Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цай Ин-вэн Тайваний анхны ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ боллоо

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн нэгдүгээр сард түүхэн ялалт байгуулсан Цай Ин-вэн өнөөдөр буюу Баасан гарагт тангараг өргөж Тайваний ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор томилогдлоо.

Ингэснээр Бээжингийн нөлөөг бууруулж, тус арлыг илүү тусгаар тогтносон болгох чиглэлд том ахиц гарлаа.

59 настай хуульч, Ардчилсан Дэвшилтэт Намын тэргүүн Цай Ин-вэн Куоминтаны Намын ерөнхийлөгч Ма Ин-жоуг өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм.

Ма Ин-жоу нь Тайваний ерөнхийлөгчөөр өнөөдрийг хүртэл ажиллаж байсан ба хуулийн дагуу хоёр дахь бүрэн эрхээ эдлэх боломжтой байв.

Бээжинтэй найрсаг харилцаатай Ма ялагдан тусгаар тогтнолыг дэмжигч ерөнхийлөгчтэй болсон нь Өмнөд Хятадын тэнгист Хятадтай сөргөлдөж байгаа АНУ-д стратегийн чухал ялалт болж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Вашингтон Тайваньд $1.83 тэрбумын зэвсэг нийлүүлэхээр болсон нь Бээжингийн уур хилэнг бадраасан юм.

Шинэ ерөнхийлөгч Цай эдийн засгаа Хятадаас хамааралгүй болгох, “Өмнө зүгт харах” (Зүүн, Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн) эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, Тайваний хөрөнгө оруулалт, бизнесүүдийг Хятадаас Тайвань руу буцахыг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлэхээ амлаад байгаа.

Гэвч судлаачид Тайваний эдийн засаг 1990-ээд оных шигээ хүчтэй биш байгаа энэ үед Цайгийн бодлого маш их эрсдэлтэй гэж дүгнэцгээж байгаа юм.

Үнэндээ 2006 онд Хятадын ДНБ-ий хэмжээ Тайванийхаас зургаа дахин том байсан бол өнөөдөр 20 дахин том болж Хятадын 32 мужийн зургаагийнх нь ДНБ Тайванийхаас том болоод байна.

Тиймээс шинэ ерөнхийлөгч Цай Ин-вэнийг маш олон сорилт, хийх ажлууд хүлээж байгаа юм.

 

Эх сурвалж: Time.Com