Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхжаргал: Хэлэх үгтэй хийсэн ажилтай ойгоо угтаж байна

Б.Даваахүү
2016 оны 5 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ онд МУБИС-ийн түүхт 65 жилийн ой тохиож буй. Сүүлийн жилүүдэд боловсрол  тэр дундаа багш бэлтгэх салбарт эрчимтэй шинэчлэлтүүдийг хийж буй тус сургууль ойн хүрээнд олон олон бүтээлч ажлуудыг зохион байгуулсаар байгаа билээ. Үүний нэг нь Сургалт судалгааны долоон давхар шинэ төвийн нээлт байсан юм.

Гурван жилийн өмнө шаваа тавьж байсан уг барилга эдүгээ сүндэрлэн босч, оюутнуудаа хүлээн авч эхлээд байна. Тиймээс Сургалт судалгааны төвийн талаар болон 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар МУБИС-ийн захирал, доктор  Д.Мөнхжаргалтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-МУБИС Сургалт судалгаа,  инновацийн шинэ төвийнхөө  нээлтийг хийсэн. Тус төвийн талаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү? 

-Сургалт судалгаа, инноваци, номын сангийн төвийн шинэ барилга ашиглалтад орсон. Манай сургууль БСШУЯ-тай хамтран  санхүүжилтийг нь гаргаж, гурван жилийн өмнө эхлүүлсэн ажил маань үр дүнгээ өгч бид өнөөдөр сургалт судалгааны байртай болоод байна. Төв нээгдсэнээр нэгдүгээрт оюутан багш нар сургалт явуулах, судалгаа хийх орчин бүрдэж байгаа юм.  

Хоёрдугаарт, инновацийн шинэ санаанууд боловсорч, шинэ бүтээл туурвилууд тэнд боловсрох болно. Ингэснээр Монгол Улсын хөгжил цаашлаад дэлхийн улс орны мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгмийн хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Өмнө нь Робокон тэмцээнд манай сургуулиас баг оролцдоггүй байсан бол энэ жил оролцох гэж байгаа. Мөн хөгжмийн тэмцээнд ч оролцох болсон. Сургалтын хэрэглэгдэхүүн техник хэрэгслээ бид өөрсдөө бүтээж байгааг ч энд дурьдах хэрэгтэй болов уу.

Үүнээс гадна сургалтад хэрэглэгдэх иж бүрэн тоног төхөөрөмж, хөгжмийн тоног төхөөрөмж, физик, байгалийн ухаанд хэрэглэдэг моноцүкүри гэх сургалтын багц хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. 

-Номын сангийн орчин их өвөрмөц юм. Тавилгынхаа дизайныг өөрсдөө гаргасан уу?

-Номын сан маань барилгын гурван давхрыг дамнан байрлаж байгаа. Тиймээс орчныг нь зөвхөн ном хадгалдаг газар бус, сургалт судалгааны орчин болгох тал дээр анхаарч бүрдүүлсэн. Тавилга хэрэгслийг нь модоор хийж, багш оюутнуудынхаа хүчээр угсарч тохижууллаа.

Оюутнуудын эрүүл мэндэд тустай үйлчилгээ болсон гэж үзэж байгаа. Мөн инновацийн төвд маань аль хэдийнэ багш оюутнуудын шинэ бүтээл төрөөд эхэлчихсэн гэдгийг дурьдахад таатай байна. Цааш цаашдаа маш олон шинэ судалгаа шинэ санаанууд төрж гарах байх.

-Долоон давхар барилгын гурван давхар нь номын сангийн зориулалтаар ашиглагдах нь ээ? 

-Тийм ээ. Дөрвөн давхар ч гэж ойлгож болно. Учир нь подвалийн давхарт нь номын сангийн фонд байгуулж байгаа.

Ер нь нийт барилгын 50 хувийг нь номын сангийн зориулалтаар ашиглана.

Номын сангийн бүх номнуудаа тэнд байрлуулж, гурван давхраа номын сангийн зориулалтаар ашиглах юм. Ер нь нийт барилгын 50 хувийг нь номын сангийн зориулалтаар ашиглана. Харин үлдсэн хэсгийг нь инноваци, судалгааны зориулалтаар ашиглах юм. 

-Энэ төвд инновацийн шинэ санаа, шинэ бүтээлүүд боловсроод эхэлчихсэн гэлээ. Тухайлбал, юу байна. Та сонирхуулаач?

-Судалгааны их сургууль болж буйтай холбоотойгоор шинэ санаа, судалгаанууд их гарч байна. Цаашдаа инновацийн бүтээгдэхүүн болгох тал руу нь чиглүүлэх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, Химийн тэнхимд янз бүрийн байгалийн гаралтай эрүүл мэндийн бэлдэцүүдийг бэлтгэж, дэлхийн зах зээлд нийлүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна.  

Мөн моноцүкүригийн төвөөрөө дамжуулан сургалтын багц хэрэглэгдэхүүнүүдийг өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн гэдгээ дээр дурьдсан шүү дээ. Гадаадаас экспортлохгүйгээр өөрсдөө хэрэг­лэгдэхүүнээ үйлдвэрлэж, дунд сур­гуулиуддаа багцаар нь өгөх ажлуудыг хийж эхэллээ.

Үүнээс гадна өртөг багатай, цэцэрлэг болон бага сургуулийн сурагчдад хөгжим заахад хэрэглэгдэх хөгжмийн даралт, төгөлдөр хуур гэх мэт бүтээгдэхүүнийг хийж байгаа. Тэгэхээр энэ мэтээр манай сургалт судалгааны төвөөс шинэ бүтээгдэхүүн, шинэ бүтээлүүд төрөх нь дамжиггүй. 

-Энэ төвд мөн музей байгуулна гэж сонссон юм байна?

-Музей гэхээр тусдаа танхимд байгуулах юм байна гэж ойлгож болохгүй. Бидний хувьд Сургалт судалгааны төвийнхөө гуравдугаар давхрын хананд түүхэн зургуудаар музейгээ байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нэг үгээр хэлбэл, номын сангаар үйлчлүүлсэн хэн ч манай сургуулийн 65 жилийн түүхтэй танилцаад гарна гэсэн үг. 

Мөн барилгын дөрөвдүгээр давхарт хэд хэдэн буланг байгуулахаар төлөвлөсөн. Тэдгээр буландаа түүхэн үнэ бүхий зүйлсээ дэлгэж тавих юм. Гадаад хамтын ажиллагаа, бусад хамтын ажиллагаагаа ч тэдгээр булангуудаараа дамжуулан илэрхийлнэ. Одоогоор сайтар тохижуулж амжаагүй байна. Гэхдээ зурагнуудаа байрлуулж, булангаа байгуулаад эхэлчихсэн байгаа. Тусгайлсан музей гэхгүйгээр номын сан маань музейн үүрэг давхар гүйцэтгэх юм. 

-Сургалт судалгааны шинэ төв баригдсан хэсэг өмнө хоосон талбай байсан санагдаж байна. Хоосон зайгаа ашиглаад оюутнууддаа хэрэгцээт төвийг байгуулсан нь маш оновчтой шийдэл болжээ?

-Тийм шүү. Манай сургууль хотын төвд байрлалтай. Энэ утгаараа хажуу талаасаа зай талбайгаа булаалгах, түрэгдэх асуудал гарч байсныг нуугаад яах вэ. Төв маш бага талбайд баригдсан.

Хоосон зай талбайгаа бага гэлтгүй оновчтой ашиглаж энэ барилгаа босголоо. Мөн зай талбайгаа ашиглаад оюутнуудын нээлттэй төвүүдийг байгуулж байгаа. Ингэснээрээ оюутнууд хаана ч очоод хичээл, давтлагаа хамтраад хийчих өөрсдөө бие биенийгээ хөгжүүлдэг тийм л нээлттэй орчныг бүрдүүлэхийг зорьсон. Дэлхий дахины их сургуулиудын баримталдаг чиг хандлага ийм шүү дээ. Үүнийг л баримталж байна. 

-Энэ онд танай сургуулийн 65 жилийн ой тохиож байгаа байх аа?

-Тийм ээ. МУБИС энэ хугацаанд нийтдээ 60-70 мянган боловсон хүчин бэлтгэн гаргасан байдаг юм билээ. Тэд маань салбар бүрт л амжилт гаргаж, монгол түмний бахархал болж байдаг. Энэ амжилтыг бид цааш нь улам өргөжүүлэн хөгжүүлж бадрааж явах учиртай. 

Зөвхөн багш бэлтгэх салбарт бус спорт, урлаг, шинжлэх ухаан гээд бүх л салбарт маш чадварлаг хүний нөөцийг бэлтгэж гаргахын төлөө шинэчлэлийн ажлыг өрнүүлж байгаа. Шинэчлэл  маань ч түүхт 65 жилийн ойтой давхцан хэд хэдэн бүтээлч ажлуудыг амжуулж чадлаа.  Ямартай ч, хэлэх үгтэй хийсэн ажилтай 65 жилийнхээ ойг угтаж байна. 

-МУБИС-ийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт  үе үеийн гавьяатууд, Чингис хааны одонт төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлсэн шүү дээ. Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-МУБИС байгуулагдсаны 65 жилийн ой ирэх есдүгээр сарын 30-ны өдөр тохиож байгаа. Зөвхөн тэр өдөр л ямар нэг тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулна гэж ойлгож болохгүй. Бид ойгоо жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд хамгийн түрүүнд сургуулиасаа төрөн гарсан Ардын багш, Гавьяат багш нартаа хүндэтгэл үзүүлж, тэдэнд сургуулиа танилцуулж, оюутнуудтайгаа уулзуулан сургааль үгийг нь сонсгох үйл ажиллагааг зохион байгууллаа. Монгол Улсад Чингис хааны одонт есхөн хүн байдаг юм билээ. Тэдний хоёр нь болох хөгжмийн зохиолч Б.Шарав, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нар бол  манай сургуулийн төгсөгч. 

Тэднийгээ мөн оюутнуудтайгаа уулзуулж, дурсамж яриа өрнүүлсэн. Үүний дараа үе үеийн төгсөгчдийн  уулзалтыг зохион байгууллаа.  Төгсөгчдийн уулзалт  Бөхийн өргөө, UB паласт болсон.

Манай сургуулийг төгссөн багш, оюутан, бусад салбарт ажиллаж буй  бүхий л  төгсөгчид нэг дор цугларсан.  Цаашид хийж хэрэгжүүлэх гадаад хамтын ажиллагааны төлөвлөсөн ажлууд ч бий. Өнгөрсөн жил МУБИС Буриадын их сургууль, Өвөрмонголын их сургуультай хамтран гурван улсын хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгуулж байсныг санаж байгаа байх. 

Энэ жилийн хувьд ирэх арваннэгдүгээр сард манай сургуулийн оюутнууд Япон улсын их дээд сургуулиудтай хамтран урлагийн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэнг  тус улсын гурван том хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ерөнхийдөө энэ оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарыг дуустал бүтэн жилийн хугацаанд төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа хэрэг. Жилийн турш маш олон бүтээл ажлыг өрнүүлж, ойгоо тэмдэглэж байгаа. 

-Шавийн эрдэм багшаас гэдэг үг бий. Сайн багш л  сайн шавь бэлтгэнэ. Тиймээс ч МУБИС шинэчлэлийн хөтөлбөрийнхөө хүрээнд сайн багш бэлтгэх асуудалд нэлээд анхаарч байгаа? 

-Манайх элсэгчдийн чанарыг сайжруулах нэг том давалгааг оруулж ирсэн гэж хэлж болно. МУБИС 2013 оноос ЭЕШ-д өндөр оноос авсан хүүхдүүдийг сургуульдаа тэтгэлэгтэйгээр элсүүлж эхэлсэн.

Тэд одоо гуравдугаар курст сурч байна. Би саяхан тэдэнтэй уулзаж, зорилго, зорилт мөрөөдлийг нь сонирхсон. 

 МУБИС 2013 оноос ЭЕШ-д өндөр оноос авсан хүүхдүүдийг сургуульдаа тэтгэлэгтэйгээр элсүүлж эхэлсэн. 

Маш том мөрөөдөлтэй байдаг юм билээ. Тэд салбартаа маш том давалгаа болж орж ирж байгаа. Өндөр оноотой хүүхдүүд зөвхөн боловсролын салбарт бус бусад бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж чадахаар тийм  байдал ажиглагдаж байгаа.

Тиймээс бид цааш нь магистрт сургаж, гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхийг зорьж ажиллаж байна. Магистрт сурах хугацаанд нь тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгохоор төлөвлөсөн. Энэ жил гуравдугаар курст байгаа оюутнууд хоёр жилийн дараа магистрын дипломтай төгсөхөд Монголын багшлах хүчний боловсон хүчинд маш том давалгаа орж ирнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байдаг. 

Тэднийг хөгжүүлэхийн тулд шинэ хөтөлбөрийг боловсруулж, түүнийгээ олон улсын хэмжээнд хүргэх болно. МУБИС Үндэсний их сургууль. Тиймээс Япон, Солонгос, Хонг Конг, Финланд зэрэг орнуудын Үндэсний багш бэлтгэх сургуулиудын төвшинд хүрэх зорилт тавьж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа.

Тэдгээр сургуулиудын сайн талаас нь суралцаж, сургалтын үйл ажиллагаагаа явуулбал бид чанартай багшийг бэлтгэж чадна. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэл, дадлагын шинэчлэл, элсэлтийн шинэчлэлээ уялдаа холбоотойгоор хэрэгжүүлж, боловсролын салбарт шинэ давалгааг оруулж ирснээр улсынхаа хөгжилд маш том хувь нэмрийг оруулах болно.

Зураг