Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийг хурдасгах шийдэл

Б.Цэцэгсүрэн
2016 оны 5 сарын 25
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Дөч гаруйхан жилийн өмнө Азийн хамгийн ядуу орнуудын тоонд орж, нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн нь ердөө 87 ам.долларт ч хүрэхгүй байсан Бүгд Найрамдах Солонгос улс өдгөө нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Байгалийн баялаг бараг байхгүй гэж хэлж болох, бага хэмжээний нүүрс, графит, молибден, цагаан тугалгын нөөц бүхий энэ улсын эдийн засгийн хөдөлгүүр нь электроник, автомашин, хагас дамжуулагч, хими, усан онгоц, төмөрлөгийн үйлдвэрлэл хэмээн албан тушаалтнууд нь томьёолдог. Зүүн Азийн багахан энэ улсад 2015 оны байдлаар 1.43 их наяд ам.долларын баялаг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, 51 сая давсан хүн амтай улсын нэг хүн бүрт 28,338 ам.доллар ногдож байна.

Зүүн Азийн багахан энэ улсад 2015 оны байдлаар 1.43 их наяд ам.долларын баялаг бүтээжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хөтөлбөрт багтсан анхаарал татам нэгэн хөтөлбөр нь Бүтээлч эдийн засаг, инновацийн Кёнги төв байлаа. Солонгосчууд өөр зуураа “Pangyo Techno Valley” хэмээн нэрийдэх цогцолборт энэ төв байрлах аж.

Нарлаг Калифорнийн Цахиурын хөндийтэй адил дэлхийн өндөр технологийн томоохон корпораци, мянга мянган старт-ап компаниудыг бойжуулж, тэндээсээ дэлхийн нэн шинэ тоглогчдыг төрүүлэх гэсэн Пак Гын Хэгийн мөрөөдлийн нэг хэсэг нь энэ. Гэхдээ энэ бүтэшгүй үлгэр биш. Өнгөрсөн оны байдлаар л гэхэд энэ төвд мөрөөдлөө ажил хэрэг болгон бүтээж, ажлаа баяр хөөр, кайф, амьдралын утга учир болгож буй мянга гаруй компани нийт 70 их наяд воны борлуулалт хийжээ.

Өөр зуураа ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой хэдэн зуун төрлийн бүтээгдэхүүн энд үйлдвэрлэж байна. Нэг тэрбум ам.долларын ашиг олсон бүтээгдэхүүн ч бий хэмээн уг төвийн дарга Им Дог Рэ тодотгов. 2013 онд БНСУ-ын Төрийн эрхийг атгаснаас хойш Пак Г ын Хэгийн “Бүтээлч эдийн засаг” санаачилгын хүрээнд Засгийн газар нь энэ салбарт жил бүр хоёр тэрбум ам.долларын хөрөнгө цутгасаар байна. Өмнөд Солонгос Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах улс гэдгийг энд тодотгоё.

-Хэрэв татгалзахгүй бол Та үүнийг шатааж туршина уу хэмээгээд Кёнги төвд бойжиж буй “Heinosky Korea” старт-ап компанийн захирал бүсгүй Ерөнхийлөгчид асаагуур өгөв. Барилгын галд шатдаггүй хөөсөнцөр хавтан эднийх үйлдвэрлэдэг аж. Өнгөрсөн гуравдугаар сард хатагтай Пак Гын Хэ Пангёд зочилж, “Дэлхийн шинэ тоглогчидтой хийх уулзалт” арга хэмжээг зохион байгуулснаас хойш галд тэсвэртэй хөөсөнцрийн үйлдвэрлэл олонд танигдаж, энэ оны хоёрдугаар хагасаас Францад, харин ирэх жил Итали, АНУ-д бүтээгдэхүүнээ экспортлохоор зэхэж буйгаа компанийн захирал Ли Сын Хэ тэмдэглэв. Багагүй амжилттай яваа компанийн захирал гэхэд тэрбээр тун чиг залуухан юм.

Үндэстэн дамнасан аварга конгломератуудынхаа нэрээр Солонгос улс дэлхийд алдарших боловч дэлхийн аж үйлдвэрийн нэн шинэ тоглогчид 700 ам метр хүрэхгүй талбайтай энэ бяцхан хөндийгөөс төрнө гэдэгт хатагтай Пак Гын Хэ итгэх аж.

Өөрөөр хэлбэл, Хан мөрний гайхамшгийн хоёр дахь хувилбарыг харуулах жор нь инноваци, бүтээлч эдийн засаг гэж солонгосчууд томьёолж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн танилцсан дараагийн гарааны бизнес нь “12 см”. Ухаалаг тамга ашиглан офлайн горимд байгаа гар утсанд бүхий л мэдээллийг дамжуулж, кофе захиалах гэх мэт үйлчилгээг авч болно хэмээн компанийн захирал тоймлов.

Цогцолборын төв барилгын тавдугаар давхарт шилэн хана бүхий тусгайлсан өрөөний хаалганд тулж ирээд “Мөнөөх 3D принтер чинь энд бий шүү дээ” хэмээн Элчин сайд Б.Ганболд шагшрав. Тэрчлэн модоор хийсэн шоо ашиглан хүүхдийн сэтгэн бодох чадвар дээшлүүлэх ухаалаг тоглоом, унадаг дугуй жийнгээ гар удирдлага ашиглан дэлгэц дээр тоглох оффисын ажилтнуудад зориулсан тоглоом, ухаалаг утсаараа гэрийнхээ хаалгыг онгойлгох төхөөрөмж, шуугиантай үед ч утсаар ярих боломжоор хангах техник хэрэгсэл, аюулгүй жолоодлогын туслах систем зэргийг үйлдвэрлэдэг “Madas”, “Atto Cube”, “Car B” тэргүүтэй компанитай Ерөнхийлөгч болоод түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүн энэ үеэр танилцлаа.

Пангё хөндийн энэ цогцолборт л гэхэд одоогоор том, жижиг 1,120 компани байрлаж, 73,000 ажлын байр бий болгоод байна.

Хязгаарлагдмал баялгаар хязгааргүй хэрэгцээг хангахыг алхам тутамд шаардаж буй эринг дагаад бүтээлч технологи, инновацийг нээн илрүүлсэн гарааны бизнесийн тоо ч улам бүр өсөх аж. Зөвхөн Пангё хөндийн энэ цогцолборт л гэхэд одоогоор том, жижиг 1,120 компани байрлаж, 73,000 ажлын байр бий болгоод байна. Харин бүтээлч эдийн засаг, инновацийн төв буюу бидний монголчууд инкубатор гэж нэрлэдэг төвд 54 компани байнгын үйл ажиллагаа явуулж, компаниудыг зургаан сарын хугацаанд байрлуулж ротаци хийдэг талаар төвийн дарга ярьж байв. Кёнги инновацийн төвд бойжиж, хөтөлбөрт хамрагдсан компаниудаас технологийн шинэ шийдлээр цойлж гарсан компаниуд ч бий агаад тэдгээрийн нэг нь дээр дурдсан “Heinosky Korea”.

Оршин буй Кёнги мужийнхаа онцлогт тохируулан өдгөө эл хөндийд таван салбарыг “стратегийн” хэмээн онцолж хөгжүүлж байгаа аж.

Нэгдүгээрт, стратегийн төсөл бол глобал гол төв буюу хаб болох төсөл. Орон даяар байгуулагдсан инновацийн төвүүдэд байрлаж буй жижиг, дунд компаниудыг олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Хоёрдугаарт, финтек буюу санхүүгийн технологийн бизнесийг дэмжиж байна. Орон даяар суурилсан бусад төвд санхүүгийн технологийг дэмждэг өөр төв одоохондоо байхгүй.

Гуравдугаарт, IоТ (Internet of Things) буюу эдлэл дээрх интернэт төслүүдийг дэмжихийн тулд шинэ санааг бизнес болгох, шинэ бүтээгдэхүүн зохион бүтээхэд дэмжлэг үзүүлдэг” хэмээн төвийн дарга Им Дог Рэ тоймлов.

Тэрчлэн тоглоомын аж үйлдвэрийг дэмжихийн тулд дараа үеийн тоглоомын салбарт гарааны бизнес нэвтрүүлж буй компаниудыг дэмжихэд анхаарч байгаа аж. Дээр дурдсан модон шоогоор дүрс эвлүүлж, түүнийгээ ухаалаг гар утсаар шалгадаг тоглоом үйлдвэрлэгч тэргүүтэн энэ ангилалд багтана. Тэд өдгөө хоёр тэрбум 300 сая ширхэг дүрс эвлүүлэх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа төдийгүй хүүхдэдээ англи хэлний цагаан толгой зааж сургах боломжтой энэ тоглоомыг Солонгосын цэцэрлэгүүдэд бодлогоор нийлүүлж эхэлжээ.

Харин тавдугаарт, дараа үеийн үүрэн холбоонд инновацийг хийх, үүнтэй холбоотой гарааны бизнесийг тууштай дэмжихээр төлөвлөжээ. Хамгийн олзуурхууштай нь эдгээр стратегийн төслүүдийг бодит болгон биежүүлж, үйлдвэрлэгч болон хөгжихөд туслах, зах зээлд санаагаа алдахаас урьдчилан сэргийлэх, олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх зэргээр хөгжлийг түргэсгэгч болгоход ихээхэн ач холбогдол өгч гарааны бизнес эрхлэгчийг дэмжиж байгаагаа энэ төвийнхөн дуулгалаа.

Кёнги төвийн ирээдүйн зураглалын талаар Им Дог Рэ захирлаас лавлалаа.

-Гарааны бизнесийн экосистемийг эрчимжүүлж, инновациар тэргүүлснээр бүтээлч эдийн засгийн гол төвийг бий болгоно гэв.

Эндхийн практикаас Монголд хуулж авмаар нэг санаа нь үйлдвэр компаниуд бие биенээ дэмжин ажилладаг. Хөл дээрээ тэнцэж ядаж буй жижигчүүлээ үндэстэн дамнасан аварга корпорациуд нь тэтгэн урамшуулдаг. Кёнги төвийг л гэхэд Өмнөд Солонгосын үүрэн холбооны гигант КТ корпораци дэмнэдэг. Ийм туршлага Монголд хараахан дэлгэрээгүй билээ.

Хөл дээрээ тэнцэж ядаж буй жижигчүүлээ үндэстэн дамнасан аварга корпорациуд нь тэтгэн урамшуулдаг.

Кёнги дахь төвөөс гадна Солонгосын гол хотуудад инновацийн 18 төвийг ээлж дараалан байгуулжээ. БНСУ-ын том компаниуд тухайн орон нутгийн онцлогт уялдуулж төвүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг гэж Им Дог Рэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулав. Инновацийн төв бүр нийтлэг гурван зорилготой байх агаад

“Нэгдүгээрт, тухайн орон нутагт гарааны бизнесийг эхлүүлэх экосистемийг эрчимжүүлэх.

Хоёрдугаарт, орон нутгийн эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлтийг хангах инновацийн суурийг бэлтгэх.

Гуравдугаарт, том компани болон жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хооронд үйлдвэрлэлийн уялдаа холбоог бий болгох, үүнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэнэ.

Байгуулагдаад нэг жил ч болоогүй инкубаторын ерөнхий дүр төрх иймэрхүү. Шинийг сэтгэх, түүнээ амжилтанд хүргэхийн тулд тэд уйгагүй зүтгэж байна. Монголд ч гэсэн гарааны бизнесээ дэмжихээр “Монгол толгой-Силикон хаус” байгуулсан. Гэхдээ Монголын гарааны бизнес эрхлэгчдэд толгой дараалан тохиолдож буй түмэн зовлонгийн нэг нь хөрөнгө мөнгөний асуудал юм.

Хоёр өдөр хагасын турш шахуу хөтөлбөртэй үргэлжилсэн айлчлал өндөрлөх дөхсөн хэдий ч гарааны бизнесмэнүүдийн үгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхааралтай сонсож, бизнесийн ноу-хау, технологийн нарийн ширийн зүйлсийг лавлан асууж явлаа.

 

Зураг