Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

С.Оюунтуяа: Хуульд өөрчлөлт оруулснаар сонгогчид хохирч байна

Б.Даваатогтох, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 23
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа. Тэрбээр “Дэлхийн бусад орон сонгуулийн санхүүжилт ийг хязгаарлахаас илүүтэйгээр нээлттэй ил тoд болон хариуцлагын механизмыг нь хуульчилсан багтдаг. Сонгуульд хэдэн төгрөг зарцуулах нь тухайн нэр дэвшигчийн хэрэг.

Харин заавал тайлан тавих хэрэгтэй хэмээн үздэг. Ингэхдээ сонгуулийн санал хураалт болохоос өмнө тайлангаа авч олон нийтэд зарладаг. Сонгогчид нэр дэвшигчийн санхүүжилтийн тайлантай танилцаад хаанаас ямар санхүүжилт авсан буюу ямар эрх ашиг байгаад дүгнэлт хийж, саналаа өгдөг жишиг бий ” гэсэн байр суурийг илэрхийллээ.

-2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход cap гаруй хугацаа үлдлээ. Сонгогчдын санал өгөх идэвх ямар байгаа вэ. Энэ чиглэлд судалгаа хийсэн үү?

-Сонгуульд оролцох иргэдийн идэвх буурч байгааг өнгөрсөн зургаан удаагийн сонгуулийн ирцээс харж болно.

Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тухайлбал, сонгогчдын боловсролтой холбон тайлбарлаж болно. 

2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэсэн урьдчилсан таамаг байна.

Гэхдээ Монгол Улсын сонгуулийн ирц дэлхийн бусад оронтой харьцуулахад өндөр.

Өөрөөр хэлбэл, дэлхийн бусад улс ч сонгогчдын санал өгөх идэвхийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч, тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Харин 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэсэн урьдчилсан таамаг байна.

-Энэхүү таамгийг ямар хүчин зүйлд тулгуурлан гаргасан бэ?

-Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллагын судалгааны дүнд түшиглэн дээрх таамгийг гаргасан. Сонгогчдын хувьд нийгэмд тулгараад буй саад бэрхшээл, хүндрэлийг даван туулах болон шийдэх арга зам нь сонгуульд оролцох хэмээн ойлгож байх шиг байна.

Тиймээс судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь ирэх сонгуульд оролцож, саналаа өгнө хэмээн хариулсан болов уу. Гэхдээ эцсийн үр дүн зургадугаар сарын 29 буюу санал авахад л гарна.

Сонгогчдын боловсрол төвөөс залуучуудын сонгуульд оролцох идэвхийг нэмэгдүүлэхээр олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Учир нь сонгуулийн насны иргэдийн дийлэнх буюу 70 гаруй хувийг залуучууд эзэлдэг.

Тиймээс идэвхийг нь нэмэгдүүлэхийн тулд цахим ертөнцөд тулгуурлан олон арга хэмжээ өрнүүлж байгаа. 45-аас дээш насныхан сонгуульд идэвхтэй оролцдог. Харин 18-25 насныхны сонгуульд оролцох идэвх тааруу байдаг.

-Залуучуудын сонгуульд оролцох идэвх буурч байгаа үндсэн шалтгаан нь юу бэ?

-Судалгаа хийсэн. Эндээс харахад сонгуульд оролцохгүй байгаа залуучуудын дийлэнх нь “Миний санал юуг ч өөрчилж чадахгүй” хэмээн үздэг. Гэтэл дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм гэдэг ардын мэргэн үгийн адилаар олон мянган иргэний санал нэгдэж байж, УИХ бүрддэг шүү дээ.

Мөн хэнийг ч сонгосон өнөөгийн нөхцөл байдал дээрдэхгүй хэмээн үздэг хүн цөөнгүй байна. Үүнээс гадна дэмжих улс төрийн нам, эвсэл болон улстөрчид байхгүй байна хэмээн үзэж, сонгуульд оролцдоггүй.

Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, эвсэл болон улстөрчдөд итгэх иргэдийн итгэл буурч байгаатай холбоотой. Тэдний хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон гаргаж буй үйлдэл нь олон нийтэд таалагдахгүй байна гэсэн үг.

-Энэ удаагийн парламент сонгууль болохоос ердөө хоёр сарын өмнө хуульд өөрчлөлт оруулсан нь парламентын түүхэнд анхны тохиолдол болж байна. Сонгууль дөхсөн үед хуульд өөрчлөлт орох нь олон сөрөг үр дагавартай хэмээн судлаачид дүгнэдэг. Сонгогчдын хувьд ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?

-Тийм ээ. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон нь сонгогчдын хувьд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Сонгуулийн санал хураалт болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулиар оролдохыг хорьсон заалт бол сонгогчдод зориулагдсан. 

Нэгдүгээрт, зургаан сарын хугацаанд сонгогчид хуультайгаа бүрэн танилцана. Хоёрдугаарт, сонгуульд өрсөлдөж буй улс төрийн хүчин болон нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, шийдвэр гаргахад дөхөм болно. 

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон нь сонгогчдын хувьд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. 

Мөн өмнөх сонгуулиар сонгосон төрийн түшээгийн мөрийн хөтөлбөрт Хуульд өөрчлөлт оруулснаар тойрог нь жижгэрч, өрсөлдөх намуудын тоо нь цөөрсөн дүгнэлт хийж, үнэлэлт өгнө. Нөгөөтэйгүүр, Сонгуулийн тухай хууль ашиг сонирхол өндөртэй байдаг. 

Товчхондоо, улстөрчид өөрсдийгөө дахин сонгогдох, эсэхийг “шийдэж” байгаа хэрэг. Тиймээс элдэв улстөржсөн санаанд автуулахгүйн үүднээс санал хураалт болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрэхийг хориглосон юм. Магадгүй хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүдэд ашигтай тусаж байхыг үгүйсгэхгүй. Тойрог нь жижгэрч, өрсөлдөх улс төрийн намуудын тоо нь цөөрсөн.

-Гэхдээ энэхүү сонгуулийн тогтолцоог Монгол Улс өмнөх таван удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд ашигласан шүү дээ?

-Ингэж тайлбарлаж болно. Гэхдээ үүнээс хойш олон жил болсон. Мөн өнгөрсөн сонгуульд шинэ тогтолцоог ашигласан шүү дээ. Тиймээс хуучин тогтолцоо учир сонгогчдод сөрөг нөлөөгүй хэмээн тайлбарлах нь зохимжгүй хэрэг.

-Манай улсын сонгогчдын боловсрол дэлхийн бусад оронтой харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

-Энэ талаар нарийн тооцоо судалгаа хийгээгүй. Тиймээс Монгол Улсын сонгогчдын боловсролыг бусад оронтой харьцуулах боломжгүй юм. Гэхдээ сонгогчдын боловсролын түвшин ахиагүй гэдэгт бүгд санал нэгдэж байгаа. Сонгогчдын боловсролын түвшин ахихгүй байна гээд яриад суух нь бас зохимжгүй.

Тиймээс төр, засаг нь санаачилгатай байж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Дэлхийн бусад оронд төр, засаг нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг. 

Тухайлбал, Герман улсад сонгогчдын боловсролыг боловсролын салбарын салшгүй нэг хэсэг хэмээн үздэг. Тус улсын Боловсролын яамны харьяа Улс төрийн боловсролын институци үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхийн II дайныг дахин төрүүлэхгүйн тулд ард түмнийхээ улс төрийн боловсролд ихээхэн анхаардаг талаар тайлбарлаж байсан.

Гэтэл Монгол Улсад дунд сургуулийн хоёрхон цагийн хичээлээс өөр ард түмнийхээ улс төрийн боловсролд анхаарч байгаа зүйл алга.

-Сонгогчдын боловсрол тааруу байгаа нь мөнгөний сонгууль болоход хүргэдэг хэмээн тайлбарладаг шүү дээ. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Улс төрийн нам, эвсэл болон улстөрчид сонгогчдын саналыг худалдан авч байгаа нь худалдагдсан парламентыг бүрдүүлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн луйврын үр дүнд бий болсон парламент.

Сонгуульд хэдэн төгрөг зарцуулах нь тухайн нэр дэвшигчийн хэрэг. 

Тиймээс иргэд сонгогчид худалдагдсан парламентаас сайн сайхан бүхнийг хүлээх нь зохимжгүй хэрэг. Хөгжил цэцэглэлт болон иргэдийн амьдрал дээшлэхийг хүлээх хэрэггүй гэсэн үг.

-Мөнгөний сонгууль болохоос сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Манай улс сонгуулийн санхүүжилтэд хуулиараа хязгаар тавьдаг. Гэтэл дэлхийн бусад орон сонгуулийн санхүүжилтэд хязгаар тавихаас татгалзаж байна. Аливаа зүйлийг хязгаарлах тусам түүнийг тойрч гарах боломж нэмэгддэг талтай. Тэр утгаараа сонгуулийн санхүүжилтэд хязгаар тавих нь тийм сайн арга биш байх.

Бусад орон сонгуулийн санхүүжилтийг хязгаарлахаас илүүтэйгээр нээлттэй ил тод болон хариуцлагын механизмыг нь хуульчилсан байдаг.

Сонгуульд хэдэн төгрөг зарцуулах нь тухайн нэр дэвшигчийн хэрэг. Харин заавал тайлан тавих хэрэгтэй хэмээн үздэг. Ингэхдээ сонгуулийн санал хураалт болохоос өмнө тайлангаа авч олон нийтэд зарладаг.

Сонгогчид нэр дэвшигчийн санхүүжилтийн тайлантай танилцаад хаанаас ямар санхүүжилт авсан буюу ямар эрх ашиг байгаад дүгнэлт хийж, саналаа өгдөг жишиг бий. Тиймээс Монгол Улс энэхүү жишгээс бас суралцах хэрэгтэй. Гэтэл манай улс сонгуулийн дараа нам, эвсэл болон нэр дэвшигчийн санхүүжилтийн тайланг авч, цахим хуудаснаа байршуулдаг л тогтолцоотой байна.

Зураг
Зураг
16 | 4 | 2 цаг