Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн 53 орны киног Монголдоо үзэх боломж

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 21, 22-нд Тэнгис кино театрт "Golden Reel International Underground Film Festival" болохтой холбогдуулан "Алтан хальс” холбооны гишүүн А.Амармэндтэй товчхон ярилцлаа.

- Юуны өмнө "Алтан хальс" холбооны тухай танилцуулахгүй юу?

- "Алтан хальс" холбоо байгуулагдаад долоон жил болж байна. Харин "Golden Reel International Underground Film Festival"-ыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Олон нийтэд "арт хаус" гэж нэрлэгддэг урлагийн үнэ цэнийг шингээсэн кинонуудыг таниулах, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор залуучууд нэгдэж, "Алтан хальс" холбоог үүсгэсэн.

Эхний ээлжид бид бямба гараг бүрт "арт хаус" кино гаргадаг "Dreamers Day" өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд саяхан долоо дахь өдөрлөг маань болсон байгаа. Харин гурван жилийн өмнөөс эхлэн дараагийн шатны ажил болох "Golden Reel International Underground Film Festival"-ыг зохион байгуулж эхэлсэн

Манай холбооны алсын зорилго нь өөрсдөө кино бүтээх, Монголын гэсэн тодотголтой "арт хаус" кинонуудыг дэмжих, дэлхийн зах зээлд гаргах юм.

- Энэ жилийн "Golden Reel International Underground Film Festival"-ын онцлог юу вэ?

- Энэ жилийн кино наадам маань хоёр том онцлогтой. Нэгдүгээрт, "Underground Film Festival" гэсэн нэрийн дор сүүлийн удаа зохион байгуулж байна. Хоёрдугаарт, Бээжингийн кино академийн багш манай наадмын шүүгчээр ажиллах болсон явдал юм.

Ерөнхийдөө ирэх жилээс "Independent" нэрийн дор наадмаа зохион байгуулах болно. Ингэснээр олон түмэнд илүү нээлттэй, киноны цар хүрээ ч гэсэн өргөжнө.

- Энэ жилийн наадамд хэдэн уран бүтээл өрсөлдсөн бэ?

- Бид бусад орнуудад болдог богино хэмжээний кино наадамтай адилхан үе шаттай зохион байгуулдаг. Тиймдээ ч Монгол төдийгүй, олон улсын залуус кино бүтээлээ ирүүлдэг.

Энэ жил бид 53 орны уран бүтээлчдийн ирүүлсэн 483 бүтээлийг хүлээн авлаа. Бүртгүүлсэн бүтээлийнхээ тоогоор АНУ, Их Британи, Франц улс тэргүүлж байна.

Харин Монгол оролцогчид маань 16 бүтээлийг ирүүлсэн.

Дээрх 483 бүтээлээс урьдчилсан шалгаруулалтаар 50 гаруй уран бүтээлийг сонгосон байгаа. Сонгосон уран бүтээлүүд дотроо уралдаанд оролцох, оролцохгүй гэсэн хоёр төрөлд хуваагдсан. Гэхдээ сонгогдсон бүх кинонууд Тэнгис кино театрт энэ сарын 21, 22-нд үзэгчдийн хүртээл болно.

Тиймээс кинонд дуртай, хайртай залуусыг Тэнгис кино театрт ирж үзээрэй гэж хэлмээр байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. Эцэст нь хэлэхэд, манай холбоо нь кинод дуртай, цаг зав гаргах боломжтой хүссэн хүн бүрт НЭЭЛТТЭЙ гэдгийг хэлмээр байна. Бидэнтэй ЭНД дарж холбогдоорой.

Зураг
10 | 6 | 4 цаг