дахиж хэзээ ч сэрэхгүйгээр устан үгүй болж байна. Үүнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хувьсал нөлөөлж байгаа. Гэсэн хэдий ч амьд амьтдын данснаас бүр мөсөн хасагдаж байгаа мянга мянган биологийн төрөл зүйлүүдийн талаарх эмгэнэлт түүхийг гагцхүү хүн төрөлхтөн бичсээр байна.

Хөөрхий амьтдыг сүүлчийн замд нь үддэг үхлийн нэг шалтгаан нь дэд бүтцийн хөгжил.

Хөөрхий амьтдыг сүүлчийн замд нь үддэг үхлийн нэг шалтгаан нь дэд бүтцийн хөгжил. Тэр дундаа авто зам, төмөр замтай холбоотойгоор үй олноороо үрэгддэг амьтдын тоо жилээс жилд хэдэн зуу, бүр хэдэн мянгаараа тоологдож байна. Монголын төмөр зам болон хилийн зурвас дагуух өргөст торонд гэхэд жил бүр цагаан зээр, хулан, хар сүүлт зэрэг нүүдлийн амьтан хэдэн арваараа өлгөгдөж, орооцолдон үхдэг талаар баримт бий.

ТӨРИЙН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДСЭНИЙ УЧИР

...Бамбаруушаа дагуулсан баавгай, зулзагануудаа “тэвэрсэн” дорго, янзагаа “хөтөлсөн” согоонууд, үнэг, чоно, гөрөөс, яст мэлхий, зараа, могой гээд олон төрөл зүйлийн амьтад хурдны замаар аажуу тайван гарч байх юм. Гэхдээ яг зам хөндлөн биш л дээ. Хурдны замын дээгүүр бас доогуур амьтдад зориулан хийсэн нүхэн болон гүүрэн гарцаар тэд ийнхүү айх айдас, учрах эрсдэлгүй амгалан зорчиж буй нь энэ.

Амьтанд ээлтэй ийм гарц АНУ- ын нутаг дэвсгэр дэх автозамууд болон төмөр зам дагуу олон бий. Тэр дундаа ан амьтнаар элбэг Монтана, Нью-Мексико муж улсад үлгэр болохуйц эко гарцуудыг америкчууд барьж байгуулжээ.

АНУ-ын Монтана муж дахь 93 дугаар хурдны зам дагуу зэрлэг амьтдад зориулсан 42 гарц байдаг. Гэхдээ америкчууд одоогоос зургаа, долоон жилийн өмнөөс эдгээр гарцыг барьж эхэлжээ. Энэ бүтээн байгуулалтад төр болоод төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн, бизнесмэнүүд, орон нутгийн иргэд гээд олон салбарын төлөөлөл санал нэгдэн хамтран ажилладаг нь харагдаж байв. Хамгийн гол нь авто зам, төмөр зам дагуу гүүрэн болон нүхэн гарц байгуулах нь хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чухал асуудлыг давхар шийджээ.

Судалгаанд дурдсанаар, АНУ- ын хэмжээнд хурдны зам дээр жилд 300 мянга гаруй амьтан дайруулж үхдэг гэнэ. Энэ зөвхөн албан ёсны бүртгэлд орсон баримт. Хэрвээ яг таг тооцвол үүнээс хэдэн арван мянгаар нэмэгдэх магадлалтай хэмээн америкчууд ярьж байв.

“Монтана мужийн хүн ам сүүлийн жилүүдэд өссөнтэй холбоотойгоор зам тээврийн ачаалал ч нэмэгдсэн. Үүний хэрээр хурдны зам дээр гарах осол тасрахаа байсан. Машинд дайруулж үхсэн амьтан ч хэдэн зуугаараа бүртгэгдэж байлаа. Үүний цаана хүмүүс амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, машин техникээ эвдлэх гээд олон сөрөг үр дагавар гарч ирж байгаа юм. Энэ бүхэнтэй холбоотойгоор амьтдад зориулсан гарц барьж байгуулах ажлыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, бодлогоор дэмжсэн.

Ингэснээр зам дээр гардаг осол огцом буурч, дайруулж үхсэн амьтдын тоо ч үүнийг дагаад багасаж байна” хэмээн Монтана мужийн Зам тээврийн яамны мэргэжилтэн Шэйнь Стэйк тайлбарласан юм.

БАЙГАЛИА ХАЙРЛАХ СЭТГЭЛ БУЮУ ИРГЭНИЙ ҮҮРЭГ

Амьтанд зориулж гарц барих ямар шаардлагатай юм бэ? Энэ асуултыг америкчууд тавьж байв. Нутгийн индианчуудын омгийн холбооныхон Засгийн газартайгаа хамтран гарц зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд “Хурдны замын сөрөг нөлөөллийн судалгаа”-г хийжээ.

Уг судалгаагаар 1990-2004 оны хооронд хурдны зам дээр зургаан сая осол бүртгэгдсэнээс сүүлийн жилүүдэд амьтантай мөргөлдсөн тохиолдол 50 хувиар ихэссэнийг баталсан байна. Түүнчлэн энэ хугацаанд АНУын хэмжээнд хандгай, буга, гөрөөс, баавгай зэрэг амьтантай мөргөлдсөнөөс 211 хүн нас барсан талаарх гашуун мэдээ америкчуудыг цочирдуулав. Мөн үхсэн амьтны тоо бараг хоёр саяд хүрсэн судалгаа гарчээ. Үнэндээ энэ судалгаа түгшүүр дагуулсан мэдээ байв.

Эрдэмтдийн санаачилга, зүтгэлийн дүнддагаж мөрдөх стандарттай болсон нь нэг дэвшил юм. Судалгааны ажил үүгээр дууссангүй. Амьтантай мөргөлдсөнөөр тухайн хүнд учрах хохирлыг хөрөнгө санхүү, нөхөн төлбөр, нэг амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ зэрэгтэй холбон тооцсоноор замын аюулгүй байдлыг хангах нь үнэхээр чухал асуудал гэдгийг хаа хаанаа тун сайн ойлгожээ.

Мөн хөрөнгө шаардсан гарцыг олноор барих гол хөшүүрэг болсон байна. Ийнхүү хэдхэн жилийн дотор Монтана мужийн таван бүсэд 151 гүүрэн болон нүхэн гарц байгуулж чадав. Гарцууд баригдсанаар, сүүлд хийсэн судалгаагаар гэхэд амьтдын үхэл 40-өөд хувиар буурсан үзүүлэлт гараад байгаа аж.

АНУ-ын хурдны зам нь төрийнхөө мэдэлд, харин төмөр зам хувийн өмчид данстай. Жишээ нь, гүүрэн гарцыг барих зардал 1-2 сая ам.долларт хүрдэг байна. Тэгэхээр энэ хөрөнгийг хэрхэн босгох вэ гэдэг чухал асуудлын нэг юм. Шэйнь Стэйкийн яриаг дахин сонсъё.

Гүүрэн болон нүхэн гарц барихад улсын төсвөөс мөнгө өгдөггүй. Гэхдээ энэ мөнгийг босгох маш олон аргыг ашигладаг. Улсаас олгодог зам засварын мөнгөнөөс хэмнэх, бизнесийн компаниудыг татан оролцуулах, ямар нэг амыныг хамгаалуулахаар хандивласан хувь хүмүүсийн хөрөнгийг ашиглах гээд гарц хийх зардлаа олж болдог эрх зүйн орчин манайд бүрдсэн. Хамгийн гол нь Монтанагийн иргэн бүр энэ ажилд оролцох ёстойгоо, амьтдаа хайрлах ёстойгоо ухамсарлаж, үүгээрээ ч бид бахардаг. Амьтнаа хамгаалснаар эргээд тэднээр дамжуулан ашиг олох, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх үндсийг тавьж буй хэрэг юм” гэв.

Угтаа бол энэ нь өдгөө дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэхээр яригдаж буй ногоон эдийн засгийн тогтвортой хөгжлийн хэлбэр гэж ойлгож болно.

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ БА НҮҮДЛИЙН АМЬТАД

Харин одоо алсын Америкийг түр орхиод Монголдоо “бууя”. Монгол Улс 2016 он гэхэд бүх аймгаа нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа. Эхний ээлжинд 1,300 гаруй км зам тавихаар зэхэж байна.

Дараа жил Архангай, ГовьАлтай, Завхан, 2015-2016 онд Баян- Өлгий, Увс, Ховд аймгуудыг нийслэлтэй холбох төлөвлөгөө батлагдсан. Түүнчлэн Алтанбулаг, Замын-Үдийг холбох төмөр замын ажил тун удахгүй эхлэх найдвар бий.

 Монгол орны олон төрөл зүйлийн амьтдад устаж мөхөх, хорогдож цөөрөх аюул тулгарч болзошгүй байгаа.

Харамсалтай нь, энэ бүхнийг барьж байгуулахад ан амьтны нүүдлийг ингэж зохицуулна, тэгж хамгаална гэсэн тодорхой заалт манай хууль тогтоомжид байдаггүй. Гэхдээ нэг ахиц гарсан. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)- ийн болон ШУА-ийн эрдэмтэн судлаачдын санаачилга, зүтгэлийн дүнд эхний ээлжинд дагаж мөрдөх стандарттай болсон. Харин уг стандартыг хэрхэн мөрдөж, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих зэрэг асуудал бас л тодорхойгүй байна. Чухам үүнтэй холбоотойгоор Монгол орны олон төрөл зүйлийн амьтдад устаж мөхөх, хорогдож цөөрөх аюул тулгарч болзошгүй байгаа юм. Энэ бол зүгээр л нэг хоосон сүржигнэл биш гэдгийг эрдэмтдийн хийсэн судалгаагаар батлах хэрэгтэй болов уу.

...Дорнод Монголын талд бэлчих цагаан зээр газар хөдөлж байна уу гэлтэй хэдэн мянгаараа сүрэглэн давхилдахыг харсан ямар ч хүний сэтгэл хөдлөхгүй байх аргагүй. Гэвч манай орны тал нутгийн чимэг болсон цагаан зээрийн ирээдүй улам бүр харанхуйлсаар байна.

Тэнгэрийн хаяа ороон нийлэх шахам багшран бэлчих цагаан зээрийн сүрэг лав сүүлийн жилүүдэд ийм хэмжээгээр харагдахаа байжээ. Уул уурхай хөгжиж, бэлчээрийн мал аж ахуйн газар хүрээгээ тэлэхийн хэрээр цагаан зээрт ногдох газар улам бүр багассаар байна. Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд цагаан зээр, хулан адуу, хавтгай тэмээ, аргаль хонь гэх мэт зүйлүүдийн нүүдэл, үржил, төлжилт явагдах нутгийн сонголт зэрэг судалгааг АНУ, Япон, Герман, Австрийн эрдэмтэдтэй хамтран хийжээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Лхагвасүрэн:

- Өргөст тор саад болдог талаар 2000 он гартал эрдэмтэд маргалддаг байсан. Харин бидний олон жюшйн судалгаагаар төмөр замын хоёр талын тор болон манай хилийн дагуух өргөст торууд цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд маш том саад бэрхшээл болдог нь нотлогдсон. Бид Америкийн болон Японы эрдэмтэдтэй 2002 оноос хойш төмөр замын ойролцоо тархсан хэд хэдэн цагаан зээр барьж, сансрын хиймэл дагуулаас мэдээлэл дамжуулах хүзүүвч зүүж үзэхэд нэг нь ч тэрхүү өргөст тор бүхий төмөр замыг гаталж чадахгүй байгааг баталгаажуулсан юм.

Мөн төмөр замын дагуу Замын-Үүд хүртэл явж судалгаа хиихэд торонд өлгөгдсөн асар олон зээрийн сэгийг замын баруун, зүүн тал гэж ангилан тоолж гаргасан гэв.

Монгол орны зүүн хэсэг буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн төмөр замаас зүүн тийш нутагт үлдсэн цагаан зээр нь дэлхийн цагаан зээрийн тоо толгой, тархцын гол цөм болжээ. Одоо Хятад, ОХУ, Казахстан гэх мэт улсад цагаан зээр үндсэндээ устсан байна. Зөвхөн ОХУ-ын Өвөр Байгалийн Тарь нуурын дархан газрын нутагт цөөхөн хэдэн толгой Монголоос ган, зуднаар орж ирсэн зээрээр сэлгэгдэн оршин тогтнож байгаа аж.

Зээр нь ургамлын аль сортойг идэж байнга бэлчээр сэлгэн нүүдэллэдэг. Ингэснээр ургамлын үрийг тарааж, туруугаараа хөрсөнд шигтгэн суулгаж өгдөг ашигтай амьтан. Зээрийн хоргол тал хээрийн хөрсөнд бордоо болдог. Мөн махчин амьтдын хоол болж, тал хээрийн зэрлэг байгалийн идэш тэжээлийн гинжин холбоонд чухал үүрэг гүйцэтгэдэг юм” хэмээн Б.Лхагвасүрэн онцлов.

Ийм эмгэнэлт хувь тавилан хулан адууг бас тойрсонгүй. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгаас 16 хуланд хүзүүвч зүүж судлахад шилжилт хөдөлгөөнд нь төм өр замын болон хилийн өргөст торнууд мөн л саад болж байгааг тогтоов. Мөн Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн төмөр замын болон Хятад, Монголын хилийн зурвасын торон хашаагаар амьдрах орчныг нь тусгаарлаж, жам ёсны шилжилт хөдөлгөөнийг нь саатуулжээ.

Угаас байгалийн хийгээд хүний хүчин зүйлээс шалтгаалан цөөрс өөр байгаа амьтад ийнхүү нүүдэллэх замдаа үхэж байгаа нь харамсалтай биш гэж үү. Яг одоо ч тэр өргөст торонд өлгөгдөн үхсэн амьтдын сэг зэм, орооцолдон тарчлах амьтдын аврал эрсэн өрөвдмөөр төрхийг төмөр зам, хилийн дагуу харж болно. 

 

Зураг
Зураг
13 | 12 | 12 цаг