Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Уянга: Бид харилцагчийн үйлчилгээний стандартаа өндөр түвшинд барьж ажилладаг

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

“Блью Мон” группын охин компани “Түрэлт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Уянгатай ярилцлаа.


-Танай байгууллагыг нийслэлдээ томоохонд орох “Блью мон” цамхагаар нь хүмүүс илүү мэддэг. Яг байгууллагынхаа үйл ажиллагаа болоод, “Түрэлт” компанийхаа талаар илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-“Түрэлт” гэдэг маань “Блью Мон” группын нэг охин компани байгаа юм л даа. “Блью Мон” групп маань нийтийн хоолны салбарт түлхүү үйл ажиллагаа явуулдаг компани.

Гэхдээ сүүлийн үед үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэл, худалдаа чиглэл рүү үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний нэг нь “Блью Мон” группын охин компани болох “Түрэлт” компани маань юм. Манай компани “Блью Мон” төвийг 2011 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон тэр үеэс идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж болно. Ерөнхийдөө группийнхээ үл хөдлөх хөрөнгийн бүх  л объект, үл хөдлөх хөрөнгийг нь хариуцаад явдаг. Одоогоор цөөхөн хүнтэйгээр компанийхаа үйл ажиллагааг аваад явж байна.

Ирээдүйд илүү томроод үйл ажиллагаагаа өргөжүүлээд явна даа.

-Компанийн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ямар бүтээн байгуулалт, төсөл дээр ажилласан бэ. Одоо болон цаашид ямар төсөл дээр ажиллахаар төлөвлөж байна?

-Бидний яг одоогийн төсөл бол “Блью Мон” центр. Ашиглалтад ороод гурав, дөрвөн жил болж байгаа.

Дүүргэлт гэхэд 90 хувьтай байна. Бусад ижил төстэй барилгуудыг бодоход харьцангуй нэлээд өндөр хувьтай явж байгаа. Бид барилгынхаа ашиглалт үйлчилгээг хариуцаад явж байна. Мөн саяхан шинэ объекттой болсон. Архивын ерөнхий газар гээд манай баруун талд байрлах гурван мянга орчим метр ам дөрвөлжин талбайтай гурван давхар байшин байгаа. Үүнийгээ бид ирээдүйн төсөлдөө зориулж авсан юм. Ирээдүйд эндээ байшин босгоно.

Тэрнээс өмнө түр хугацаанд буюу 3-5 жилдээ сайжруулаад үйлчилгээний чиглэлээр түрээслэхээр ажиллаж байгаа. Ер нь ирээдүйд олон төслүүд төлөвлөж байгаагийн нэг нь хүмүүст хэдийнэ танигдсан “Морин хуур” төсөл байна. Морин хуур төслийн албан ёсны эрхийг Оюуны өмчийн газраас авчихсан байгаа.  Хэзээнээс эхлэж хэрэгжихийг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн энэ хэсэг дээрээ бусад компаниудтайгаа хамтраад “Эм Ай Си Си” гээд төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа. “Өргөө-2”, Туушин зочид буудлаас нааш хэсэг газарт Голомт банк, Эрэл, МТТ гэх мэтчилэн том компаниудтай хамтраад “Эм Ай Си Си” төсөл хэрэгжүүлэхээр одоо зөвхөн ярианы түвшиндээ явж байна.

Түүнийхээ бэлтгэл ажил болгож Архивын ерөнхий газрыг сонгосон.

 

-Үнэндээ үл хөдлөх хөрөнгийн салбар бол залуу салбар. Танай байгууллагын хувьд үл хөдлөх хөрөнгийн түрээс дээр төвлөрч ажилладаг. Танайх өнгөрсөн хугацаанд ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байв. Яг өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил ямар байна вэ?

-Тийм ээ. Ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн салбар, зуучлал манайд хөгжиж эхлээд удаагүй байна.

Манай компанийн хувьд үл хөдлөхийн шилдгүүдтэй ажиллах, ер нь л бүх салбарын шилдгүүдтэй ажиллах сонирхолтой байдаг. Яг үл хөдлөх хөрөнгийн зуучлалын хувьд “Монголиан пропертис”, “Урбан пропертис”, “MGG” гээд байгууллагуудтай хамтран ажиллаж байсан. Сүүлийн үед “РЕМАКС МОНГОЛИЯ” компанитай хамтран ажиллаж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ том компани албан ёсоор Монголд орж ирэнгүүт нь баярлаад л тэднийхтэй гэрээ хийж зуучлалын чиглэлээр хамтран ажиллаж байна. Ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа. Урьд нь нэг компани барилгаа бариад өөрсдөө борлуулаад, доторх ашиглалтыг нь хариуцаад бүх юмаа өөрсдөө хийгээд явдаг байсан. Ингэж олон тийш анхаарал хандуулаад дэд салбар байгуулаад ажиллахад бүгдийг нь өөрсдөө яг мэргэжлийн түвшинд сайн хийж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.

Одоо харин үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани гарснаар хүмүүс ч тэрийг ашиглаж мэддэг болчихоод байна л даа. Зөвхөн түрээсийн барилга дээр биш орон сууцан дээр ч гэсэн хүмүүс зуучлагч байгууллага руу ханддаг болчихсон байна.

 

-Оффис түрээсэлж буй албан  газрууд ч юм уу, иргэд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани руу хандсанаар ямар давуу талтай байдаг вэ?

-Хамгийн түрүүнд цаг хугацааг хэмнэж өгдөг. Хувь хүн өөрөө гүйгээд явахаас илүү мэдээлэл олдог, зөв сонголт хийхэд нь мэргэжлийн зөвлөгөө өгдөг зэргээр илүү давуу талтай байдаг л даа.

Бид нар шиг түрээсийн,  үл хөдлөх хөрөнгийн менежмент хийж байгаа компанид зуучлагч байгууллагууд маш чухал байдаг. Манайд гэхэд тусдаа маркетинг борлуулалтын албаны хүмүүс байдаг боловч яг мэргэжлийн байгууллагад хандчихвал зардал хэмнэх, бэлэн мэдээллийн баазыг ашиглах зэрэг сайн талтай. Тус тусдаа компаниуд ажиллаад явахад цаг хугацаа, хөрөнгө мөнгөний тал дээр илүү зардалтай байдаг юм.

Мэргэжлийн байгууллагууд руу хандчихвал илүү амар байдаг. Цаашдаа ч энэ салбарынхан илүү сайн хөгжих байх.

-“РЕМАКС”-ийн хувьд танайхтай хамтран ажиллахад ямар давуу тал ажиглагдав. Ер нь цаашид Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт олон улсын энэхүү байгууллага орж ирснээр ямар, ямар дэвшил авчирна гэж та дүгнэж байна вэ?

-“РЕМАКС” дэлхийн олон улсын хөрөнгө зуучлалын компани. Гэсэн ч бусад үл хөдлөх хөрөнгийн компаниудтай харьцуулахад  зуучлалын болоод үйлчилгээ нь харьцангуй хямд, боломжийн нөхцөл тавьдаг юм билээ.

Мөн бусад байгууллагуудтай  харьцуулахад хамтран ажиллаж буй газартайгаа эргэх  харилцаа холбоо илүү сайтай байдаг. Энэ ажил маань тийм шатандаа явж байна, ингэж байна  гээд мэдээллээ маш сайн өгдөг. Бидний хувьд Монголынхоо үл хөдлөх хөрөнгийн нэлээд олон байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллаж үзсэн. Тэгэхэд яг нэг түрээслэгч ч юм уу, хүн гарч ирвэл л ярихаас бусад үед холбогдохгүй. Бид л эргэж асууж сураглаж яаж байна гэж явдаг байсан.

Харин “РЕМАКС” бол тэс өөр. Байнга мэдээлэл өгч, ийм хүмүүс сонирхож байна, байдал ийм байна гэж тогтмол мэдээлдэг. Эргэх холбоо тун сайтай.

 

-“РЕМАКС” компани дэлхийг хэрсэн том сүлжээ гэдэг утгаараа түрээслэгчдийг Монгол руу татах, Монголоос гадны иргэд, хилийн чанадад амьдарч буй хүмүүст үл хөдлөх хөрөнгө борлуулах, зуучлах боломжийг олгож байгаа. Манайд өмнө нь энэ үйлчилгээ хэр хөгжиж ирсэн бэ. Танайхтай хамтран ажилладаг байгууллагуудын туршлагаас харахад?

-Бид яг энэ чиглэлээр нарийн мэдэхгүй юм. Энэ чиглэлийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагийн хувьд ажиглахад “Монголиан пропертис”  ч юм уу, эсвэл “MGG” зэрэг байгуулагууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. “РЕМАКС”-тай ажиллаж эхлээд бид хоёр, гурван сар л болж байгаа болохоор яг энэ чиглэлд хараахан санал орж ирээгүй байна.

Гэхдээ дэлхийн маш олон оронд салбартай, сүлжээтэй ажилладаг учраас давуу тал нь хамаагүй илүү гэж бодож байна. Тэр ч үүднээс бид тэдэнтэй хамтран ажиллахаар сонгосон.

 

-Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зуучлалын мэргэжлийн байгууллагын давуу талыг хүмүүс мэдэх болж гэгдэх болсон. Худалдан авагчдын мэдлэг нэмэгдэж, хандлага өөрчлөгдөж байгаа гэж яригдах болсон. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Яг тийм байгаа юм л даа. Урьд нь хүмүүс өөрөө оффис хайж явж байгаад л гүйгээд ороод ирдэг байсан бол одоо илүү идэвхтэй зуучлагчаар дамжуулж харьцдаг болсон байна.

Ялангуяа том байгууллагууд олон улсын байгууллагууд дан зуучлагчаар дамжуулж харьцдаг. Манайх өөрийн талбай бага, дээр нь дандаа гадны том байгууллагууд, Элчин сайдын яамтай хамтран ажилладаг учраас эхнээсээ л үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Ер нь олон улсын томоохон хэмжээний байгууллагууд хэзээ ч гудамжинд байр хайж гүйгээд байдаггүй. Заавал мэргэжлийн зуучлагч байгууллага руу ханддаг.

Тэр дундаа олон улсын томоохон зуучлагч байгууллага руу л хүрч ирдэг л дээ. Дотоодын зуучлагч байгууллагууд ч байна. Одоо харьцангуй хайж явж байгаад орж ирдэг хүн эрс багасчихаад байна. Энэ бүгд нь хүмүүсийн хандлага, соёл ч бас өөрчлөгдөж байгаагийн нэг илэрхийлэл л дээ. Жижиглэнгийн оффис хайж байгаа хүмүүс тэгж орж ирдэг байж магадгүй.

Манайх жижиглэнгийн оффис түрээслэдэггүй учраас брокер компаниудтай харьцахаас л өөр арга байхгүй. Тийм ч учраас бид “РЕМАКС” зэрэг томоохон байгууллагыг сонгон хамтран ажиллаж байна.

-Танай компанийн хувьд худалдан авагчдаа идэвхижүүлэхийн тулд брокер байгууллагатай хамтран ажиллахаас гадна өөр ямар бодлого баримтлан ажиллаж ирсэн бэ?

-“Блью Мон” групп бол олон жил болчихсон “Эм Си Эс”  шиг ч гэх юм уу том групп биш шүү дээ. Хөгжлийнхөө шатанд л явж байгаа. Яг групп компани болоод олон жилийн нүүр үзээгүй. Тийм учраас маркетингийн алба зэрэг олон дэд салбар алба байдаггүй л дээ.

Тийм ч учраас зуучлагч байгууллагуудтай л тулж ажиллаж байна. Илүү сайн ойр ажиллаж байж борлуулалтаа хийдэг.

-Барилгын салбар манайд нэг хэсэг идэвхтэй хөгжиж ирсэн. Сүүлийн үед харин зогсонги байдалд орчихлоо гэж ярьж байна. Ер нь барилгын салбарын хөгжлийг та юу гэж харж байна вэ?

 

-Манай захирлууд хэлдэг л дээ. Ер нь тэр хямрал ч байдаг юмуу асуудал бэрхшээл гарахад хямрал, асуудал нь хүний толгойд байдаг юм гэж.

Бусад барилгууд дүүргэлт 50 хувьдаа ч хүрэхгүй байна гэж ярьж байгаа. Бидний хувьд дүүргэлт 90-ээд хувьтай явж байна. Барилгын хэмжээ метр квадратаасаа хамаараад явж байгаа л даа. Гэхдээ ер нь бол манай компанийн хувьд тэгж их мэдрэгдэхээр зүйл байхгүй. Түрээсийн талбай олон болчихсон боловч сонирхож байгаа хүн нь бага учраас том том байгууллагууд түрээсийн үнээ маш их буулгаж байна.

Гэтэл бидний хувьд ерөнхийдөө түрээсийн үнээ жигд бариад ирсэн. Дүүргэлтээ 90 хувиас буулгахгүй ажиллаж байгаа.

-Энэ хүнд хэцүү үед олон улсын хэмжээний хамтрагчдаа алдахгүй, дүүргэлтээ тогтмол 90 хувьтай барьж чадаж байгаагийн нууц нь юу вэ?

-Үйлчилгээ хөрөнгийн менежмент,  харилцагчийн үйлчилгээгээ хэр явуулж байгаагийн үр дүн гэж бодож байна. Манай харилцагч байгууллагуудын 70 гаруй хувь нь гадны улсын байгууллага байгаа.

Унгарын Элчин сайдын яам, “Петро Чайна Дачин Тамсаг” гээд Хятадын төрийн том компани байна. “Котра” гээд Солонгосын худалдаа аж үйлдвэрийн  танхимын салбар байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн нэг төсөл байна. “Koreas” гээд Солонгосын Уул уурхайн яамны нэг харъяа салбар гэх мэтчилэнгээр олон улсын байгууллагууд байдаг.

Тэдэнтэйгээ харилцаагаа урт удаан хугацаанд авч үлдэхийн тулд харилцагчийн үйлчилгээний стандартаа л маш өндөр маш өндөр түвшинд байлгах гэж хичээж ажилладаг. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.