Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгууль ажиглах ЕАБХАБ-ын эхний баг Монголд ирлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/Ардчилсан институц, хүний эрхийн газрын шинжээчдийн баг УИХ-ын сонгуулийг ажиглахаар Монгол улсад хүрэлцэн ирлээ. 

Тэднийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр хүлээн авч уулзав.

Шинжээчдийн багт 12 улсын 13 мэргэжилтэн орсон байна. Удахгүй тус байгууллагаас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 ажиглагч хүрэлцэн ирж ажиглалт хийх ажээ. 

 


ЕАБХАБ-ын Сонгуулийн ажиглах хороог Элчин сайд  хатагтай Одри Гловер тэргүүлж ажиллана. Тэрбээр 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мөн хороог ахалж байсан юм. 

Тус хороо нь ЕАБХАБ-н мөрддөг парламентын сонгуулийн журам, бусад олон улсын хууль дүрмүүд болоод дотоодын парламентын сонгуулийн тухай хууль тогтоомжуудын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх болно.

Ажиглагчид нь сонгуулийн хорооны ажлын явц, болон сонгуулийн сурталчилгааны үйл явцыг хуулийн дагуу явагдаж байгаа эсэх болон сонгуулийн өдрийн бүх үйл явцыг ажиглах юм байна. Үүний хажуугаар хэвлэл мэдээллүүдэд мониторинг хийнэ.

Сонгуулийг ажиглах явцдаа холбогдох албаны хүмүүс, намуудын төлөөлөл, нэр дэвшигчид, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзана гэдгээ ч мэдэгдлээ. Мөн сонгууль болох өдөр сонгуулийн нээлт, санал өгөх явц, тооллого, үр дүнгийн мэдээллүүд гэх мэт бүх процессийг анхааралтай ажиглах ажээ.

Сонгуулийг ажиглах багийн ажлын ерөнхий дүгнэлт мэдээлэл сонгууль дуусснаас хойш ойролцоогоор хоёр сарын дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүрэх юм байна.

Манай улс энэ нэр хүндтэй байгууллагад 2012 онд элсэн орсноор түүний 57 дахь гишүүн нь болсон гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.