Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Буланд шахагдсан БИЕ ДААГЧИД

З.Боргилмаа
2016 оны 5 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

-Энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлт эрх баригчдаас бусдын үзэл бодол, сөрөг хүчний сонгогчдын хэрэгцээ, сонирхлыг үл харгалзсан, “ялагч бугдийг авах" зарчимд тулгуурласан учраас өнөөдөр жижиг намуудаас гадна бие даан өрсөлдөгчдөд өдий төдий бэрхшээлийг тулгаж байна-

Сонгууль бүрийн өмнө холбогдох хулиа өөрчилдөг. Чингэхдээ цаг хугацааны дарамт дор өөрчилдөг хууль тогтоогчид, эрх баригчид өдийд сэтгэл амарчхаад байгаа бол СЕХ-ныхноос эхлээд сандарч тэвдэх хүмүүс бий.

Өнгөрсөн сонгуулийн өмнө гэхэд л СЕХ ердөө зургаахан сарын хугацаанд багтаан шинэ хуульд нийцүүлэн 40 гаруй дүрэм, журам, заавар, баримт бичгүүдийн загварыг батлан гаргах гэж тэвдсэн юм. Тэгвэл өнөө жил сонгуулийн хуулийг ердөө хоёр сар хүрэхгүйн өмнө эцэслэн баталж, эцэст нь эрх баригчид л тоглоомын дүрмийг санаандаа нийцүүлснээрээ сэтгэл амар үлдэв.

Өмнөх сонгуулиар хэт олон дүрэм журам зохиосон нь ойлгомж хэрэглээ муутай, доод шатны сонгуулийн хороод заримыг нь санал хураалтын өмнөх өдөр, эсвэл тэр өдрөө хүлээн авсан гэх зэрэг эмх замбараагүй асуудлыг араасаа дагуулж байсан бол энэ удаад үүнээс ч дор дүр зураг төсөөлөгдөх вий.

Аливаа "тоглоомын дүрэм” оролцогч талуудад ойлгомжтой, тэдний аль алийн эрх ашгийг тусгасан байх ёстой атал энэ удаагийн сонгуулийн хууль “ӨӨРЧЛӨЛТИЙГ ШИЙДСЭН" эрх баригчдад л ашигтайгаар батлагдсаныг өнөөдөр жижиг намууд бие даан оролцох боломжгүй буланд шахагдсан байгаагаас илт харагдана. Уг нь сонгуулийн хууль чадварлаг сөрөг хүчинтэй болоход нөлөө үзүүлэх ёстой гэсэн олон улсад хуульчлагдаагүй ч стандарт болсон хэм хэмжээ байдаг. Тэр байтугай сөрөг хүчнийг мохооход чиглэсэн, өөрөөр хэлбэл, тэд парламентад бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадахгүйд хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн байвал тухайн улсад ардчилал бүхлээрээ сул байна гэсэн үг аж.

Энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлт эрх баригчдаас бусдын үзэл бодол, сөрөг хүчний сонгогчдын хэрэгцээ, сонирхлыг үл харгалзсан, “ялагч бүгдийг авах” зарчимд тулгуурласан учраас өнөөдөр жижиг намуудаас гадна бие даан өрсөлдөгчдөд өдий төдий бэрхшээлийг тулгаж байна.

Улс төрийн гуравдагч намуудын гишүүд нэгэнт нам нь өрсөлдөх боломжгүй болсон учраас зарим гишүүд нь бие даан өрсөлдөхөд  хүрсэн нь энэ удаагийн сонгуулийн нэг онцлог болж байгааг бид анзаарч байна. Өмнөх сонгуулиудад ажиглагдаж байгаагүй энэ үзэгдлийн уг шалтгаан нь улс төрийн намуудад сонгогчид итгэл алдарч, бие даагчдын давалгаа үүссэн гэхээс илүүтэй гуравдагч буланд шахагдсантай холбоотой.

Гэтэл өнөөдөр бие даагчдын мөн л “буланд шахах” тактик xуулиар болон хуулиас гадуурх арга зарчмаар өрнөж байна.

Тухайлбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн иргэдийн бүрдүүлэх материалд Нийслэлийн сонгуулийн хороо тун хатуу хандсанаар үүнийг нотлон хэлж болох байх.

НИТХ-ын сонгуульд бие даагчид 501 иргэний дэмжсэн гарын үсгийг бүрдүүлэх ёстой, үүний дор хаяж 10 хувийг сонгуулийн хорооноос 10 хувийг санамсаргүй түүврийн аргаар шалгах ёстой гэж хуульчилсан. Тийм боловч Нийслэлийн сонгуулийн хороо хэт өндөр босго тавьж, дунджаар 30 орчим хувьд нь “шалгалт" хийж, бие даан нэр дэвшихээр мэдүүлэгчдийг бүгдийг нь бичиг баримт бүрдүүлэлтийн зөрчилтэй хэмээн бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн УИХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгчид өөрийг нь дэмжиж буй 801 иргэний гарын үсэг цуглуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлэх эрхийг СЕХ-ноос авах юм. СЕХ-ны баталсан маягтын дагуу өөрийн нэр дэвших тойргийн 801 иргэний гарын үсгийг ердөө долоо хоногийн хугацаанд багтаан, бүрдүүлж дуусгах ёстой. 

Мөн үүний дараа СЕХ 10 хувьд нь санамсаргүй түүврийн судалгаа хийх хуультай. Үнэндээ 801 иргэнд долоо хоногийн хугацаанд хүрч ажиллаж, дэмжлэгийг нэгтгэх гэдэг тоглоом биш. Дөрвөн жилийн турш тойргоо “малласан” гишүүдэд ч амаргүй даваа. Уг нь сонгуулийн хууль нь  иргэдийнхээ сонгох, сонгогдох эрх, төрөө чөлөөт сонголтоороо байгуулах эрхийг баталгаажуулах ёстой ардчиллын тулгуур хуулиудын нэг байлтай.

Тэгвэл өнөөгийн хууль тогтоогчид, эрх баригчид өөрсдийн санаанд нийцүүлэн байн байн өөрчилсөөр эцэст нь цаг хугацааны дарамт, шахалтад оруулж байж баталсан шинэ хууль ардчиллыг бэхжүүлэх амин чухал шаардлагыг хангаж чадаж байна уу?

Зураг
Зураг
13 | 7 | 6 цаг