Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

""Монгол цэргийн жавхаа" уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 28-нд "Монгол цэргийн жавхаа-2016" Чингисийн талбайд болохтой холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер Дэд хурандаа Т.Мөнхбаяртай товчхон ярилцлаа.

- "Монгол цэргийн жавхаа-2016" уралдааны энэ жилийн онцлог юу вэ?

- "Монгол цэргийн жавхаа-2016" уралдаан нь энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Жил бүр өөрийн гэсэн онцлогтой зохион байгуулагддаг.

Тус уралдааны зорилго нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаал ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг Нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх юм.

Энэ жилийн хувьд эрүүл мэндийн чиглэл рүү анхаарч, эрүүл мэнд, тохижилт нь хэр сайн байгаа эсэхийг шалгаж байгаа. Ингэснээр цэргийн байгууллагууд маань эмнэлэг шинээр байгуулах, засан тохижуулах, эмнэлгийн үйлчилгээнд илүү анхаарч эхэлсэн.  

 

- Энэ сарын 28-нд тус тэмцээний эцсийн шалгаруулалт нь болно. Энэ өдрийн хөтөлбөрийн талаар ярихгүй юу?

- Энэ жилийн уралдаанд Улаанбаатар хотын 31 цэргийн анги оролцсон. Үүнээс эцсийн шалгаруулалтад есөн анги шалгарч үлдсэн.

Бид тавдугаар сарын 28-ны өдрийг "Иргэн цэргийн бахархалын өдөр" хэмээн нэрлэж, дөрөв дахь жилдээ тус өдөрт зориулан арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Тус өдрийн үеэр уралдаанд шалгарсан есөн ангийн дуутай жагсаал, цэргийн жагсаалын үзүүлэх тоглолтыг үзэж, шилдэг ангиудыг шалгаруулах болно.

Түүнчлэн хүн бүрийн хайртай цэрэг, эх орны тухай олон дуутай мөн бүх гишүүд нь цэргийн алба хаасан Хурд хамтлаг нь "Монгол Улсынхаа төлөө зүтгэе" тоглолт хийх болно. Мөн ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч зэвсэгт техникийн үзэсгэлэн гаргана.

Тиймээс энэ сарын 28-нд Чингисийн талбайд ирж, цэргийн алба хааж буй дүү, хүү, найзаараа бахархахаас гадна эр цэрэг, эх орноороо бахархаж нэг өдрийг өнгөрүүлээрэй.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа

- Баярлалаа.